Перу зэсийн олборлолтоо 75 хувиар нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Перу зэсийн олборлолтоо 75 хувиар нэмэгдүүлнэ

Перу улс өнгөрсөн оны байдлаар 1.24 сая тонн зэс үйлдвэрлэжээ. Одоогийн байдлаар Чили улс жилдээ 5 сая гаруй тонн зэс үйлдвэрлэдэг үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Харин дэлхийн зэсийн хоёр дахь томоохон үйлдвэрлэгч Перу улсын хувьд ойрын гурван жилийн хугацаанд зэсийн үйлдвэрлэлээ 75 хувиар нэмэгдүүлж 2.15 сая тоннд хүргэхээр төлөвлөж буйг тус улсын Эрчим хүч, Уул уурхайн сайд Жорж Мэрино өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Харин Чили улсын хувьд энэ жилийн эхний дөрвөн сарын байдлаар зэсийн экспорт нь 10 орчим хувиар буураад буй юм. Энэ нь зах зээлийн нөхцөл байдал болон тус улсын уул уурхайн салбарт эрчим хүчний хомсдол нүүрлэх аюул тулгараад буйтай холбоотой юм. Перу улсын хувьд энэхүү зорилтоо биелүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хамгийн чухлыг тус улсын салбарын сайд тэмдэглэжээ.

 Гэхдээ Перу дэх зэсийн төслийн уурхай болон үйлдвэрийг өргөтгөх ажил олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч буй ажээ. Үүнд “Conga”, “Tintaya” зэрэг төслүүдийг дурдаж болно. Перуд одоогоор “Xstrata”, “Chinalco”, “BHP” зэрэг олон олон томоохон компани зэсийн салбарт нь үйл ажиллагаа явуулж байна. Мөн тус улс энэхүү төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд эрчим хүч үйлдвэрлэлийн чадамжаа жилд 540 МВт-аар өсгөх шаардлагатай байгаа ажээ. Перу улсын Засгийн газар уг асуудлаа шийдвэрлэхээр 2000 МВт-ын усан цахилгаан станц байгуулах концессын гэрээг хувийн хэвшлийн компаниудтай хийхээр бэлтгэж байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж