Л.Ариунболд амжилт хүслээ

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Л.Ариунболд амжилт хүслээ

“Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК-ийн ТУЗ- ийн дарга Л.Ариунболдтой ярилцлаа.


-“Монгол 999  Үндэсний Нэгдэл”ХК- ийн нэлээд олон хүн УИХ- д нэр дэвшиж байгаа гэж сонслоо. Намын харъяалал нь өөр өөр үү? Компанийн зүгээс зохион байгуулалт бий юу?

-2000 гаруй хувийн хэвшлийн захирлууд компаниараа нэгдэж бий болсон энэ том нэгдэл дотор олон үзэл бодолтой, олон өөр байр суурьтай, олон ч намын төлөөллүүд бий.  Тэд Монголын хувийн хэвшлийг 20 жил чирч хөгжүүлж, хувь нэмэрээ оруулж явна. Нийгмийн маш идэвхитэй хэсэг шүү дээ. Зүгээр л нэг телевизээ үзээд, сонингоо хараад чимээгүйхэн шиг амиа хичээгээд хувиа борлуулаад  явж байдаггүй. Бусдын төлөө, нийгмийн төлөө мэдлэг боловсрол, оюун санаа, эд хөрөнгөө  зориулаад явдаг ийм л хүмүүс байдаг. Мөлхөхдөө мөлхөж, дарцаг барихдаа барьж явсан эдгээр хүмүүс энэ нийгмийн өнгө нь. Монголын эдийн засагт хувийн хэвшлийн оролцоо ямар чухал вэ гэдгийг яс махаараа мэдэрсэн тэднээс  2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаад маш баяртай байгаа.  Ямар нам байх нь хамаагүй. Гол нь үндэсний компаниудын оролцоо нь өндөр байж төрийн оролцоог хязгаарлаж чадсан цагт л хөгжлийн зам гольдролдоо орно. Хөдөлмөрлөөд үр шимийг нь хүртэж үзсэн, хал ч үзсэн халуун чулуу  долоосон эдгээр хүмүүс гэрээ засаад одоо улсаа засахаар өрсөлдөж байна. Монголын хөгжлийн ирээдүйд үндэсний компаниуд түлхүү үүрэгтэй оролцох, үндэсний компаниудаа дэлхийд өрсөлдөх чадамжтай хүчирхэг болгож байж улс орон хөгжинө гэдгийг хатуу мэдэрсэн хүмүүс.

-Танай нэгдэл байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Компанийн үйл ажиллагаа болон хийсэн бүтээсэн зүйлээ танилцуулаач?

-Манай нэгдэл байгуулагдсан нь Монголын эдийн засгийн хувьд асар чухал түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Стратегийн ордуудыг төрийн өмчит хэлбэрээр бус, хувьцаат компани хэлбэрээр бий болгох үндэс суурийг бид тавьж чадсан нь хамгийн том амжилт.  Мөн төрд олон гарцуудыг, арга замуудыг зааж бэлдэж өгч байлаа. Стратегийн ач холбогдолтой “Таван толгой-“ н орд газрыг төрийн өмчид шилжүүлж 6 хуваагаад гадны компаниудад өгөх тохироо хэлэлцээрүүд хийгдээд эхэлсэн даруйд бид эвлэлдэн нэгдэж сөрж зогсож чадсан. Засгийн Газрын төлөвлөж байсанчлан зургаа хуваагаад, зургаан гадны компанид өгчихөд, зургаан олигархи компани л бий болох байсан. Аливаа бизнесийн төсөлд оролцох хамгийн сонгодог  оролцоо бол хувьцаат хэлбэр. Цаашид Монголын санхүүгийн зах зээлийн хөгжих суурь нь хөрөнгийн бирж. Санхүүгийн зах зээл дээрх хөрөнгийн биржийн оролцооны үзүүлэлт л өөрөө хөгжлийн суурь болох юм. Тэгэхээр энэ том оролцоонд орох эрх зүйн суурийг нь бид бий болгож өглөө. Өнөөдөр “Тавантолгой”-н орд Монголчуудын бүрэн мэдэлд байж иргэд нь хувьцааг нь хүртэх боломжтой боллоо. 21 мянган төгрөг яаж тараагдсан юм, мөнгөний эх үүсвэр юу байсан юм. Улс төрийн намын амласан сая төгрөгийг ямар эх үүсвэрээс өгөх гэж байгаа зэрэг асуудлын шийдэх гарц, эх үүсвэр нь уг ордыг эзэмшигч компанийг хувьцаат хэлбэрээр байгуулж чадсантай л холбоотой. Таван толгойгоо 6 хуваагаад гадныханд өгчихөлгүй үлдээж чадсаны л үр шим.  “Энэ орд гагцхүү Монголчуудын эзэмшилд байх ёстой,  хувьцаат компани байгуулах ёстой, иргэд нь хувьцаа эзэмшигч байх ёстой,” гэдгийг сонингийн хуудас алгасалгүй бичиж, анхааруулж, шаардаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Сүүлдээ манай байгууллага  “сөрөг хүчин” гэдэг нэр хүртэл авч байсан. “Монгол 999 Үндэсний Нэгдэл”- ийнхээ оролцоог бий болгох, түүнийгээ бодитой болгох мөн хувийн хэвшилтэй холбоотой тэр нэрлэсэн үнээр нь хувьцааг худалдаж авах боломж бий болгох, цаашид энэ компанийн ил тод тунгалаг засаглалтай байх тал дээр  маш олон төрлөөр хамтарч ажилласан.  Шүүмжлэхээ шүүмжилж, дэмжих юмаа дэмжиж ирсэн. “Эрдэнэс-Тавантолгой” ХК бол Шинхуа, Пи-Боди зэрэг компаниудтай өрсөлдөх чадамжтай ийм л том компани болох ёстой.  Эзэмшиж байгаа баялаг ордууд нь асар их үнэ цэнэтэй. Тэгэхээр зүгээр л нэг туслан гүйцэтгэгч байх асуудал байж болохгүй.  Үнэхээр л “Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК- ийн санаачлан тавьсан зорилтуудын хүчээр “Эрдэнэс Тавантолгой” гэдэг хувьцаат компани бий болоод энэ хувьцаат компанийн хувьцаа нь мөнгөн хэлбэрт шилжих боломжийг эрх баригчдад олгосон нь хувийн хэвшлээ дэмжээд зогсохгүй төр, эрх баригчдад ч гэсэн бас дэмжлэг болсон. Тиймээс энэ бол хамтын ялалт. Эрх зүйн өөрчлөлтийн төлөөх олон хүмүүсийн оюун санааны өрсөлдөөн өнгөрсөн хугацаанд явагдлаа. Хамтарч ажиллахын төлөө Засгийн газар хувийн хэвшил рүү гараа сунгаж сүйд болоогүй л дээ, гэхдээ нийгмийн хүсэл эрмэлзлэл, хувийн хэвшлийнхээ хүсэл зорилгыг сонсдог улс төрчид байсан нь их том завшаан болсон.

-Тавантолгойн асуудлаар УИХ-ын гаргасан 39-р тогтоол болон түүнтэй холбогдох бусад тогтоолуудад танай нэгдэл сэтгэл хангалуун байдаг юм байна тийм үү?

Цаг хугацаа өнгөрөх тусам УИХ-ын 39-р тогтоолын  мөн чанар агуу байсан нь харагдаж байгаа юм. Дараа нь 116-р тогтоолоор хувьцааны 10 хувийг иргэдэд эзэмшүүлнэ гэж байсан нь 20 хувь болж өслөө, иргэдийн санал болгосон хувьцааг компаниуд нь худалдан авах боломж бий боллоо. Мэдээж аливаа юманд эерэг сөрөг тал байна. Бидний 100 төгрөгөөр санал болгож байснаас сонгуулийн амлалттай уялдаж нэгж хувьцааны үнэ 933 төгрөг болж нэлээд өндөр тогтоогдсон. Хамгийн гол нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Монголын төрийн, Монголын ард түмний, хувийн хэвшлийн мэдэлд байгаа нь цаашид нэгж хувьцааны үнийг бууруулах уу, 933 төгрөгөөр хувьцааг худалдаж аваад хөрөнгө оруулаад энэ компанийг  санхүүгийн хувьд улам бэхжихэд нь оруулсан хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бас өөр хэлбэрээр урамшуулж, татварын хөнгөлөлт оруулах ч байдаг юм уу гээд энэ түүхэн хугацаанд янз бүрийн хувилбар  гарахыг үгүйсгэхгүй. Энэ удаагийн УИХ- ын гишүүд ч түүхэнд бичигдэх том үйл явцыг бүтээлцэж, гэрч боллоо.
   
-Та бүхний хэлсэн үг, гаргасан санаа төр засгийн шийдвэрт тодорхой хэмжээгээр тусаж, нөлөөлдөг болсон байна гэж дүгнэж болох уу?

-Дээр хэлсэнчлэн биенес эрхлэгчид маань өрөөлийн асуудалд санаа зовдог, энэ нийгмийн болох бүтэхгүй байгаа бүхнийг ил тод ярьж, гарах арга замуудыг тодорхойлж харьцангүй идэвхтэй ажиллаж амьдардаг хүмүүс. Өглөө босоод ажилдаа явж байгаа хүнээ дэмжээчээ, үйлдвэр байгуулаад зэх зээл дээр эрсдэл хүлээж байгаа хүмүүсийг дэмжээчээ, банкнаас өндөр хүүтэй зээл аваад мачийтлаа ажиллаж байгаа энэ хүмүүсийг дэмжиж байж улс орон маань өөдлөх болохоос ажил хийх хүсэлгүй хүмүүсийг, залхүү хүмүүсийг улам бүр өөгшүүлж байгаа нь улсын хөгжлийг хойш нь л чангаана шүү. Ажилгүй хүмүүсийг дэмжиж ядуурлыг улам битгий гааруулаачээ гэдгийг би сүүлийн хоёр гурван жил ярьж байна. Хувийн хэвшлийн дэвшүүлж байгаа олон асуудал намуудын хөтөлбөрт тусгагдсан байна. Халамжийн тогтолцооноос татгалзсан, ажилтай орлоготой Монгол хүмүүсийг дэмжих асуудал тусгагдсан байгаа нь бид бүхэн чимээгүй суугаагүйтэй л холбоотой. Жижиг дунд үйлдвэрийг нэг удаагийн шприцний хэрэглээ маягаар бус бодлогоор дэмжих гэж байгаад тун сайшаалтай хандаж байна. 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой  жижиг дунд үйлдвэрийн татварын 90 хувийг буцаан олгоно гэдэг бол маш том дэмжлэг болох заалт. Татвараа ч төлж сурна, төлсөн хэрээр урамшууллаа ч авч чадах ийм хэлбэр. За мөн стратегийн ордууд дээр Монголчуудын оролцоо давамгай байх ёстой, Монгол хүн, Монголын компани илүү байр суурьтай оролцохыг баталгаажуулж, УИХ-аас стратегийн төслийн 51 хувь нь заавал Монголын тал байна гэсэн шийдвэр гарлаа. Энэ бүхний үр дүнд төр хувийн хэвшлээ сонсдог юм байна, сонсоод энэ хувийн хэвшил, иргэдийнхээ хүсэл зорилгыг мэдэрч ирэх 4 жилийнхээ хөтөлбөрт суулгаж байгаа нь Эх орон маань хөгжих гэж байгаа юм байна, хүн төвтэй хөгжлийг бий болгох гэж байгаа юм байна гэсэн их итгэл төрүүлж байна. Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд үнэхээр эрүүл чийрэг, эрдэм боловсролтой Монгол хүн хэрэгтэй. Улаанбаатарын өнгө төрхийг яаж тодорхойлох вэ гэхээр байшин барилгын өнгө, шунхнаас биш, тэр хотод амьдарч байгаа ажил орлоготой хүмүүсийн чинээлэг амьдрал, аюулгүй орчин, эрдэм боловсрол зэргээс тодорхойлдог.  Хотын иргэдийн амьдралын чанар, чансаа, соёлын түвшин л энэ хотын өнгө төрхийг гэрэл гэгээтэй харагдуулна. Мөн Сайншанд дахь аж үйлдвэрийн паркад өрсөлдөх чадамжтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн асуудал эх орны хөгжилтэй салшгүй холбоотой. Монгол орон импортлогч бус эцсийн бүтээгдэхүүн экспортлогч хөдөлмөрч, хичээнгүй улс орон болох ёстой. Энэ цагт Монгол түмэн маань хүн шиг амьдарч, эх орон маань улс шиг хөгжих боломж бүрдэх юм. Энэ асуудлууд мөн намуудын мөрийн хөтөлбөрт суусан байна. Улс төрийн намуудын хийхээр төлөвлөсөн энэ хөтөлбөр ажил хэрэг болох эсэхэд хариулт өгөх сонгуулийн өдөр ойртож байна.

-Одоо сонгуулиар ид амьсгалж байна. Танай нэгдлээс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс хөдөлмөрлөлтийг дэмжиж халамжийг халах үндсэн чиглэлтэй гэж ойлголоо. Танд сүүлчийн асуултыг танд үлдээе.

-Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж аваад сурталчилгаа эхэлсэн болохоор яах аргагүй сонгуулиар амьсгалж байна. Хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрсэн, хийж бүтээж байж хөгжинө гэдгийг өөрийн яс махаараа мэдэрсэн “Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нийт нэр дэвшигч нартаа амжилт хүсье.

Т.ОТГОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж