-Ойрын үед хаагуур зам хаах вэ?
-Нэгдүгээр дэлгүүр буюу төв гал командын зүүн хойд тал орчмын орон сууцны хорооллын дунд зам засварын ажил хийж байгаа. Хучилтын ажил хийж байгаагаас тэр хавийн замыг хаасан. Бөхийн өргөөнөөс урууддаг зам их ачаалалтай байдаг учраас тэр хэсгийн замыг удахгүй хаана. Яг хэзээ гэдгийг хэлэх боломжгүй. Тухай бүрт нь шийдэгддэг учраас замыг хаах үеэрээ тодорхой мэдээлэл өгнө.
-Орон сууцны хороолол дундах замын ажил хэзээ дуусахаар төлөвлөж байгаа вэ?
-Долоодугаар сарын 1-нээс өмнө дуусах байх. Гэхдээ долоодугаар сарын 1-нээс өмнө зөвхөн орон сууцны хороолол дундах замын ажил дуусна гэдгийг ойлгох хэрэгтэй. Өргөтгөл шинэчлэл хийгдэж байгаа томоохон замуудын хугацаа энэ оны арваннэгдүгээр сараар дуусгавар болно. Зарим нь бол бүр он дамжин хийгдэх юм.
-Яг одоо хаагуур зам засварын ажил хийж байгаа вэ?
-Ерөнхийдөө зам, барилгын ажлууд хийгдэж байна. Одоогоор орон сууцны хорооллын гол дахь зам засварын ажил өрнөж байгаа. Зургаан дүүргийн орон сууцны гол дахь зам засварын ажил эхэлчихсэн. Циркийн хажууд талын усны гудамжны замын хучилтын ажил өрнөж байгаа. Хажуугаар нь борооны ус зайлуулах ажил их шүү. Мөн 13-р хорооллын орон сууц дундах зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа. Сүхбаатар дүүргийн 11-р хороололд мөн зам засварын ажил хийгдээд дуусч байна даа.
-Зарим нэгэн хүндрэлтэй зүйлээс болоод хугацаанаасаа өмнө ашиглалтад орох боломжгүй засварын ажил байна уу?
-Инженерийн шугам сүлжээтэй холбогдоод Нийслэлийн прокурорын араар явдаг замын ажилд орж чадахгүй байна. Гол нь шугам сүлжээний асуудлаас болж байгаа. Зам барилгын ажил инженерийн шугам сүлжээ, өргөтгөх гэх зэрэг янз бүрийн шалтгаанаас болоод удаашрах, хүндрэлтэй зүйлс байна. Хамгийн гол нь цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор удаашрах асуудал бас бий. Замын ажил гэдэг улирлын чанартай учраас бороо их орвол хүндрэл гарах жишээтэй. Саппорогийн тойргийн дулааны шугамын дээд талын лочкинууд хугарсан байгаагаас тэнд том ажил эхэлнэ.
Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин