Мубаракийн хөвгүүдэд ял онооно

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Мубаракийн хөвгүүдэд ял онооно

Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг шүүх хурал өнгөрөгч бямба гаригт болж, бүх насаар нь хорих ял оноосон билээ. Тэрбээр Засгийн газраа эсэргүүцсэн олон зуун хүний бослогыг хүчээр дарж, ард түмнийхээ эрх ашгийг зөрчсөн олон удаагийн  гэмт хэрэгт буруутгагдан ял сонссон юм. “Эмнести Интернейшнл”  Олон улсын хүний эрхийн байгууллагын мэдэгдэж байгаагаар өнгөрсөн жилийн бослогын үеэр 840 энгийн иргэн амиа алдаж, 6000 хүн гэмтэж бэртжээ.

Түүнчлэн  Мубаракийн хүү Гамал Мубарак болон Алаа Мубарак нарт ч мөн ял оноох аж. Египетийн прокурорын  мэдэгдсэнээр Хосни Мубаракийн хоёр хүүд хууль бусаар их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргээр ял оноохоор төлөвлөж байгаа юм байна. Тэднийг Египетийн Хөрөнгийн биржид хоёр тэрбум еггипет фунт буюу ойролцоогоор 331 сая ам.долларын хууль бус арилжаа явуулсан хэмээн буруутгаж буй ажээ.  Хосни Мубарак өөрийгөө болон  хөвгүүд нь хууль зөрчөөгүй хэмээн мэдэгдсээр байгаа. Хөрөнгийн зах зээлийг луйвардсан хэрэгт Хосни Мубаракийн хөвгүүд болон өөр таван албан хаагчийг баривчилсан боловч албан хаагчдыг сулласан гэнэ.

Египетийн  ерөнхий прокурор Адел Саедын мэдэгдсэнээр Мубаракийн хөвгүүдийг өнгөрсөн долоо хоногт саатуулсан  аж. Харин шүүх тэдэнд ямар хугацаатай ял оноох  нь эцэслэн шийдэгдээгүй байна.  

Э. АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж