Хуульд зааснаар Монгол Улсын иргэд нийслэлд 0.07 га, аймгийн төвд 0.35, сумын төв, тосгонд 0.5, нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газар /сумын төвөөс бусад/ газарт 0.07 га газар өмчлэх эрхтэй юм. Гэтэл иргэд газар өмчлөх эрхтэй болоод 10-аад жилийн нүүр үзэж байхад манай улсын нийт хүн амын ердөө 9.9 хувь нь нийт газар нутгийн 0.19 хувийг өмчилж аваад байна. Тэр дундаа хүн амын 45 хувь нь оршин сууж байгаа Улаанбаатар хотод гэхэд хүн амын 7.54 хувь нь газраа өмчилж авчээ. Нэгтгэж хэлбэл, улс орны газар нутгийн ердөө хоёр хувийг хүн амын 10 хувь нь эзэмшээд байна гэсэн үг. Гэтэл Монгол Улсад, тэр дундаа Улаанбаатар хотод эзэмшүүлэх газар бараг байхгүй гэж байгаа. Тийм байтал эрх баригчид газар өмчлөх хугацааг таван жилээр сунгаж байдаг. Чухам хаана газар өмчлүүлэх гэж байгаа нь сонирхолтой байна.
Нийслэл хотод 1.3 мянган хүн байгаа гэж тооцъё. Түүний 7.5 хувь нь гэхээр 200 мянган хүн газар авсан бол их юм. Тийм байхад нийслэлд өмчлөх газар байхгүй болсон гэж байгаа. Үлдсэн 1.1 сая хүн 2018 он хүртэл яаж газар өмчлөх эрхээ эдлэх вэ гэдэг сонирхолтой байна. Өнөөдөр нийслэлд битгий хэл суманд өмчлөх газар алга. Тийм байхад газар өмчлөх хугацааг сунгаж байгаа нь өнөөх эрх баригчдын башир, муу арга.
Тэд 2008 оны сонгуулийн өмнө сунгасан. Одоо дахиад сунгаж байна. Хэрвээ газар өмчлөх эрхээ эдэлье гэвэл хаана хэдэн га газар өгөх юм бол гэдгийг бодоод олохгүй байна. Аягүй бол Я зэрэглэлийн бүсэд жаахан газар өгнө гэж дайрах байлгүй. Аль хэзээнээс газрыг А, Б гэх зэргээр зэрэглэж эхэлсэн. А зэрэглэлийн бүсэд бол эрх мэдэлтнүүдийн халаасанд орсон. Тэдэнд өнөөх тогтоож өгсөн хэмжээ огт хамаагүй. Бараг л нэг сумын нутагтай тэнцэх хэмжээний газар авчихаад байгаа.
Б зэрэглэлийн бүсэд ч гэсэн баячууд, газрын наймаачдын гар хөл дүрэгдчихсэн. Энэ мэтээр Я зэрэглэлийн бүсэд л багахан газар үлдсэн байх. Тэгэхээр эрхэм эрх баригчид сайхан инээж байгаад мань мэтийгээ Я зэрэглэлийн бүс рүү цөлөх гээд байгаа бололтой юм. Эсвэл хөдөө явж Ё, И зэрэглэлийн бүс хавьцаа жижиг газар авах сонголт үлдээгээд байна.
Өнөөх л баялгийн тэгш бус хуваарилалт. Нэгэнт Монгол Улсын иргэн бүрт газар өгнө гэж хуульчилчихаад, тэгш бусаар хуваарилж, Я зэрэглэл санал болгож байгаа нь том доромжлол биш үү. Гэтэл өнөөдөр бараг л А зэрэглэлд хамаарах 100 айл орчимд Хятад хороолол үүсээд байж байна.
Монгол Улсын газар нутаг лиценз нэрээр гадныхны мэдэлд орчихлоо. Энэ байдлаараа хэдхэн жилийн дараа Я зэрэглэлийн бүсэд ч газар үлдэхгүй нь бололтой. Уг нь хүмүүс Я зэрэглэлийн бүсэд амьдармааргүй л байгаа байлгүй дээ.
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин