АНУ-ын Засаг захиргаанаас Хятадын эрх баригчдад хандаж “Бослогын үеэр амиа алдсан, баривчлагдсан, сураггүй алга болсон бүх хүмүүсийн тухай үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх”-ийг шаардаж, мэдэгдэл ирүүлсэн байна.
Бээжин 1989 оны зургадугаар сарын оюутнуудын бослогыг хувьсгалын эсрэг хөдөлгөөн хэмээн буруутгаж байсан, одоо ч тэр байр сууриа хадгалсаар байна. Тухайн үед ардчилалын төлөө нэгдсэн хэдэн зуун энгийн иргэдийг Хятадын армийн цэргүүд буудан хөнөөсөн юм.
АНУ-ын Засаг захиргааны төлөөлөгч Марк Тунер “Бид Хятадын эрх баригчдад хандаж хууль бусаар баривчлагдан шоронд хоригдсон тэдгээр хүмүүс болон хүний эрхийн төлөө тэмцэгчид тэдний гэр бүлийнхний эсрэг явуулж буй хүчирхийлэл, мөрдлөг, хяналтаа зогсоохыг дахин шаардаж байна” хэмээн мэдэгджээ. Тянь Ань Миний бослогыг хүчээр дарснаас хойш 23 жил өнгөрснийг сануулсан эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр Фуцзянь мужид цагдаа нар жагсаалд оролцсон хорин хүнийг нэвширтэл нь зодсон талаар Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч Лин Бинсиний эхнэр Франс-пресс агентлагт мэдээлжээ.
Хятадын Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн Дуй Хуа байгууллагын мэдээлснээр 1989 оны Тянь Ань Миний бослогод оролцож, шоронд хоригдсон хэдэн зуун хүнээс одоо цөөн хэдхэн хүн амьд үлдсэн гэж таамаглаж байна.
“Шоронд хоригдож буй тэдгээр хүмүүс бол бослогод оролцсон оюутнууд биш, цэргийнхнийг эсэргүүцсэн хүмүүс” гэж Дуй Хуа байгууллагын гүйцэтгэх захирал Жон Кэмм Associated Press агентлагт мэдээлсэн байна.