Одоогоос хоёр жилийн өмнө зарим дулааны шугамыг шинэчилж, их засвар хийжээ. Үүний үр дүнд ослууд харьцангуй багассан гэх. Гэхдээ засвар, шинэчлэлт огт хийгээгүй маш олон дулааны шугам байгаа учраас жил болгон урсгал засвар хийдэг ажээ. “Шугам хагарлаа, осол гарлаа гэсэн дуудлага өнгөрсөн гурван жилийн хугацаанд гарсангүй. Өвөл гэмтэл гаргахгүй байх, хэрэглэгчдийн тохьтой тухай байлгахын тулд л зуны цагт хэсэгчилж зогсолт хийж, засвар шинэчлэлтийг хийж байгаа юм” гэж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны шуурхай зохицуулалт горим тохируулгын албаны ахлах мэргэжилтэн н.Дорждэрэм ярьж байв.
Улаанбаатар хотод нийтдээ 300 гаруй км дулааны шугам байдаг гэсэн судалгаа бий. Өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд 20 хувьд нь л шинэчлэлт хийсэн байна. Үлдсэн 80 хувь нь ямар байгаа вэ гэж уншигч та гайхаж магадгүй. Тэгвэл таны сэтгэлийг гонсойлгох нэг мэдээ байна. Үлдсэн 80 гаруй хувь нь ашиглалтын хугацаа дууссан бөгөөд хэзээ мөдгүй эвдрэхээ хүлээж байгаа гэж ойлгож болно. Тиймээс нэн даруй дулааны шугамуудыг шинэчлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд сануулж байв. “Нэн даруй л засч шинэчлэх хэрэгтэй. Ашиглалтын хугацаа дууссан учраас л хэрэгчлэгчдийг бухимдуулан байж зуны гурван сард засвараа хийдэг. Жил болгон л засаад болоод байдаг гэж ойлгож болохгүй. Олн жил ингэж торгоож угаасаа чадахгүй” гэж н.Дорждэрэм ярив.
Дулааны шугамыг засахын тавдугаар сарын 15-наас халуун усыг хэсэгчлэн тасалж эхэлсэн. Наймдугаар сарын сүүлч хүртэл хэсэгчилсэн таслалт “үргэлжилнэ”. Энэ хүртэл мэргэжлийнхний хэллэгээр бол нийтдээ 10 удаагийн зогсолт хийх буюу энгийн бидний мэддэгээр бол 10 газар хэсэгчлэн ус тасална. Эхний хоёр зогсолтын ажил бүрэн дууссан бөгөөд гурав дахь зогсолт өнгөрөгч пүрэв гаригт дууссан байна. “Нийт хийж гүйцэтгэх ажлын 25 гаруй хувь нь дуусчихсан байгаа гэж ойлгож болно” гэж н.Дорждэрэм ярьж байсан юм. Энэ зун л гэхэд дулааны шугамыг шинэчлэх ажилд 3,9 тэрбум төгрөг зарцуулж байгаа ажээ. Жил болгон иймэрхүү хэмжээний хөрөнгийг зарцуулдаг болохыг албаны хүмүүс хэлж байсан юм.
Биднийг энд хиртэйгээ хутгалдаж суутал гадны улс орнуудад хэрэглээний халуун усыг хязгаарлах тухай өнгөрсөн зууны дунд үед л мартжээ. Нэг бодлын гоё ч юм шиг. Учир нь тэнд дулааны хоолойг тусгай материалаар хийдэг бөгөөд 70-80 жилийн турш урсгал засвар бараг ордоггүй гэж хэлж болно. Гарсан ч тэд тусгаа тохиргоогоор хоолойг засах ажлыг гаднаас нь тусгай программын дагуу хийдэг ажээ. Япон улс дулааны шугамын газар доорх асар том байгууламжтай дэлхийг тэргүүлдэг орнуудын нэг. Тэнд шугамаа тусгай материалаар хийдэг бөгөөд сар бүр хяналт шинжилгээний ажлыг хийж байдаг. Тиймдээ ч сүүлийн 30 жилийн дотор ямар нэгэн засвар ороогүй гэж ойлгож болно.
Зун бүр хийсэн засваруудад та тэр бүр санаа зовоод байх учиргүй. Учир нь тухайн өвөлдөө л гэмтэлд орохоос сэргийлэн, урсгал засварыг хийж байгаа. Гэхдээ хэдэн жилийн дараа иймэрхүү үгэнд итгэх аргагүй болно. Тэртээ тэргүй ашиглалтын хугацаа нь хэтэрсэн дулааны шугам, хэзээ мөдгүй эвдрэхийг үгүйсгэхгүй. Үүнээс сэргийлж чадах ганц зүйл нь дулааны шугамыг тэр чигээр нь шинэчлэх. Гэхдээ энэ ажлыг хурдан хугацаанд хийчих ажил биш гэж мэргэжилтнүүд нь хэлж байна. “Дулааны шугамыг тэр чигээр нь солино гэдэг бол томоохон бүтээн байгуулалт. Үүнд цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө зарцуулагдана. Тийм учраас нэн даруй энэ ажлыг эхлүүлэх ёстой” гэж “УБДС” ТӨХК-ний шуурхай шуурхай зохицуулалт горим тохируулгын албаны ахлах мэргэжилтэн н.Дорждэрэм ярьсан юм.
Ямар ч байсан энэ жил 3,9 тэрбум төгрөгөөр засварын ажлыг хийж байна. Гэсэн ч дулааны шугамыг шинэчлэхгүй бол ойрын хэдэн жилдээ зун халуун усгүй байх хувь заяа хэвээрээ л байх болно. За та одоо ваннын өрөө рүүгээ хүйтэн шүршүүртээ орохоор яв даа. Ирэх жил ч мөн адил ийм л байх биз.