80 хувь нь бүтнээрээ олдсон ховор олдвор ямар замаар “Heritage Auctions”-д ирсэн тухай мэдээллийг тус байгууллагын зүгээс энэ хэрэгт ажиллаж буй өмгөөлөгч Роберт Пейнтэд өгсөн байна. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн томилсон өмгөөлөгч тус байгууллагатай хамтран ажиллахаар болжээ. Төв Азиас л олддог Т-рекс аварга үлэг гүрвэлийн өвөг Тироназавр батаарын араг яс япон худалдаачны гар дамжин ирсэн гэж “Heritage Auctions” мэдэгдсэн гэнэ. Монголын төдийгүй олон улсын палентеологич эрдэмтэн, судлаачид дуудлага худалдаагаар зарагдсан Тироназавр батаарын араг ясыг Монголын говиос олдсон гэдэгт эргэлзэхгүй байгаа ч “Heritage Auctions” уг олдвор АНУ-ын хилээр зохих хууль журмын дагуу нэвтрүүлсэн гэж үзэж байгаа юм.
“Heritage Auctions”-д тавьсан уг олдворыг үзэж, шинжлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан, палеонтологич эрдэмтэн н.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Нью-Йоркийг зорьжээ.