Гадаадад сонгуульдахын зовлон

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Гадаадад сонгуульдахын зовлон

Энэ жилийн УИХ-ын сонгуулиар гадаадад байгаа монголчууд саналаа өгөх эрхтэй боллоо. Эх орноосоо алсад суугаа монголчууд сонгуулийн эрхийнхээ төлөө олон жил зүтгэсэн. Тэр ёсоор болж буй анхны сонгууль энэ юм. Хэдийгээр тойрогт нэр дэвшигчдийн төлөө санал өгөх эрхгүй ч сонгуульд өрсөлдөх эрхээ авсан нам, эвслүүдийн төлөө саналаа хураалгах эрхийг УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааж өгсөн юм.

Гадаадад байгаа, УИХ-ын сонгуульд оролцох Монгол Улсын иргэдийг бүртгэх хугацаа өнгөрсөн тавдугаар сарын 30-наар өндөрлөж 3000 орчим хүн бүртгүүлжээ. Монгол Улсын зуу илүү мянган иргэн гадаад улс орнуудад байдагтай харьцуулахад чамлалттай тоо. Гэхдээ анх удаа сонгох эрхээ гадаад улс оронд эдэлж буйн хувьд урагш хийсэн том алхам.

Харь оронд ажиллаж, амьдарч, сурч буй иргэдээс яагаад гуравхан хувь нь энэ зургадугаар сарын 10-нд болох санал хураалтад оролцохоор бүртгүүлэв гэж асууж болох юм. Гэхдээ үүний цаана асар том бэрхшээл байдаг юм байна.

Гадаадад сонгуульдахын зовлон гэж том юм бий. Санал өгөхөөр бүртгүүлэх, саналаа хураалгахдаа хуульд зааснаар заавал дипломат төлөөлөгчийн газартаа очих ёстой. Өөрөөр хэлбэл, ЭСЯ, ерөнхий консулын газартай хотод зорьж очино гэсэн үг. Харь оронд зүгээр зугаалаад, биеэ оторлоод сууж байгаа мөнгө ихтэй баян тарган хүн байхгүй. Бүгдээрээ цаг хоромтой уралдан ажил, бизнес эрхэлж, сурч боловсорч байгаа хүмүүс. Сонгуульд оролцохоор бүртгүүлэх гэж нэг, саналаа өгөх гэж дахин нэг удаа хувиасаа зардлаа төлөн байж ЭСЯ, ерөнхий консулын газартаа очино гэдэг амаргүй ажил. Энэ хооронд ажил, бизнес цалгардана. Хичээл сургууль тасарна. Санхүүгийн алдагдал гарна. Гадаад ертөнц бол хөдөлбөл хөлс, зогсвол зоос гэдгийг жинхэнээс нь мэдрүүлдэг орчин. Аягүй бол хараар ажиллаж байгаа нэг нь баригдана.

Дипломат төлөөлөгчийн газартаа хоёронтаа очиж сонгуульдахад наад зах нь 300-400 ам.долларын зарлага гарна гэж гадаадад буй монголчууд хэлж байна. Замын зардал, хоол хүнс, шаардлагатай бол ганц нэг хоног өнгөрөөх жижиг буудлын хөлс гээд явж өгнө. Аргаа барж сард нэг удаа ар гэртээ илгээдэг мөнгөө нэг сонгуульд санал өгөх гэж үрэх нь байна шүү дээ.

Сонгуулийн өмнө Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл хийх гэж ЭСЯ, ерөнхий консулын газрын ажилтнууд монголчууд олноор төвлөрсөн хотуудаар өөрсдөө явж бүртгэсэн гэж байгаа. Ажил, хичээлээс нь иргэдээ хөндийрүүлэхгүй гэхдээ ингэхээс өөр арга тэдэнд байгаагүй юм билээ.

Энэ талаар АНУ-ын Сан-Франциско дахь Монгол Улсын ерөнхий консул Н.Анхбаяртай уулзахад хэлж байсан. Бельгид суугаа суурин төлөөлөгч Ж.Энхсайхантай тааралдахад мөн ингэж ярьж байв. Сөүл хотоос бэлтгэсэн телевизийн нэвтрүүлгээр БНСУ-д Монголын хэргийг түр хамаарагч бас ийм үг хэлнэ лээ. Тэгэхээр газар бүрт ижил бэрхшээл байгаа гэсэн үг.

Үүнээс ангижрах арга уг нь бий. Дипломат төлөөлөгчийн газартаа биеэрээ ирэлгүй онлайнаар бүртгүүлээд, санлаа өгч уг нь болно. Бас зөөврийн хайрцгаар ч юм уу, саналаа дугтуйлаад шуудангаар илгээж болох юм. Гэтэл үүний цаана сонгуулийн луйвар гарч болзошгүй. Нэг хүн хэд хэдэн хүний өмнөөс цахимаар юм уу, шуудангаар саналаа өгөхийг үгүйсгэхгүй. Ийм аюул байгаагаас болж заавал биеэрээ ирэхийг үүрэг болгосон. Тэр дагуу саналаа өгөх боломжтой нь дээрх иргэний зориг гаргасан 3000 хүн болоод байна.

Сүүлд эдгээр бэрхшээлийг анзаарч үзээд СЕХ журамдаа өөрчлөлт оруулах нь оруулсан. Түүгээр иргэд өөрийн оршин суугаа оронд байгаа Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газарт биечлэн очиж бүртгүүлэхээс гадна иргэний баримт бичгийн хуулбараа шуудан, цахим шуудан, факсаар илгээн сонгуульд саналаа өгөхөө урьдчилан мэдэгдэж бүртгүүлэх боломжтой болсон. Ингэснээр иргэдийн бүртгэл нэмэгдэх болов уу гэж СЕХ найдаж байсан юм. Үүгээр нэг удаагийн явалт хасагдсан байж мэднэ. Гэхдээ журмын өөрчлөлт тулгуу гарснаас болж тийм ч олон хүнд хүрч чадаагүй юм шиг байгаа юм.

Хэдийгээр журамд өөрчлөлт орсон ч саналаа Дипломат төлөөлөгчийн газарт очиж өгөх нь хэвээрээ үлдсэнээс тийнхүү цөөхөн хүн бүртгүүлэх шалтгаан болжээ.

Үүнээс хойш гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах боловсронгуй арга бодож олох биз. Чамлахаар чанга атга гэгчээр энэ удаа ямар боловч хилийн цаанаас УИХ бүрдүүлэхэд оролцох анхны багахан боломжийг иргэддээ ийнхүү олгож байна.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж