Санал өгөхөд 24 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Санал өгөхөд 24 хоног үлдлээ

Энэ өдрүүдэд сонгуульд оролцох намуудаас нэр дэвшигчдийг СЕХ бүртгэж, тойрог хэсгийн хороонд нэрсийг хүргүүлнэ. Ингэснээр нэр дэвшигчид батламжаа гардан авч албан ёсоор нэр дэвших эрхтэй болж байгаа юм. НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор батламжаа авч дууссан. Харин УИХ-д нэр дэвшигчдийн бүртгэх эсэх асуудлыг СЕХ өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаар шийдвэрлэсэн юм. Сонгуульд нэр дэвшигчид батламжаа авсан өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаагаа эхлэх учиртай. Тойрог хэсгийн хороодод нэр очсон өдрөөс сурталчилгаа эхэлж, иргэдэд сонгох эрхийн талаархи  мэдээллийг тойрог, хэсгийн хороодоор дамжуулан хүргэх юм. Энэ жил сонгуулийн сурталчилгаа даруухан эхэлж байна гэх хүмүүс олон байна. Зурагт хуудас тарааж, айлын хаалга нүддэг ухуулагч нар хараахан ажлаа эхлээгүй байгаа бололтой. Харин зарим дүүргийн хэсгийн хороод албан ёсоор үүдээ нээж сонгогчдод хүргэх ажлаа танилцуулаад эхэлсэн байна.

Таван намын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзжээ

Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн бямба гаригт УИХ-д нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлаар хуралдсан байна. УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийсэн 11 нам, хоёр эвслээс тойрогт нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, нам, эвслээс нэр дэвшигчтэй холбоотой баримт бичгийг нягтлан шалгасан байна. Нэр дэвшигч нь СЕХ-оос гаргасан журмын дагуу бичиг баримтаа үнэн зөв, хуулийн дагуу бүрдүүлэх ёстой. Нэр дэвшигчдийг бүртгэх журмын дагуу зөрчилтэй, хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн Монголын Уламжлалын нэгдсэн нам, Эх орон нам, Монголын Социал-демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгжлийн Хөтөлбөр  зэрэг намын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан байна. Мөн зарим нэр дэвшигчид нь төрийн албанаас болон албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тухай шийдвэр, хугацаа хэтэрсэн зээлийн өр, төлбөргүй байх тухай эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг ирүүлээгүй учраас бүртгэхээс татгалзсан байна.

Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхийг түр хойшлуулаа

МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс түр татгалзсан хариуг Сонгуулийн ерөнхий хороо гаргажээ. Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр буюу зургадугаар сарын 4-нд Сүхбаатар дүүрэгт болох юм. Тиймээс СЕХ-нд нийслэлийн Прокурор болон Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүх ажиллагаа эхэлсэн учраас Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхгүй байхыг хүссэн бичгийг СЕХ-нд хүргүүлсэн байна. Үүний дагуу СЕХ хэлэлцээд Н.Энхбаярыг бүртгэхийг түр хугацаагаар хойшлуулсан байна. Өмнө нь Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурал болсон ч түүний биеийн байдал муу учраас шүүх хуралд оролцох боломжгүй гэж шүүх хурлыг хойшлуулаад байсан юм. Түүний биеийн байдал сайжирсан гэж эмч нар хэлж байгаа бөгөөд энэ удаад өөр шалтгаан гарч ирэхгүй бол Н.Энхбаярт холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болох юм. Хэрэв шүүх хурал болж Н.Энхбаярт холбогдох хэргийг хэлэлцээд ял шийтгэл оноовол Н.Энхбаярыг нэр дэвших эрхээс нь түтгэлзүүлнэ, харин зургадугаар сарын 28-нд болох УИХ-ын сонгуулиас өмнө ял шийтгэлгүй, шүүх хурал хойшилсон тохиолдолд тэрээр нэр дэвших эрх нь нээлттэй үлдэнэ гэж үзэж байсан ч нийслэлийн Прокурор, Сүхбаатар дүүргийн шүүхээс хүссэн хүсэлтийн дагуу СЕХ Н.Энхбаярыг бүртгэлгүй хойшлууллаа.  Сонгуулийн тухай хуулийн дагуу энэ сарын 6-нд нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа дуусах юм. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших эрх нь хоёр хоногийн дараа тодорхой болно. Мөн албан бус эх сурвалжийн мэдээслнээр МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс намын жагсаалтаар нэр дэвшүүлсэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш С.Нарангэрэл, ШУТИС-ийн багш С.Авирмэд нарын нэрийг татуулсан байж магадгүй гэнэ. УИХ-ын Сонгуулийн шинэчилсэн хуулиар төрийн албан хаагчид УИХ-д нэр дэвшихээр бол энэ оны нэгдүгээр сарын 1 гэхэд ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой. Гэтэл эдгээр хоёр нэр дэвшигч нь төрийн үйлчилгээний албан хаагч буюу МУИС, ШУТИС-ийн багш нар учраас албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй нэр дэвшсэн хэмээн үзэж нэр дэвшүүлэхээс татгазлсан хүмүүсийн тоонд орсон сурагтай байна.

2500 орчим иргэн санал өгөхөөр бүртгүүлжээ

Гадаадад амьдарч, ажиллаж байгаа монголчууд энэ жил сонгуульд оролцох эрхтэй болсон. Өнгөрсөн баасан гаригийн тооллогоор 39 оронд ажиллаж, амьдарч буй Монгол Улсын 2500 орчим иргэн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн байна. Гадаадад байгаа монголчуудын бүртгэлийн хугацаа  тавдугаар сарын 30 буюу өнгөрсөн пүрэв гаригт дууссан аж. Энэ удаагийн сонгуульд гадаадад ажиллаж, амьдарч байгаа 2500 гаруй иргэн энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшин оролцож буй намуудад санал өгөх юм. Гэвч гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тоо эцэслэн гараагүй гэдгийг албаныхан хэлсэн.

 Гадаадад амьдарч, ажиллаж байгаа иргэдийн 33 мянга орчим шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бөгөөд 2500 орчим нь бүртгүүлсэн нь бага тоо гэдгийг албаныхан хэлж байгаа. Энэ жилийн сонгуульд санал өгөх иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай гэж заасны дагуу шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэд сонгуульд санал өгөхөөр  бүртгүүлсэн байна. Гадаадад амьдарч буй монголчуудаас санал авах ажлыг тухайн оронд суугаа Монголын Дипломат төлөөлөгчдийн газар зохион байгуулж, дипломат төлөөлөгчдийн газрын 172 хүн сонгуулийг зохион байгуулна. Гадаадаас яг хэдэн хүн санал өгөхөөр бүртгүүлсэн бэ гэдгийг эцсийн байдлаар энэ сарын 6-нд гаргах юм. Үүний дараа саналын хуудсыг дугтуйд битүүмжлэн тухайн орон руу явуулах аж. Энэ сарын 10-нд гадаадад байгаа сонгогчдын саналыг авах юм. Саналын хуудсыг  УИХ, НИТХ-ын сонгуулийн саналын дүнтэй  хамт тоолох юм.

Сонгуульд оролцох нэр дэвшигчид намууд сурталчилгаагаа хийхэд 24 хоногийн хугацаа үлдэж буй. Иргэдийн санал өгөх хуудсыг сонгууль болохоос тав хоногийн өмнө тойргийн хороодод тараах юм. Энэ жил 2500 орчим хэсгийн хороод ажиллахаар болсон билээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж