Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Энэ удаагийн хувьд ч өмнөх сонгуулиудад нийслэлийн тойргууд тулааны хамгийн халуун талбар байсаар ирсэн, цаашдаа тийм байх биз. Үүнийг зөвхөн өнгөрсөн 2008 оны сонгуулиар Баянзүрх, Налайх дүүрэгт 34 өрсөлдөгч тоосоо хадааж байснаас харж болно. Зарим нэг намууд нэр дэвшүүлэхийн тулд л бүх тойрог дээр мандатын тоогоор нэр өрчихдөг хэрэг биш шүү. Хуучнаар МАХН одоогийн МАН, Ардчилсан намын баараагүй ялалт байгуулна гэсэн луухагаруудаас гадна Ж.Батзандан, хатагтай Г.Баасан нарын тэмцэгчид, өнөөдөр цорын ганц бие даагч хэмээн гялалзаж яваа сэтгүүлч З.Алтай гээд гал манан хадаам нэр дэвшигчид жагссан тойрог. Орон сууцны гэрийн ч хороололтой бүр нийслэлийн дагуул гэмээр дүүрэгтэй, баянзүрх уулаар нэрлэгддэгээрээ аархаж, "Нэг зүрх-Баянзүрх” энэ тэр гэсэн уриа дуулиан ч хадааж чаддаг энэ дүүргийн сонголтуудыг харахад үнэхээр сонин.

Зарим тойргуудыг уламжлал ёсоор шууд л “улаан”, “цэнхэр” гээд ангилчихаж болохоор. Харин Баянзүрхийнхнийг томьёолоход туйлын хэцүү. 1996 оны сонгуулиар тэд дөрвөн ардчилагчийг парламентад илгээж. Ардчилсан холбоо эвслийн өөрөөр хэлбэл, Ардчилсан хүчнийхний цорын ганц олонх болсон парламентад баянзүрхчүүд Х.Хулан, Ц.Төмөртогоо, С.Болдхэт, харин МАН-аас Т.Очирхүүг илгээж байсан эдүгээ бараг түүхэн домог мэт сонсогдохоор болсон байгаа биз, 16-хан жилийн өмнө гэхэд. Харин дараагийн сонгуульд тэс эсрэгээрээ эргэж МАН-ын хуучнаар МАХН-ын Т.Ганди, Р.Амарсайхан, Р.Гаваа, Х.Балсандорж нарыг хөтлөлцүүлэн парламент руу илгээв. Угаасаа ч энэ сонгуулиар Ардчилсан нам “үсгүй” арчуулах шахаж, бие даан нэр дэвшсэн Л.Гүндалайг тойглож байж, хоёр суудалтай болж байсан билээ. Харин дараагийн буюу 2004 оны сонгуульд улаан, цэнхэр хоёрыг яг тэнцүүлээд сонгочихсон байх юм, МАН /хуучнаар МАХН/-аас Т.Ганди, Ж.Гүррагчаа, “Эх орон-Ардчилал” эвслээс С.Отгонбаяр, Д.Ганхуяг. Тухайн үеийн  парламентад Монголын хоёрхон том хүчин гэж тодотгох дуртай улаантан цэнхэртэнгүүд тэнцүү шахуу суудал авч парламентаа гартаа атгасан өндөгтэй зүйрлэн дэнжигнэхдээ дэнжигнэж, зөвшилцөхдөө зөвшилцөж байв даа. Харин 2008 оны сонгуулиар Баянзүрхийн “золигнууд” МАН-аас нэг, Ардчилсан намаас хоёр нөхрийг бас нэг бие даагчтай сонгочихож. Бас л их даажинтай сонголтууд байгаа биз. Ерөөсөө л тухайн парламентын ерөнхий дүр зураг, харьцаа энэ дүүргийн сонголтоос харагдаж болохоор ч гэмээр.

Харин энэ жил баянзүрхчүүд ямар өнгө бүрэлдүүлэх бол? Тааж хэлэхийн аргагүй энэ тойргийнхон улааруулж, цэнхэртүүлж, бас “Хоёулаа миний хүү” гэдэг шиг хослуулж, сүүлдээ цорын ганц бие даагчийг ч төрүүлж орхисон. Энэ жилийн хувьд ч их сонин. Баянзүрхчүүдийн “зүрх”-ийг хайлуулсан Ц.Батбаяр МАХН руу ч нэг гүйгээд, хөдөлгөөн ч байгуулаад алга болсон. Тэгтэл түүний оронд Хэнтийд дархлагдсан Д.Арвин бүсгүйг нам нь нэр дэвшүүлсэн. Хэнтийнхний “шүтээн” болохоо шахаж байсан бүсгүй баянзүрхчүүдийн зүрхийг булааж чадах нь уу яах бол? МАН-ын сулхан гэмээр гурван нэр дэвшигч дотроо өмнө нь тус дүүргийн Засаг дарга байсан Б.Мөнхбаатар хэмээх хүдэр, бадир залууд илүү найдлага тавьж байж ч болох юм. Харин Ардчилсан намын хувьд хоёронтоо энэ дүүрэгт торгон жолоо өргөөд байгаа Д.Ганхуяг, өмнө бол энэ дүүрэгтээ иргэний хөдөлгөөнийг төлөөлж өрсөлдөөд бараагүй Ж.Батзандан, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал И.Нарантуяа нарыг сойж. Ёстой л тал бүрийн сонирхлыг харгалзсан нэр дэвшүүлэлт байгаа биз. Дээрээс нь бас угийн рейтинг сайтай, Н.Энхбаярын баривчилгаагаар хүн чанараа харуулж бахархуулсан О.Чулуунбат тэргүүтэй МАХН-ын нөхдүүд байгаа. Өмнө нь дөрвөн мандаттай байгаад өдгөө гурав болон хумигдсан энэ тойрогт гурван өөр намын төлөөлөл гараад ирж байхаасаа ч сийхгүй, барьцгүй баянзүрхчүүд шүү дээ.
Өнгөрсөн сонгуульд цор ганцаараа бие даасан З.Алтай энэ удаа ИЗНН-тай хавсран орж ирж байгаа. Бас л бужигнуулж мэдэх л нэр дэвшигч.

Гэхдээ энэ тойргийн сонголтын ерөнхий хана парламентын ерөнхий өнгө төрхийг харуулна гээд мөрийцчихвөл яадаг бол? Ядахдаа МАХН /шинэ нь шүү/ энэ тойргоос нэг суудал найдвартай авна гээд мөрийцөх хүн байна уу?

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж