Путин баруунаас нүүр буруулав

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Путин баруунаас нүүр буруулав

Путин баруунаас нүүр буруулав

Путины Зөвлөлтийн орон зайгаас гадагш хийсэн айлчлал зургадугаар сарын 1-нд Германд ирснээр нэмэгдэв. Тэрээр анхны гадаад айлчлалаа Белорусьт хийж, албан ёсны Минскт найдлага өгөв. Хуучны зогсонги байдалд байсан асуудлуудыг шийдэх хэмжээнд сөхлөө. Ингэснээр Минскт зээл өгнө, атомын станцуудыг барихаар болж байна. Харин үүний эсрэг хийх бусад орны хориг арга хэмжээнээс Орос хамгаалах гэнэ.

Владимир Путин Берлинд зургадугаар сарын 1-нд ХБНГУ-ын холбооны канцлер Ангела Меркельтай (Angela Merkel) уулзахаар ирж байгаа нь Герман тэдний хувьд чухал үүрэгтэйг харуулж байгаа хэрэг.

Оросын ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон Путины Германд хийсэн айлчлал нь хамгийн богино айлчлал болов. Зургадугаар сарын 1-нд Германы канцлер Ангела Меркель (Angela Merkel) ба ерөнхийлөгч Йоахим Гаук (Joachim Gauck) нартай тавхан цаг л Путин уулзав. Хэлэлцээрийн гол асуудлын нэг нь Сири дэх ялагдал байсан юм. Орос уг асуудлыг улс төрийн шийдвэрээр зохицуулах ёстой гэсэн байр суурьтай байна. Энэ хэлэлцээрийн нэг шинэлэг зүйл нь Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны хэлсэн “Орос Сирийг иргэний дайнд түлхэх дэглэмийг дэмжиж байна” гэдэгт давхар хариулт болов.

“Орос ямар ч байсан ерөнхийлөгч Ассадыг дэмжин нэг талыг барьж байна гэж хэлдэг хүмүүс алдаж байна. Бид дэглэмийг ч, сөрөг хүчнийг ч дэмжээгүй. Харин асуудлыг улс төрийн аргаар шийдэхийн төлөө байна” гэж Путин хэлжээ. Сирид нийлүүлж байгаа Оросын зэвсгийг иргэний сөргөлдөөнд ашиглах боломжгүй гэж тэр тайлбарлав. Меркель үүнтэй санал нийлж байна гээд харин асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад ямар замаар явах вэ гэдэгт зөрөлдөөн гардаг гэв.

“Герман улс Орост ардчилал хэрхэн хөгжих вэ гэдгийг сонирхож байна” хэмээн Меркель хэлэв. Үүнийг ч батлах мэт Путиныг эсэргүүцсэн жагсаал канцлерийн албаны дэргэд болж байлаа. Хэдийгээр мянгаад хүн канцлерийн гадаа хашгирч байсан ч түүнийг Путин сонсоогүй л болов уу. Учир нь яг энэ мөчид төрийн дуулал, цэргийн үлээвэр хөгжим тоглож байсан юм.

Ямар ч байсан уулзахдаа үнсэлдэн, нөхөрсөгөөр инээж байсан хоёр лидерийг гаднаас нь харахад тааламжтай байгаа харагдав. Хувцас нь хүртэл тэдний зохицлыг харуулсан гэж болно. Санаа нэг буйгаа тэд цаг гаруй үргэлжилсэн хэлэлцээрийн дүнгийн талаар хийлгэсэн хэвлэлийн хурал дээр батлав. Путин цаг гаруй хожимдон ирсэн ч Меркель үүнийг огт тоосонгүй. “Оростой маш эрчимтэй, нөхөрсөг харилцаатай байгаа” гэж Меркель онцлов. Ангела Меркелийн хэлсэн үгийн талаар Путин мөн дулаан, элэгсэг үг хэлсэн юм. Гэсэн ч үүнийг дүр эсгэлт гэж ойлгох үндэслэлтэй. Хэврээ хоорондын харилцааг хэлсэн шигээ хүндэтгэж байсан бол Путин хэвлэлийн хурлаасаа бүтэн цагаар хоцрохгүй байх байлаа.

Путин Меркельтэй хэлэлцээр хийсний дараа Францыг зорив. Францын ерөнхийлөгч Олландтай хэлэлцээр хийсэн Путин Сирийн талаархи байр сууриа өөрчилсөнгүй. Сирийн эрх баригчдын  эсрэг хориг арга хэмжээ авах нь утгагүй гэж Орос зүтгэсээр байна. Гэлээ ч талууд Сирийн сөргөлдөөнийг зөвхөн улс төрийн замаар шийдэх ёстой гэдэгтээ санал нэг байв. Арабын орнуудын лиг ба НҮБ-ын тусгай элч Кофи Аннаны энхийн төлөвлөгөө хэрэгжих ёстой гэж Меркель, Путин, Олланд онцолжээ. Үүний зэрэгцээ Францын ерөнхийлөгч Сирийн ерөнхийлөгч Башар Ассад огцрохгүй бол сөргөлдөөнийг зохицуулах боломжгүйг онцолжээ.

Европ Америкаас чухал

Европ, нэн ялангуяа Герман нь Оросын эдийн засгийн гол чиглэл юм. Эцсийн эцэст Европын холбоо нь Оросын худалдааны чухал түнш юм. Тийм ч учраас Путин Меркельтэй хэлэлцээр хийгээд Парист очин Францын ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзсан юм. Үүнээс хоёр өдрийн дараа буюу зургадугаар сарын 3-4-нд Путин төрсөн хот Санкт-Петербургдээ Европын холбоо-Оросын 29 дүгээр уулзалтын зочдыг хүлээн авлаа. Уулзалтанд Европын холбооны Зөвлөлийн дарга Херман ван Ромпей ба Европын комиссийн дарга Жозе Мануэл Баррозу нарын том зочид ирэв. Эдгээр уулзалтууд нь Путины хувьд Европ бол сэтгэл нь хүйтрээд байгаа АНУ-аас ямар их чухал гэдгийг харуулж байна. Ямар сайндаа л Барак Обаматай Кэмп-Дэвидэд уулзахаас тэр хамгийн сүүлчийн эгшинд аятайхан татгалзаад авав гэж. Өөрийн дургүйцлээ үүнээс илүүтэйгээр хэрхэн гаргах билээ.

Үүний цаана ерөнхийлөгч Барак Обама Пуужингийн довтолгооны эсрэг системээ Европт байрлуулахыг зорьж байгаад хамаг асуудал байгаа юм. Обамагийн энэ үйлдэлийг Путин эрс эсэргүүцэж байгаа билээ. Үүний зэрэгцээ Обама сонгуулийн өрсөлдөөнөөр дахин гарч ирэх эсэх нь эргэлзээтэй гэдгийг Путин ойлгож байна. Тиймээс АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль дуустал Орос-Америкийн харилцаа зогсонги байдалтай болжээ. Гэхдээ үүнийг цэвэр тактикийн нүүдэл гэж тооцож болохгүй. Путин Баруунаас зайгаа улам холдуулах болно. Авторитар маягийн захиргаатай, Орост ардчиллын хомсдолтой гэж тэр АНУ ба Европын байнгын шүүмжлэлд өртөөд байгаадаа ч биш. Юуны өмнө Оросын гадаад бодлогын төв нь хуучин Зөвлөлтийн орон  зай дахь интеграцлах чармайлтаас гадна Хятадтай харилцаагаа бэхжүүлэхэд байгаа юм.

Москвад тавтай морил

Хэдэн сарын турш Евроазийн холбоо гэсэн санааг Путин идэвхитэй зүтгүүлж байна. Одоогоор түүнд Оросоос гадна Белорусь, Казахстан хоёр л нэгдээд байгаа юм. Харин хуучин Зөвлөлтийн орон зай гадаад бодлогод нь тэргүүлэх болсон нь Путины тангараг өргөх ёслолын дараа мэдэгдэхүйцээр ил болов. Тэр шинэ Засгийн газар байгуулна гэж шалтаглан Их наймын уулзалтад очоогүй ч Киргиз, Узбекистан, Тажикстан, Казахстан, Белорусь, Украины ерөнхийлөгч нарыг Тусгаар тогтносон орнуудын холбооны албан бус уулзалтаар хүлээн авч амжлаа.
Путин хуучин Зөвлөлтийн холбоот улсуудыг улс төр, эдийн засгийн хувьд Москвагаас уяатай байлгахыг хүсч байна. Эдийн засаг, санхүүгийн хямралын улмаас АНУ ба Европын холбооны байр суурь суларсан нь түүнд аятай нөхцлийг бүрдүүлж буй. Америкчууд даяарчлалын тероризмтай хийсэн тэмцэлдээ ядарч, евро бүсийн хямралын улмаас Европын холбоо бусдыг татах чадвараа алдсан гэж болно. Москвад тулгуурласан интеграцийг бэхжүүлэхэд таатай нөхцөл нь энэ болжээ.

Хятадын хүчин зүйл

Мөн л ийм шалтгаанаар Москвагийн гадаад бодлогод Хятадын үүрэг нөлөө өсч байгаа юм. Нэгдүгээрт, Орос-Хятадын эдийн засаг худалдааны харилцааг өргөжүүлэх нөөц боломж байгаа гэж Москва үздэг. Хоёрдугаарт, Хятад Москвагийн хувьд олон салбар улс төрийн чухал үүрэгтэй болж байна. Тухайлбал, Сирийн асуудал шиг даяарчлалын дипломат тохиролцоо, дээр дурдсан Евроазийн холбоо зэргээр гарч байгаа. Сүүлийн жилүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд Хятад нэн түрүүнд эдийн засгийн сонирхлоо Төв Азид идэвхитэй явуулан Оростой болон хуучин Зөвлөлтийн орнуудтай аюулгүй байдлын бодлогын салбарт нягт хамтран ажиллах болов. Тиймээс ч Путин европ уулзалтуудынхаа дараа Узбекистанаар дамжин Бээжинд айлчлан Шанхайн байгууллагын уулзалтаар БНХАУ-ын дарга Ху Жиньтаотай хэлэлцээр хийнэ. Бээжингээс буцах замдаа Путин Казахстанд айлчлах юм.

Путины айлчлалын улс төрийн хуваарь нь түүний сүүлийн үед хийсэн гадаад бодлогын мэдэгдлүүдийнх нь дагуу болж байна. Хэрэв үнэхээр тийм болж таарвал “Ойртон нягтарснаар өөрлөлт” гэсэн Европын Оростой харьцах бодлого нурж байна гэсэн үг болно.

Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж