
Том дарга аснууд шүүхэд дуудагдахаараа архаг хууч өвчин нь сэдрээд хэрэг хүлээх чадваргүй болчих юм. Өмнө нь эмчлүүлж байхад ч яадаг юм. Аль эсвэл эрүүл мэндийг нь шалгаж байж албанд томилдог байхад ч яасан юм. Өвчин хуучтай дарга аснууд яахав гэхэд МАХН-ын дарга Н.Энхбаярын хурал хойшлоод байдаг нь ойлгомжгүй байна.
АТГ-аас арвантаа дуудахад очилгүй зориуд төлөвлөгөөтэйгөөр аавынхаасаа баригдаад, Төв аймгийн шүүхэд очсон хойноо сайн дураараа өлсгөлөн зарлаад, өөрийнхөө дураар биеэ сульдаагаад, ажил үүргээ гүйцэтгэж байгаа харуул, хуяг, эмч, сувилагчдыг элдвээр доромжилдог нь ч юу юм. Монгол Улсад цор ганц байдаг Төрийн тэргүүний албыг иргэдийнхээ сонголтоор хашсан хүн өлсч өлбөрч байсан ч ёс зүйн хэм хэмжээтэй, жудагтай баймаар. Үнэхээр тэр бичлэгийг хараад Монгол Улсын олон иргэн дээр байсан хүнээсээ айж цочсон шүү.
Гэтэл жирийн эмнэлэгт гарч ирснээсээ хойш шүүх хурлыг хоёронтаа хойшлууллаа. Эхнийхэд нь өлсч сульдаад очиж чадсангүй гэсэн бол энэ удаа хоёр өмгөөлөгчөөсөө татгалзжээ. Бүхэл бүтэн өмгөөлөгчдийн багаар хамгаалуулж байсан хүн гэнэт бас нэг ааш нь хөдлөөд өмгөөлөгч Н.Шинэн, Г.Ганбаатар нараас татгалзахаар болоотхож. Дараагийн хурал дээр бас нэг бэлэн шалтаг гараад л ирнэ.
Ингэж хугацаа хожсоор байтал УИХ-ын сонгуулийн санал хураалт болно. МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн жагсаалтын нэгд яваа хүн сулдаа гүйгээд парламентын гишүүн болчихно. Халдашгүй бүрэн эрх эдэлнэ. Чухам үүнийг тооцоолж шүүх хурлуудыг хойшлуулан хугацаа хожиж байна гэж хэлэхээс өөр үндэслэл алга. Төрийн тэргүүн байсан хүн гэм буруутай эсэхээ шалгуулаад гэмгүй бол цагаадаад сонгуульдаа орохоос өөр сайхан зам байхгүй л дээ. Гэтэл тэгэхгүй Н.Энхбаяр дарга яагаад байна?