Эрэлт 100 хувь, нийлүүлэлт 1 хувь

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Эрэлт 100 хувь, нийлүүлэлт 1 хувь

Хүүхдийн баяр нэг зүйлийг дахин сануулав. Хүүхэд залуусын амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар хангалтгүй болсныг. Хэрэв эдийн засгийн хүснэгтэд оруулж харвал хүүхдүүдийн чөлөөт цагаа хөгжилтэй, зөв боловсон өнгөрөөх гэсэн эрэлт нь 100 хувьтай, харин үүнийг хангах нийлүүлэлт 1 хувьд байгаагаар гарч ирэхээр болж.

Өнгөрсөн баяраар хүүхдүүдээ дагуулсан олон эцэг эхийн толгойд “хаачих вэ” гэдэг ганц бодол байсан гэхэд хилсдэхгүй. Арай үзэж харах юмтай байх гэж бодож зүглэсэн газар нь Сүхбаатарын талбай. Гэвч энэ өдөр талбай Нарантуул захтай ялгагдах зүйлгүй байв. Ганц өдрийн ч насгүй хятад тоглоом, хэврэг шаар, хир болсон чихмэлүүд газраар нэг. Бөөрөнхий скочон бөмбөгөөр будагны лааз унагах наадгай. Юуны талаар дуулаад, яриад байгааг нь сонсогдохгүй царгисан чимээ гаргагч өсгөгч байрлуулсан жижиг индрүүд энд тэнд. Нүүрэн дээр усан будгаар зурах жаалууд. Хөөсөнцрөн хайрцганд хийсэн “автор тодорхойгүй хоолнууд”. Төмөр нь түчигнэсэн актлагдсан тоглоомон машин. Дугаараа хүлээсэн жаалууд. Төөрсөн хүүхэд, ядарсан охид, үзэх юм хайсан өлөн нүдтэй ээж аавууд. Ингээд л гүйцээ. Өөр үзэж харах, баясаад байх зүйл даанч үгүй. Хүүхдийн парк, үзвэрийн газрууд нь чадлынхаа хэрээр ажиллах хэдий ч ачааллаа дийлэхгүй.

Энэ бүхэн ганцхан өдрийн асуудал байсан бол шүүмжлэлгүй өнгөрч болох. Гэвч ганц өдөрт биш өдөр бүхэн хүүхэд багачууд баяртай хөөртэй, очиж тоглох газар, үзэх зүйлтэй байх ёстой учир яавч дуугүй өнгөрч боломгүй мэт. Үүнийг асуудал гэж харахаас илүүтэй зах зээл гэж яагаад харж чадахгүй байна, манай бизнесмэнүүд. Угтаа бол зургадугаар сарын 1-нд энэ олон аав ээжүүдийн халаасандах мөнгийг үрчих зүйл даанч байсангүй. Хүмүүс хүмүүсийнхээ царайг нэг харж, талбайг гороолоод л өнгөрсөн. Эрэлт ихэсдэг энэ үеийг бизнесийнхэн хугацаа нь дуусах дөхсөн бараагаа бэлэгний уутанд бөөгнүүлж зарах боломж гэдгээс илүүтэйгээр харахыг даанч хүсэхгүй нь. Хүүхдүүдийг баясгах зүйл байвал төлөхөд бэлэн олон хүн бий. Эрэлт 100 хувь, нийлүүлэлт нэг хувьтай хэвээрээ л байна. Үүнийг өөрчлөхгүй гэж үү?

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж