“Балет бол харц бүрийг хэмждэг урлаг”

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

“Балет бол харц бүрийг хэмждэг урлаг”

МУГЖ, ДБЭТ, Япон улсын Комаки балет болон АНУ-ын Бостон балет компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан “Комаки балет” тоглолтыг Монголын үзэгчдэдээ хүргэхээр болсон билээ. Ойн хүрээнд тоглогдож буй “Комаки балет” тоглолт ирэх зургадугаар сарын 8, 9-нд СТӨ-нд болох юм. Ингээд түүнтэй удахгүй тоглогдох “Комаки балет” тоглолтынхоо талаар болон цаашдын уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
 
 
-“Комаки” балет нь японы эртний байдлыг хадгалж үлдсэн байдаг. Тэгвэл бүжигчин хүний хувьд тэр манерийг гаргаж тоглоно гэж байсан. Энэ нь чухам ямар онцлогтой юм бэ?

-Балетын компаниуд болон дэлхий дахинд байгаа бүх театрууд тодорхой хэмжээний онцлогуудтай байдаг. Ялангуяа улс орнуудад өөр өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ учиргүй зөрүүтэй ялгаа байдаггүй боловч тэр бүжигчдийг удирдаж байгаа хүн яг юуг илэрхийлэх нь тухайн хүний бэлтгэл, дасгал сургуулилт хийлгэж байгаа тэр хүмүүсээс 100 хувь шалтгаалдаг. Жишээ нь би “Комаки”-д очих болгондоо “Шехерезада”-г бараг хоёр, гурван удаа тоглосон. Монголын “Шехерезада”-д хүртэл тоглож байсан. Гэхдээ тэнд тайзан дээр нь тоглох гэж байгаа бол яг тэндхийн тавилт, гарын байрлал юмуу, шилбийн хэмжээ, харьцаж байгаа хүн нь юу илэрхийлэх гэж байгаа гээд тэр болгон нь өөр байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн ямар манерь гаргах болон ямар характер гаргах гээд л тэр болгоныг суралцаж тухайн компани болон тэр компанийн бүжигчидтэй хамтарч бүжиглэж байгаа нэг цогц бүтээл хийдэг. Яг л тэндхийн Комаки балетын “Шехерезада” ямар байх ёстой яг л тэр хэмжээнд нь бүжиглэнэ.
 

-Ер нь “Комаки балет” тоглолтыг үзснээрээ Монголын үзэгчид юуг ойлгоод гарах бол?

-Ер нь балет сонгодог урлагийг үзэх тусам хүмүүс илүү дурладаг. Улам илүү ойлгодог. Би яг хэлж мэдэхгүй байна л даа. Өөрөө тэр урлагаар хичээллэдэг, тэр бүжгийг өчнөөн олон бүжиглэсэн учраас дээрээс нь олон сонгодог урлагийн бүжиг үзсэн болохоор тэр байх. Гэхдээ яадаг ч байсан монголчуудыг ирж үзээсэй, энэ тоглолт маань маш сайхан болно гэдгийг итгэлтэйгээр хэлж чадна. Ялангуяа оюутан залуусыг энэ урлагийг ойлгоосой гэж хүсч байна. Харин үзэж байсан хүмүүсийн хувьд “Комаки балет”-ыг ямар байдаг гэдгийг эндээс ирж үзэж болно. Дээрээс нь монголынхоо балеттай харьцуулж болно гэж бодож байна. Хүн бас нэг өөр зүйлийг мэдрэх хэрэгтэй шүү дээ.
 
 
-Өөрийн харьяалагддаг Комаки балет компанийн тухай ярьж өгөөч?

-“Комаки балет” компанийг үүсгэн байгуулсан хүнийг Комаки Масахи гэдэг. Би тэр хүнтэй нэг л удаа уулзаж байсан. Тэр хүн бол үнэхээр Японд анх энэ балетыг аваачиж байсан гавьяатай хүн. Комаки Масахи анх Японд балетын урлагийг авчирсан гэдгээрээ алдартай, дээр нь тус компани одоо 10 гаруй охин компанитай болтлоо өргөжин хөгжсөн. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс сонгодог болон балетын компаниудыг байнга Токиод урьж авчирч байдаг. Тэрхүү салбарласан олон компаниудыг харахад сонгодог урлагийг асар хүчтэй япончуудад түгээж чадсан байгаа юм л даа.
 
-Сүүлийн үед сонгодог урлаг тэр дундаа балетын урлаг эрчимтэй хөгжиж байна. Манай балетчдын ур чадвар ямар түвшинд явж байна гэж та бодож байна?

-Ур чадварын хувьд миний бодлоор сайн гэж бодож явдаг. Гадны тэмцээн уралдаанд хүртэл амжилттай оролцдог шүү дээ. Монголчууд бүх л талаараа авъяаслаг хүмүүс, сонгодог урлагийг ч мөн адил маш сайн ойлгодог болж. Сонгодог урлаг нь хүний ур чадвар мөн хэр бэлтгэл сургуулилт хийснээр, зааж сургах үүнийгээ хэр сайн эзэмшинэ гэдэг нь хамгийн хэцүү. Балетын урлаг нь хүнээс маш их тэвчээр шаарддаг. Тэгэхээр хэр баргийн хүн хийчихдэг зүйл биш. Маш нандин хөдөлгөөнтэй, харц бүрийг хэмждэг урлаг. Бүжигчин хүнээс дээд зэргээр анхаарал шаарддаг.
 
-Сонгодог урлагийг хүмүүс тэр бүр мэдэрч ойлгохгүй байх шиг?

-Бүх хүмүүст сонгодог урлагийг хүргэхийн тулд маш их хөрөнгө зарах хэрэгтэй болно. Үзэгчдээс их юм шаардана. Сонгодог урлагийг хүмүүст таниулах хэрэгтэй болно. Үйл явдлыг ойлгохдоо гол нь цаадах гүн зүйлийг ойлгох хэрэгтэй.
 
 -Өөрийн чинь хувьд хэзээ балетын урлагт хөл тавьсан бэ. Тун залуугаараа төрийн өндөр шагнал хүртлээ. Балетын урлагт хөл тавих нь таны мөрөөдөл байсан уу?

-Миний хувьд 11 настайдаа л энэ их урлагт хөл тавьж байсан. Багадаа ардын урлагаар хичээллэж байсан. Сонгодог урлаг миний анхаарлыг их татаж байсан болоод ч тэр үү балет руу урвасан гэх үү дээ. Аав маань бүжигчин хүн, намайг энэ урлагийг сонгоход их нөлөөлсөн дөө.
 
-Балетыг залуу насны урлаг гэлцдэг. Тэгэхээр насны нар хэвийсэн үед ямар ажил хийх вэ?

-Тэгэлгүй яахав балет бол яах аргагүй залуу насны урлаг. Гэхдээ хөгширсөн ч гэсэн энэ урлагтаа зүтгэх болно. Балетын урлагийн хөгжилд анхаарлаа хандуулж өөрийнхөө хэмжээнд хувь нэмрээ оруулна гэж бодож байгаа. Сургууль байгуулах бодол байгаа.
 
-Балетын сургалтуудад бага насны хүүхдүүд хамрагдах болсноос үзвэл энэхүү урлагийг ойлгодог болж.Та өөрөө бүжигчин хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Энэ их сайшаалтай. Миний мэдээж байгаагаар хөгжим бүжгийн коллеж балетын сургалт явуулдаг. Мөн дуурь бүжгийн эрдмийн театр энэ төрлийн сургалт явуулдаг. Мэдээж энэ бол маш сайшаалтай. Их болох тумаа энэ урлагийг илүү хүмүүс ойлгох болно. Аливаа зүйлийг буруу гэж үзэхдээ гол нь биш сайн дэмжих хэрэгтэй
 
-Таны нэг өдөр хэр ачаалалтай өнгөрдөг вэ. Өдөрт хэчнээн цагийн бэлтгэл хийж байна. Маш сайн амарч байх ёстой гэж дуулсан?

-Жирийн хүмүүсийг бодвол бага зэргийн ачаалалтай ажилладаг. Өглөө эрт босож ажлаа амжуулчихаад болж өгвөл эрт амрахыг хичээдэг. Гадуур ажилгүй бол гэртээ амрахыг илүүд үздэг. Бүхэл өдөржингөө бэлтгэл хийх тохиолдол ч цөөнгүй бий. Хэдий чинээ дасгал сургуулилт хийнэ тэр чинээгээрээ амжилтад хүрнэ шүү дээ
 
-Хүссэн хүн бүр балетчин болж чаддаггүй. Шалгалтаа Ховдод өгч байсан уу, хотод ирж өгч байв уу?

-ОХУ, Хятад хоёр маш хатуу шалгуураар шалгаж авдаг. Ер нь балетад тэнцээд орсон ч гэсэн цаашдаа амжилттай явах эсэх нь тийм ч хялбар асуудал биш. Сонгодог, шилмэл гэдэг утгаараа хүнээс өндөр шалгуур шаарддаг урлаг. Анх хотод Хөгжим бүжигт шалгалт өгөөд тэнцэж байсан.
 
-Хүнд хэцүү дасгал сургуулилтаас шантарч халшрах үе гарч байсан л байх даа

-Бид сонгодог урлагаар бэлтгэгдсэн Монголдоо анхны төгсөлт. Урьд нь Москва, Санкт Петрбург, Украинд энэ чиглэлээр бэлтгэж байсан. Хүүхэд байсан болохоор бүх л зүйлийг хийчих юмсан гэдэг хүсэлтэй тиймдээ ч энэхүү урлагт дурлачихсан байсан болоод хэцүү зүйлийг нь анзаардаггүй байж дээ.

Эх сурвалж: http://chuhal.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж