Улаанбаатарт гэлтгүй хөдөө орон нутагт барилгын ажил ид оволзож байна. Үүнийг дагаад барилгын тусгай зөвшөөрлийн бизнес ч ид цэцэглэж байна. Ялангуяа Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрөөс бүх санхүүжилтийг нь хариуцаж, барилга бариулах асуудал хүчтэй яригдаж байгаа нь барилгын тусгай зөвшөөрлийн бизнес эрхэлж, чамгүй хөлжих гэсэн хүмүүсийн шуналыг өдөөж эхэлсэн бололтой, барилгын тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөж буй хүмүүсийн тоо сүүлийн нэг жилийн дотор цөөнгүй нэмэгдсэн гэнэ. Барилгын тусгай зөвшөөрөлтэй 3000 орчим аж ахуйн нэгж байдгаас ердөө 600 орчим нь үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тоог Зам тээвэр барилга, хот байгуулалтын яамны мэргэжилтэн хэлсэн.
Нэг хэсэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бизнес зах замбараагаа алдаж, төрийн агентлагийн тамгатай алгын чинээхэн цаасыг дэлхийн улс гүрнийг дамжуулан худалдаж, чамгүй мөнгө халаасалсан нөхдүүдийн балгийг өдгөө ч уул уурхайнхан амссаар байгаа. Ямар сайндаа энэхүү тусгай зөвшөөрлийн бизнесийг хязгаарлахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг шинээр олгохыг хориглох хуулийн төсөл хүртэл санаачлах билээ.
Яг үүнтэй адилхан үйл явдал барилгын салбарт өрнөж байна. Хэн дуртай нь барилгын тусгай зөвшөөрөл олж аваад хэн дуртайдаа зарж, хэсэг хүмүүсийг гарт орсон барилгын тусгай зөвшөөрлийн асуудал бизнес болтлоо цэцэглэх болоод байгааг ч Барилгын зөвлөгөө мэдээллийн төвийн захирал Г.Батсүх дуулгасан.
Барилгын тусгай зөвшөөрлийг авахад Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Монголын барилгачдын холбоо, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар гээд нийтдээ 54 байгууллагын гарын үсэг шаардлагатай ч танилтай бол хүүхдийн зуслангийн эрхийн бичиг олж авахаас амархан болсон гэнэ лээ. Өмнө нь 118 хүний гарын үсгийн зөвшөөрлөөр, нэг ч төгрөгийн төлбөргүй олгодог байсан барилгын тусгай зөвшөөрлийг Улсын тэмдэгтийн тухай шинэ хуулийн дагуу 2,5 сая төгрөгөөр олгодог болсон ч тусгай зөвшөөрлийг наймцаалцах явдал харин ч бүр эрчимжсэн нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас барилгын зөвшөөрөлтэй компаниудад тодорхой хөнгөлөлт, урамшуулал өгөх, бодлогоор дэмжихээр болсонтой холбоотой гэх. Барилгын тусгай зөвшөөрөл яаж ийгээд танил талаараа дамжуулан авсан тохиолдолд барилга барьдаггүй юмаа гэхэд дор хаяж 20 сая төгрөгөөр зарчихна. Гэтэл барилгын зөвшөөрлийг авахын тулд наад зах нь мэргэжлийн өрлөгчин, шаварчин, гагнуурчинтай, хөдөлмөр хамгааллын инженер, мэргэжлийн техникчтэй дээрээс нь аудитын газраар шалгуулсан байх шаардлага тавигддаг ч 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй барилгын улсын комиссынхон үүнийг нэг их анзаарч үздэггүй нь илт. Тиймдээ ч ямар ч ажилтангүй компанид тусгай зөвшөөрөл олгочихдог бололтой, зар тавьсан нөхөр “манайх компани ямарч ажилчин, техникгүй, зүгээр л барилга барихыг зөвшөөрсөн эрхийн бичиг зарж байгаа юм” гэсэн тайлбар тавьж байх вэ дээ.
Монголд болсон болоогүй чанаргүй барилгууд олширч, хөдөлмөр хамгааллын стандартыг баримтлаагүйгээс барилгаас унаж нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах явдал сүүлийн жилүүдэд цөөнгүй гараад байгаа ч Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан анхааруулдаг. Магадгүй чанаргүй барилгуудын дийлэнх нь мөнөөх тусгай зөвшөөрлийн наймаанаас эхлэлтэй байхыг үгүйсгэхгүй. Баригдаад удаагүй хана, туурга нь нурчихдаг, дээврээс нь ус гоождог, цахилгаан шат нь эвдэрхий гээд шинээр баригдсан барилгатай холбоотой гомдол ердөө ч тасардаггүй.
Барилгын тусгай зөвшөөрлийг Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны болон Монголын барилгачдын холбоо, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн улсын комисс олгодог гэнэ. Нэгэн барилгын ажилтны ярьснаар дээрх гурван газарт гол нөлөөлөх хүнтэй бол барилгын тусгай зөвшөөрлийг амархан авчихдаг юм байна. Барилгынхаа компанийн нэрийг чихэнд нь шивнэчихэд л болчихдог юм биш үү.
Аливаа хууль бус бизнесийн ард авлига, хээл хахууль нуугддаг. Тиймээс барилгын компаниудын барилгын ажил явуулахад бүрдүүлэх зөвшөөрлийн бичгийн эрхийг төрийн бус мэргэжлийн байгууллагад өгөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг аж. Хэрвээ уг эрхийг мэргэжлийн байгууллага олговол төрийн албан тушаалтнуудын хүнд суртал, авлигын асуудал хумигдахын хэрээр барилгын чанар сайжирна гэж барилгын салбарынхан үзэж байгаа юм. Хүний авулгүй амьдрах орчин бүрдүүлдэг гэдэг утгаараа, хүн амь настай холбоотой гэдгээрээ ч хууль бус барилгын тусгай зөвшөөрлийн бизнесийг цэгцлэх шаардлагатай болжээ.