
II Елизавета хаан ширээнд суусны 60 жилийн “очир алмазан ой”-г Их Британид тэмдэглэж байна. Энэхүү ойн эхний өдөр Британийн хатан хаан өөрийн дуртай Эпсомын морин уралдааныг үзэв. “Бурхан минь, хатан хааныг минь хайрла” гэсэн 100 мянган британичуудын дуулал дор ёслолын цуваа ногоон талбайгаар өнгөрч шинэхэн “Бентл”-ийн цонхоор Елизавета ба түүний нөхөр Эдинбургийн герцог хоёр цугларсан олонд даллан мэндчилэв.
Британичууд “очир алмаз”-ын дөрвөн өдрийг тэмдэглэнэ. Ням гаригт хатан хаан гэр бүлийнхээ хамт алтадмал хөлөг онгоцоор Темза голоор зугаалахад мянган завь, хөлгийн флот дагалдав. Энэхүү нүсэр флотын цувааг Гиннессийн дээд амжилтын номонд бичигдэхээр бэлджээ. 1000 гаруй хөлөг онгоцыг хатан хааны ойд зориулан засварласан “Сприт Чартуэль” гэх хөлөг онгоцтой хатан хаан толгойлон явсан юм. Зургаан цаг үргэлжилсэн уг ёслолын ажиллагаанд 20 мянган хүн хүн оролцож, 1,2 сая хүн ёслолыг үзэж сонирхжээ. Даваа гаригт Букингемийн ордны дэргэд том концерт тоглов. Эдгээр баярын арга хэмжээнүүдэд зургаан сая гаруй хүн оролцоно гэсэн тооцоо бий. Улсын сангаас энэ ойд 800 сая фунт зарцуулж байна. Их Британи үндэсний далбаа болон баярын гоёлд живэн дэлгүүрийн цонхууд “юнион-жэк” ба хатан хааны зургаар дүүрэн байна.

II Елизаветагийн титэмлэх ёслол Лондоны Вестминстерийн их шавийн хошуунд 1953 онд болсон бөгөөд тэрээр хаан ширээнд суухдаа дөнгөж 26 настай байв. Одоо хатан хаан 86 настай, британи хаадын хамгийн ахмад настай нь болж байна.
Британийн депутатууд Биг-Бен гэж нэрлэдэг Цагт цамхгийг шинээр нэрлэхийг дэмжлээ. Вестминстерийн ордны цуутай цамхгийг II Елизаветагийн нэрэмжит болгохыг парламентын доод танхмын ихэнх гишүүн дэмжжээ. Консерватор депутат Тобиас Элвудын (Tobias Ellwood) гаргасан саналыг Гадаад хэргийн экс сайд Жек Стро, Малколм Рифкинд нарын нэртэй улстөрчид дэмжжээ. Танхимын гурван том намын лидерүүд үүнийг бас дэмжив.

Эцсийн шийдвэрийг Доод танхмын хороо зургадугаар сарын сүүлчээр гаргах юм. Депутатуудын ихэнх дэмжиж байгаа учраас шийдвэр нааштай гарах нь тодорхой.