“Намайг
үхвэл миний эрхтэнг хэрэгтэй нэгэн авахыг би зөвшөөрч байна. Харин
хууль зөвшөөрөхгүй байна. Иймд хууль эрх зүйн орчинг бий болгоод орхи”
хэмээн УИХ-ын нэгэн гишүүн жил гаруйн өмнө хэлж байлаа. Энэ нь Донорын
хуулийг яаралтай батлаач гэсэн анхааруулга байв. Харин энэ хууль
өнгөрөгч чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг мөр шинэчлэгдэн батлагдсан
бөгөөд дээрх гишүүний хэлж байсан шүүмжийг хүлээн авснаас гадна энэ
салбарын зарим асуудлыг шийдэхийг зорьж байв.
Сүүлийн жилүүдэд
эд, эрхтэн шилжүүлэн суулгах /бөөр, үе, нүдний эвэрлэг, ясны чөмөг,
үүдэл эс, зүрх судас, элэг, мэдрэлийн судас, арьс гэх мэт/ мэс засал,
эмчилгээний тоо нэмэгдэх болсоор байтал эдгээр мэс ажилбарыг хийхэд
хамгийн том асуудал нь шилжүүлэн суулгах эрхтэн болдог аж. Гэвч ийм
эрхтэнг хуулийн дагуу зөвхөн ах, дүү, төрөл төрөгсдөөс сонгох ёстой
болдог. Хэдийгээр эдийн тохироо нь нийцэх, эд, эрхтэнээ бэлэглэхийг
хүссэн эрүүл хүн байсан ч хамаатан биш л бол яаж ч болдоггүй гэнэ. Өмнө
2000 онд батлагдсан Донорын тухай хууль нь зөвхөн иргэдийн эрүүл мэндийг
сайжруулах, амь насыг аврахын тулд хүмүүнлэг сэтгэлээр сайн дураараа
цус, эд эрхтэнээ үнэ төлбөргүй өгөхийг зохицуулж байсан юм. Гэвч донорын
цус, эд эрхтэнг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах,
боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох
донорын үйлсийг сурталчлах, түүнд иргэдийг татан оролцуулахтай
холбогдсон харилцааг зохицуулж байгаа боловч иргэдийн эрүүл мэнд, амь
насыг аврахын тулд сайн дураараа хүмүүнлэг сэтгэлээр эд эрхтэн, цусаа
үнэ төлбөргүй өгөх тухай зохицуулалт нэр төдийхөн тусгагджээ. Өөрөөр
хэлбэл, төрөл төрөгсөд гэх ганц шалгуураар л энэ бүхэн хязгаарлагддаг
аж. Энэ л шалтгаанаар эд, эс нь таарсан ч донор олддогүй аж. Тиймээс энэ
хуулийг шинэчлэхийг ДЭМБ-ын зөвлөж, “Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын
2009 оны 38 дугаар тогтоол дээр ч энэ хуульд өөрчлөлт оруулах
шаардлагатай гэж үзсэний дагуу хуулийн төслийг боловсруулжээ.
Энэ
хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр “санхүүжилтийн асуудлыг нэг мөр
шийдэх шаардлага бий. Донор цуглуулах ажилтай холбоотой сургалт,
сурталчилгааг төр хариуцна гэсэн заалт одоогийн хуульд байгаа ч бодит
байдал дээр хэрэгждэггүй. Энэ нь хууль журмууд өөр хоорондоо уялдаа
холбоогүй байдагтай холбоотой. Тухайлбал, төрөөс санхүүжинэ гэдэг
ойлголтыг “Эрүүл мэндийг дэмжих сангаас” гэж тодотгосон байгаа. Гэтэл
Эрүүл мэндийг дэмжих сангийнх нь дүрэмд энэ чиглэлээр хөрөнгө гаргах
тухай заалтыг тусгаж өгөөгүй байна” хэмээн шүүмжилж, энэ мэт зарим
асуудлыг онцолж байв. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн
зөвлөмж, олон улсын практикт донорын цус, цусан бүтээгдэхүүний
хэрэглээний хандлага өөрчлөгдөж биотехнологийн аргаар үйлдвэрлэсэн
бэлдмэлийг хэрэглэх болж эрүүл мэндийн салбарт технологийн шинэчлэл
хурдацтайгаар нэвтэрч байгаа тул энэ чиглэлээр эрх зүйн орчныг
боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа талаар анхааруулж байв.
Хуулийн
төсөлд буй санаанууд үндсэндээ тэр чигээрээ батлагдаж төрөл төрөгсөд
хэмээн хязгаарлахгүй, түүнчлэн амьгүй донорын асуудлыг хуульд шинээр
оруулж иржээ. Хуульд өөрчлөлт оруулсан өөр нэг шалтгаан нь цус, цусан
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлэх тухай байсныг хууль
санаачлагчид онцолж байв. Тодруулбал, Цус сэлбэлт судлалын төвийн тоног
төхөөрөмжийг Герман улсаас авчирч В, С вирус ДОХ-ын шинжилгээг багцаар
нь хийдэг болсон бөгөөд цонхны хугацааг хоёр, гуравхан долоо хоног
болгож хялбаршуулсан аж. Иймээс уг төхөөрөмжийнхөө хүчин чадалтай
уялдуулан донорынхоо тоог нэмэгдүүлэх, чанаржуулах асуудал чухал
болжээ. Ингээд Донорын тухай хуулиар донор хүнд болоод, эмнэлгийн
байгууллагын эрх, үүргийг тодорхой болгож өгчээ. Зөвхөн эмнэлгийн
байгууллага, хувь хүн ч гэлтгүй Засгийн газарт тодорхой үүрэг ч
ногдуулсан нь “Гамшгийн үед цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох
бэлдмэлээр найдвартай хангах, хэрэгцээтэй нөөц бүрдүүлэх, түүний бэлэн
байдлыг хангах асуудлыг Засгийн газар хариуцаж, улмаар нэгтгэн зангидаж
байх”-аар хуульчилжээ. Мөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн донорын
эгнээг өргөжүүлэх үйл ажиллагаа, донорын үйлсийг сурталчлах, тэдгээрт
зориулсан сургалт явуулахад дэмжлэг үзүүлж, гамшгийн үед цус, цусан
бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд хамтран ажиллаж байхаар тусгагдаж.
Хэлэлцүүлгийн
үеэр донорт мөнгөн урамшуулал өгөх тухай яригдаж байсан ч урьдын
хуулинд баримталж байсан зарчмаа хадгалж үлдэх нь зүйтэй гэж үзжээ. Энэ
талаараа “Донор бол бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад
зориулан хүмүүнлэг сэтгэлээр цус, эд, эрхтнээ өгөхдөө үнэ төлбөргүй,
сайн дурын байх зарчмыг ямагт баримтална” гэж баталгаажуулсан байна.
Гэхдээ
донор байснаараа нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нь
бүрдүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна. Энэ тухай “Донор нь
хуульд заасанчлан өөрийн эрүүл мэнд, амь нас аюулгүй байх бүрэн эрхээр
хангагдаж цус, эд, эрхтэн өгөхдөө тухайн ажилбар гүйцэтгэх
байгууллагатай гэрээ байгуулах, заавал даатгуулахаас бусад даатгалд
хамрагдаж болно. Түүнчлэн донорын үйлсэд идэвхтэй оролцсон хүн эрүүл
мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй эдлэх, эрүүл мэндийн үзлэгт
жилд нэг удаа үнэ төлбөргүй хамрагдана. Цусаа 35-аас дээш удаа өгсөн
цусны донор хүн жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулна” хэмээн зааж.
Мөн
хуулиар эрүүл мэндийн байгууллагад тодорхой үүрэг хариуцлага хүлээлгэн
“донорын цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх ажилбарыг магадлан итгэмжлэгдсэн
эрүүл мэндийн байгууллагад шаардлага хангасан нөхцөлд мэргэжлийн үйл
ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан их эмч гүйцэтгэх, донорын эд, эрхтэн
шинжлэх, шилжүүлэн суулгах ажилбарыг гүйцэтгэхэд оролцсон эмнэлгийн
мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага нь үзүүлсэн үйлчилгээний
төлбөрөөс давсан төлбөр урамшуулал авахгүй байх, ашиг олох зорилгоор
цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн экспортлохгүй, импортлохгүй байх”
зэрэг шаардлагуудыг ч тогтоосноор “цусаа өгөхийг л донор” хэмээн ойлгож
байсан ойлголтод хувьсал хийж “боломжтой, бас хариуцлагатай тогтолцоо”-г
бий болголоо.
Уг хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийнхэн ямар байр суурьтай байгааг хүргэе.
-Хуульд
өөрчлөлт оруулснаар донороос гадна эрхтэн шилжүүлэн суулгах тухай
асуудлыг эрх зүйн хүрээнд шийднэ. Мөн энэ мэт бэрхшээлийг шийдэхээс
гадна донор болох хүсэлтэй байгууллага, иргэдийн оролцоог дэмжих тал
дээр нэлээд дэвшил гарах юм. Түүнчлэн донор болсон хүмүүсийг урамшуулж,
алдаршуулах ажлыг нэлээд идэвхжүүлэх шаардлага бий. Энд зөвхөн
урамшуулах тухай ч бус, хариуцлагын асуудал давхар яригдаж байгаа. Энэ
бүхнийг хуулийн өөрчлөлтөд тусгасан байгаа.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн С.Ламбаа: ХУУЛЬД АМЬГҮЙ ДОНОР ГЭДЭГ ОЙЛГОЛТ ШИНЭЭР ОРСОН
-Манайх
өнөөдөр бөөр шилжүүлэн суулгаж байгаа. Өдгөө найм дахь жилдээ энэ
төрлийн мэс засал хийж байгаа юм. Одоо чөмөг, элэг шилжүүлэн суулгах
асуудал яригдаж, заримыг нь хэрэглээд эхэлчихсэн. 2012 он гарснаас хойш
таван хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийсэн байна.
Түүнчлэн нүд, арьс гэх мэт дээрх бүх мэс ажилбарт цус, цусан
бүтээгдэхүүнийг асар ихээр хэрэглэдэг. Үүнтэй холбоотойгоор донор хэмээх
ойлголтыг өргөтгөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр манай эмнэлгүүд
эрхтэн шилжүүлэх мэс заслыг ах, дүү, төрөл төрөгсдөөс нь буюу амьд
донороос авч ашиглаж байгаа. Харин энэ удаагийн хуульд амьгүй донор
гэдэг ойлголт орж ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байдлаар
гэмтэл осолд орсон хүн өөрөө бэлэглэх санаачилга гаргах, эсвэл түүний
аав, ээж асран хамгаалагч нь зөвшөөрсөн тохиолдолд эрхтнийг нь авч
ашигладаг тогтолцоог нэвтрүүлж байгаа. Тухайлбал, Гэмтэл согог судлалын
үндэсний төвд ямар нэгэн аваар осолд ороод тархи нь үхэжсэн ч юмуу, ямар
ч амьдрах нөхцөлгүй болсон тохиолдол олон бий. Ийм нөхцөлтэй донорыг
дэлхий нийтээр ашигладаг. Монгол Улс хүн ам цөөнтэй учир мэдээж нэлээд
хатуу хязгаарлалттай хуульчилсан. Үүнийг түгээмэл болгох юм бол хүн
худалдаалах гэх мэт аюултай асуудал үүсдэг. Тиймээс энэ хуулийг тийм их
чөлөөтэй, дурын хүн өгдөг байдлаар хуульчлаагүй. Өмнөх хуульд амьгүй
донорыг ашиглах тогтолцоо байсан. Гэхдээ хэрхэн ашиглах талаар нарийн
зохицуулалт байгаагүй учраас нэг их ашигладаггүй байсан. Тухайлбал,
өнгөрсөн найман жилийн хугацаанд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийхэд
цөөн хэдэн хүн дээр л амьгүй донор ашиглаж байсан гэх тоо баримт байдаг
юм.
-Үйлчилж
буй Донорын тухай хууль нь донор шилжүүлэх тухай зарим эрх зүйн
харилцааг зохицуулах тал дээр дутагдалтай байсан. Тодруулбал, зөвхөн
төрөл садангууд хоорондоо донор болох заалттай байгаа нь иргэдэд
зайлшгүй донор шаардлага гарсан үед хүндрэл учруулдаг. Тиймээс сайн
дурын үндсэн дээр донор болж болдог байх, эд эрхтэний болон цусны
донорын тухай ойлголтуудыг цэгцлэх хэрэгтэй болсон.
БИ БОЛ ДОНОР
Бид
аливаад хандахдаа үр дүнг зөвхөн өөр дээрээ л авч үздэг шүү дээ. ”Надад
ямар ашигтай юм бэ?”, “наад асуудал чинь надад хамаагүй” гээд л. Харин
арай өөрөөр сэтгэж чадвал та аз жаргалыг ойлгох болно. Тийм ч учраас
үзэг цаас нийлүүлэн сууж буй миний зорилго бол өөр юунаас ч мэдэрч үл
болох нэгэн сайхан мэдрэмжийг сануулах гэсэн хэрэг.
Би
ЭРҮҮЛ ХҮН. Бие минь эрүүл, ухаан минь эрүүл, сэтгэл минь эрүүл. Учир нь
би ДОНОР хүн. Донор хүн ийм л байх шаардлагатай. Энэ нэрний ард НЭР
ХҮНД байдаг бол өмнө нь бусдын төлөө цохилох ЗҮРХ СЭТГЭЛ бий. Өнгөрсөн
онд алдарт TIME сэтгүүлээс яг одоо дэлхийн хамгийн аз жаргалтай байгаа
хүмүүсийг шалгаруулжээ. Тэдний дунд саятан Билл Гейтс, тэрбумтан Трамп,
олны анхаарлын төвд үргэлж байдаг Парис Хилтон нарын нэр огтхон ч
байсангүй. Аз жаргалтнуудын жагсаалтын маань 3-рт. Элсэн хэрэмээ барьж
дуусаад харж суугаа таван настай хүү Жонни. 2-рт. Хайртай бүсгүйтэйгээ
хамт модны дор борооноос хоргодож буй 23 настай Семми шалгарчээ. Харин
нэгдүгээр байранд хэнд цусаа өгсөнөө мэдэхгүй ч, хэн нэгний амь насыг
аварч байгаагаа мэдэж байгаа, залуухан донор Кристиан шалгарчээ. Аз
жаргал гэдгийг худалдаад авчихаж болдоггүй учраас л түүнд үнэ цэнэ
оршдог биз. Тэгвэл танд дэлхийн хамгийн жаргалтай хүн болоход 18-50
насны, бүх төрлийн бүлгийн цустай, эрүүл хүн мөн гэдэг чинь л хамаатай
болох нь. Мөн та “үр дүнг далайн од бүхэн дээр бодож чадах сэтгэлтэй”,
“дусал цусны үнэ цэнийг ойлгодог” байхад л болох аж. Дусал цусны ҮНЭ
ЦЭНЭ-ийг мэддэг хүн зүүний хатгалтнаас айж цусаа өгөхөөс хэрхэвч айхгүй,
өвчин халдчихна хэмээн өнгөрсөн үеэр сэтгэн шалтаг хайж хойш суухгүй,
Өөрийгөө завгүй хэмээн тодорхойлж өрөөл бусдын зовлонг хараагүй мэт
өнгөрч чадахгүй ээ. Би өмнө нь донорын цусаа өгч байгаад халдвар авсан
гэх хүний тухай сонссонгүй. 15 минутын зав гаргах завгүй хүнтэй
тааралдаж байсангүй. Бусдын амь нас, эрүүл мэндийг аврах гэсэн энэ хэдэн
минут магадгүй энэ амьдралын чинь хамгийн чухал зүйлд зарцуулсан цаг
байж болох юм. Таны биенд дунджаар 5-7 литр цус бий. Нэг удаад 200-400
мл цус өгөхөд эрүүл мэндэд ямар ч ХОХИРОЛГҮЙ гэдгийг чинь би баттай хэлж
чадах байна. Энэ нь таны биенд буй бүх цусны 2 гаруйхан хувьтай л
тэнцэж байна шүү дээ. Тэрхүү дусал цусны ҮНЭ ЦЭНЭ-ийг төрөлтийн хүндрэлд
ороод буй эхийн хүүхдээ амлуулах гэсэн хүслээс, Яагаад түлэгдсэнээ ч
ойлгох ухаангүй бяцхан хүүгийн гомдолтой уйлах дуунаас, Хором бүрт цус
алдах нь нэмэгдэж буй хэн нэгний амьдрах тэмүүллээс, Хорт хавдараар
шаналж буй эхтэйгээ хамт зовох эмнэлгийн хүлээлгийн өрөөнд сууж байгаа
охины итгэл найдвараас, тохирох цус дутагдаж буй хагалгааны орон дээр
хэвтэж буй бүсгүйн нулимсны дуслаас АСУУ. Зовлонтой тэмцэлдэж буй тэдэнд
“уйлж л чадах” мэт сэтгэлээр унасан тэр л хүнд үед таны цус амьдрах,
ялан гарах ИТГЭЛ-ийг өгч чадна.
Зүүнээс би айдаг ч зүрх сэтгэлгүй байхаас илүү айж байна