Өнгөрсөн тавдугаар сарын 24-нд товлогдсон өмнөх шүүх хуралд Н.Энхбаяр нь биеийн байдал тааруугаас гадна хавтаст хэрэгтэйгээ бүрэн танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх танхимд ирээгүй бол энэ удаад ч дээрх шалтгаануудаа шүүх бүрэлдэхүүнд гаргаж байлаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр ийнхүү өөрийнхөө сонгосон, өөрийг нь өмгөөлж байсан Б.Ганбаатар, Л.Шинэн нарын өмгөөлөгчдөөсөө татгалзсанаар одоо түүнд Б.Оюунбилэг, О.Баасанхүү нар хууль зүйн туслалцаа үзүүлэх болж байна. Гэхдээ Н.Энхбаяр ямар учраас өмгөөлөгчдөөсөө татгалзаж байгаа талаар тоймтой тайлбар хэлсэнгүй.
МАХН-ын даргын энэхүү авлигын хэргийн шүүх хурлын явцыг ажиглахаар Хонконг болон АНУ-аас ажиглагчид ирсэн байв. Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 150.3 дугаар зүйлд зааснаар буюу “Бусдад их буюу онц их хэмжээний хохирол учруулсан”, 163.2-т зааснаар ”Давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн их хэмжээний орлого олсон” гэсэн зүйлчлэлээр буруутгаж байгаа юм. Хэрэв тэдний гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг нь хурааж, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай юм.
Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэгээс дараах асуултад хариулт авлаа.
-Н.Энхбаяр яагаад өмнө нь хууль зүйн туслалцаа авч байсан өмгөөлөгчдөөсөө татгалзаж байгаа юм бол?
-Н.Энхбаяр гуайн хувьд өмнө нь байсан хоёр өмгөөлөгчөөсөө албан ёсоор татгалзаж, оронд нь надаар өмгөөлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Түүний энэ хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж авснаар хурал хойшиллоо. Хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг Н.Энхбаяр гуай өөрөө надад тавьсан. Миний хувьд өмнө нь түүний таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэрэг дээр ажиллаж байсан. Харин энэ эрүүгийн хэрэгтэй бол танилцаагүй.
-Н.Энхбаяр гуайн хувьд өмнөх шүүх хурал дээр хэрэгтэйгээ танилцаж амжаагүй гэдэг шалтгааныг хэлж байсан. Энэ удаад ч мөн энэ шалтгаанаа хэлж байгаа юм байна. Ийм байдал хэдий болтол үргэлжлэх вэ?
-Өмнөх шүүх хурлын үеэр Н.Энхбаяр нь эрүүл мэндийн шалтгаанаас болоод хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй байсан. Энэ удаад ч мөн гүйцэд танилцаагүй байгаа. Дараагийн шүүх хуралд ирэхдээ танилцаж дуусах байх болов уу гэж бодож байна.
-Таны хувьд дараагийн хурлаас өмнө хавтаст хэрэгтэй танилцаж амжих уу?
-Өнөөдрөөс эхлээд шууд хавтаст хэрэгтэйгээ танилцана. Заасан хугацаанд хэргээ уншаад дуусчих байх гэж бодож байна.
-Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэж авах асуудал гацчихаад байгаа. Энэ юу болсон бэ?
-Нийслэлийн прокурорын газрын орлогч Е.Сагсай Сүхбаатар дүүргийн шүүхэд бичиг явуулсан байна. Тус шүүхээс уг бичгийг үндэслэн СЕХ-нд мөн албан бичиг явуулсан байгаа. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 27.5.2-т заасны дагуу Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэж авах эсэхээ бодож үзээч гэсэн утгатай бичиг гэсэн үг. Тухайн нэр дэвшигчийн мэдлэг ур чадвар, туршлага, ёс зүй хууль дээдлэх чадвар, ард түмний итгэлийг даах чадвартай эсэхийг харгалзана гэсэн ерөнхий заалт дээрх хуульд бий. Үүнийг үндэслэж дээрх бичгийг явуулсан гэсэн үг. Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа энэ сарын 6-наар дуусгавар болох ёстой. Тийм болохоор одоо СЕХ-ны шийдвэрийг хүлээх л үлдэж байна.