Алдарт Пласидо Домингогийн нэрэмжит дэлхийн дуурийн дуулаачдын XX тэмцээн өнөөдөр нээлтээ хийн эхэлж байгаа бөгөөд энэ сарын 10-ныг дуустал БНХАУ-ын нийслэл Бээжин хотод байрлах алдарт “Шувууны үүр” театрт болох юм.
Дэлхийн тодотголтой энэхүү уралдаанд 18-32 насны мэргэжлийн дуурийн дуучид оролцдог аж. Уралдаан гурван шаттайгаар шилдгээ тодруулна. Ингэхдээ эхний шатнад тэнцсэн 40 оролцогчоос хоёрдугаар шатанд 20 нь тунаж үлдэх ба төгсгөлийн шатанд 10 дуучин шалгарч, Пласидо Домингогийн удирдлагад эгшиглэх симфони найрал хөгжимчидтэй дуулж, шилдгийн шилдгээ тодруулах учиртай. Уралдааны шагналтнуудыг дэлхийн нэр хүндтэй концерт, тоглолтууд хүлээж байдгаараа энэ уралдааны нэр хүнд, цар хүрээг хэмждэг гэх.
Тус тэмцээнийг 1993 оноос эхлэн Франц, Мексик, Испани, Япон, Герман, АНУ, Австри, Болгар, Унгар, Итали, ОХУ зэрэг улсад зохион байгуулж байжээ. Харин энэ удаад Хятадад анх удаа болж байгаа юм.
Сонирхуулахад, уралдааны тэргүүн байрт хоёр хүнийг шалгаруулж, тус бүр 30 мянга ам.доллар олгох бол II байр тус бүр хоёр хүн 20 мянган ам. доллар, III байр тус бүр хоёр хүн 10 мянган ам. доллар, тусгай байрын таван шагналыг 10-15 мянган ам.доллар дагалдах гэнэ.