Ажилгүйдэл америкчуудыг, назгайрал хятадуудыг

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Ажилгүйдэл америкчуудыг, назгайрал хятадуудыг

Обамагийн “ажилгүйдэл”

Өнгөрсөн долоо хоногт Хосни Мубаракийг шүүхээс насаар нь ялласныг цаазаар авах ял болгуулах гэж Тахририйн талбайг дахин босогчид бүрхэж, Английн алдарт Биг Бен цамхагт цагийг хатан хаан Елизаветагийн нэрээр нэрлэх санал “газар авсан” гээд содон сонирхолтой олон үйл явдал болж өнгөрөв. Харамсалтай нь олны анхаарлыг татсаар ирсэн олон улсын эдийн засгийн байдал улам л хямарсаар байгаа тааруухан мэдээ тэдгээрийн дотор бас нэг анхаарах гол сэдэв болж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн эцэс гэхэд АНУ-ын ажилгүйдлийн төвшин огцом дээшилсэн хэвээр бөгөөд Хятадын үйлдвэрлэлийн өсөлт дөнгөн данган хадгалагдаж, харин Европын аж үйлдвэр уналтад орсон нь байдлыг улам түгшүүртэй болгов. Тэр дотроо АНУ-д ажилгүй иргэдийн тоо нэмэгдсэн хэвээр байгаа нь ижил зиндааны бусад эдийн засагт ч хүчтэй цочрол үзүүлж байгаа гэнэ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард АНУ дахь ажилгүйчүүд 8.1 хувьд хүрээд байсан бол өнгөрсөн тавдугаар сарын байдлаар 8.2 хувьд хүрч, дахин нэмэгдлээ. Хэдийгээр АНУ-ын эрх баригчид энэ асуудлыг анхаарч, арга хэмжээ авч байгаа гэж мэдэгдсээр байгаа ч сүүлийн сард л гэхэд америкчуудын ердөө 60 мянга нь л шинээр ажлын байртай болсон гэнэ. Энэ бол олон зуун сая хүнтэй тус орны хувьд  үнэхээр чамлалттай тоо байгаа билээ.

Ажлын байрны энэхүү огцом уналтын шалтгааныг мэдээж хөрөнгө оруулалт болон гадаад зах зээлийн хямралтай холбон ойлгож байгаа бөгөөд аль өмнөх оны хавраас эхэлсэн гэж шинжээчид дүгнэж байгаа аж. Өнгөрсөн хавар Японд болсон газар хөдлөлтийн гамшгийн дараа ихээхэн хохирол амссан “Тоёота” зэрэг томоохон автомашины үйлдвэрлэлийн АНУ дахь салбарууд түр зогсолт хийж улмаар ажилчдынхаа цалинг танаж эхэлсэн билээ. Энэ мэтээр дэлхийн хамгийн том эдийн засаг дахь хөдөлмөрлөх хүчний тогтвортой байдал алдагдаж ирсэн гэж тэд үзэж байгаа юм байна. Дараахан нь, Европын төсвийн алдагдлаас үүдэлтэй санхүүгийн хямрал нүүрлэснээс болж америкийн хөрөнгө оруулагчид маш хянуур бөгөөд болгоомжтойгоор хөрөнгөө зарцуулах болжээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтыг даган гарч ирэх хөдөлмөрийн байрны тоо улам бүр цөөрсөөр байгаа гэсэн үг юм. Одоо ч гэсэн хөрөнгө оруулагчдыг айлгах мэдээллүүд гарсаар байгаа нь АНУ-д ажлын байр шаардлагатай хэмжээгээр нэмэгдэнэ гэх итгэлийг төрүүлэхгүй байгаа аж. Тухайлбал, Грекийн замбараагүй улс төрийн хямрал үргэлжилж удахгүй болох ээлжит сонгууль ямар үр дүн авчрах нь тодорхойгүй байгаагаас Европын зах зээлийг чиглэсэн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтууд улам хумигдаж, үгүйдээ л хүлээлтийн байдалтай байгаа ажээ. Дээр нь Испанийн банкны системийн хямрал болон АНУ-ын дотоодын үйлдвэрлэлийн зах зээл дээрхи үнэлгээ буурсан нь эдийн засаг хэзээ тогтвортой болох вэ гэсэн том асуултыг Барак Обамад тулгаж байгаа аж. Обамагийн хувьд энэ төвөгтэй байдал нь оны сүүлээр болох сонгуулийн үеэр гол өрсөлдөгч Митт Ромнигийн өмнө барьц алдах гол шалтгаан нь болж ч магадгүй байгаа юм.

Хятадын назгайрал

Дэлхийн тэргүүлэгч эдийн засагт ажилгүйдлийн хямрал нүүрлэж байх энэ үеэр эдийн засгийн хэмжээгээрээ аман хүзүүддэг Хятад улсад ч мөн томоохон асуудал гарч ирлээ. Хятадын эдийн засаг сүүлийн жилүүдэд маш эрчимтэй өссөөр ирсэн боловч “нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино” гэгчийн үлгэр болж энэ жил тус улсын үйлдвэрлэлийн хэмжээ илт унаж эхэлсэн ажээ. Өнгөрсөн сарын бүрэн мэдээгээр бол Хятадын дотоодын зах зээлийн эрэлт унаснаас болж үйлдвэрлэлийн хэмжээ энэ оныхоо хамгийн муу үзүүлэлтийг “амссан” байна. Хятадын ханган нийлүүлэлтийн индексийн гаргаж байгаа дүнгээр бол бүтээгдэхүүн гаргалтын хэмжээ өнгөрөгч тавдугаар сард 50.4 хувиар унасан байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ оны хамгийн муу үзүүлэлт болж байгаа бөгөөд цаашид нөхцөл байдлыг сайжруулахын тулд нэн  яаралтай дэлхийн хоёр дахь эдийн засагт идэвхжүүлэлт бий болгох хэрэгтэй байгаа гэнэ. Гэтэл Хятадын үйлдвэрлэгчдийн зах зээлээ эрэлхийлсэн идэвх нэлээд суларсан гэж зарим шинжээчид дүгнэж байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хятадын үйлдвэрлэгчдийн нийлүүлэлтийн гэрээ хийсэн хувь хэмжээ бараг 54 хувьд хүрч сүүлийн 13 сарын хамгийн өндөр үзүүлэлтийг харуулж байсан бол тавдугаар сард огцом унаж 50 хувь ч хүрэхгүй болсон байна. Энэ байдал цаашид үргэлжилбэл хятадын үйлдвэрлэгчдийг доройтуулж мэдэх юм гэж Хонгконгийн шинжээчид үзэж байгаа юм. Тэдний дүгнэж байгаагаар бол өнөөдөр хятадын үйлдвэрлэгчдэд шинээр байгуулах гэрээний “ундарга нь ширгэж” мэдэхээр байгаа аж. Нөгөө талаар хятадын үйлдвэрлэл унаж байгаа нь урьд өмнө байгаагүй хурдтай ажиллах болсон ханган нийлүүлэгчдийн “алхаа”-г гүйцэхгүйд хүрч байгаа гэж тодорхойлжээ. Гэхдээ хөрөнгө оруулагчид Хятадын эрх баригчид өөрийн томоохон эдийн засагтаа идэвхжүүлэлт өгч чадах дорвитой алхам хийнэ гэж найдаж байгаа бөгөөд хятадын Синьхуа агентлагийн мэдээлж байгаагаар бол нефть дамжуулах хоолойн бүтээн байгуулалт нь урьд өмнө болж байгаагүй томоохон идэвхжүүлэлтийг Дундад улсын эдийн засагт авчрах бололтой.

“Брикс” тоосгоо өрсөөр л …

Дуудлагаараа англи хэлний “тоосго” гэсэн үгтэй ижил дуудагдах нэгэн эвслийг Орос, Хятад,Энэтхэг, Бразиль улсууд хамтран бий болгосноор дэлхийн эдийн засагт бас нэг хүчтэй тоглогчийг төрүүлэхээр зорьсон бөгөөд хожим нь Өмнөд Африкийн улс нэгдэн орсон юм. ( Brasil,Russia,India,China,South Africa- BRICS )Ямар ч байсан дэлхийн эдийн засгийн тоймчдын анхааралд тусгайлан авч үзэн дүгнэлт гаргах хэмжээнд хүртлээ томорсон энэ нэгдлийн хувьд мөн л амаргүй цаг үе иржээ. Хэдийгээр БРИКС-ийн орнууд өнөөгийн байдлаар хөгжилтэй орнуудаас нийлүүлэх импортоос тийм ч их хамааралтай биш боловч Европ болон Хойд Америкийн орнуудад болж байгаа хямрал ямар нэг хэмжээгээр нөлөөлсөөр байгаа аж. Тиймээс БРИКС-ийн орнуудын эдийн засгийн өсөлт ч мөн удааширсаар байгаа гэнэ. Тэгвэл гол тулгуур орны нэг нь болох Хятадын тухайд бид түрүүнд дурдсан. Гэтэл БРИКС-ийн өөр нэг том гишүүн, эдийн засгаараа Азид гуравт орж байгаа Энэтхэг ч мөн асуудалтай байгаа гэнэ. Тэгэхдээ Энэтхэгийн хувьд гадаад орчин нөхцөлөөс гадна дотоодын хямрал нь давхар нөлөөлж байгаа ажээ. Орон даяар гарч байгаа ажил хаялтын улмаас маш олон дэлгүүр хаагдаж, нийтийн тээврийн үйлчилгээ доголдох болсон байна. Энэтхэгт шатахууны үнэ арав хоногийн өмнөөс огцом өссөн нь дээрхи хямрал гарахад нөлөөлж байгаа бөгөөд энэтхэгийн сөрөг хүчин болон үйлдвэрчний эвлэлүүд ажил хаялтыг зохион байгуулсаар байгаа юм. Энэтхэгийн төрийн мэдэлд байдаг нефтийн компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн нь ийм байдалд хүргэж улмаар Энэтхэгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа ажээ. Тус улсын эдийн засагчдын хүлээж байснаар бол эхний улиралд тус улсын ДНБ-ий хэмжээ нэлээд өндөр өсөлттэй гарах байсан ч тэгсэнгүй. Өмнөх оны мөн үетэйгээ харьцуулахад 5.3 хувиар илүү дүнтэй гарсан нь энэтхэгчүүдийн хувьд чамлалттай тоо гэнэ. Өнгөрсөн 2011 оны сүүлийн улиралд Энэтхэгийн ДНБ-ний өсөлт 6.1 хувьтай гарсан бөгөөд эдийн засагчид энэ эрчээ алдахгүйгээр энэ онд ч мөн сайн үзүүлэлт гарна гэж байсан нь ийнхүү талаар болсон байна.

Тэгэхдээ шатахууны үнэ Энэтхэгийн хямралын гол шалтгааныг бүхэлд нь “үүрэхгүй” аж. Бараг тэрбум хүнтэй болж байгаа тус оронд хүнсний бүтээгдэхүүний үнэ байнга өссөөр байгаа бөгөөд энэ нь инфляцийг хөөрөгдөж одоо 7 хувьтай байгаа аж. Амьдралын өртөг улам бүр нэмэгдэхийн зэрэгцээ энэтхэгийн мөнгөн тэмдэгтийн ханш унаж байгаа нь байдлыг улам ч хүндрүүлж байгаа бололтой. Өнгөрсөн оноос эхлэн энэтхэгийн рупигийн ам.доллартай харьцах ханш 27 хувиар буурсан нь тус улсын импортод хүнд цохилт болсон байна. Үүнээс болж үнэ нэмэгдсэнээр худалдан авалтын тоо ч буурсан ажээ. Мөн Энэтхэгээс хүнсний зүйлийг голчлон авдаг Европын худалдан авагчдын эрэлт буурч байгаа нь ч мөн тус улсад сөргөөр нөлөөлсөөр байгаа юм. Манай хойд хөрш Орос улс ч бас БРИКС-ийн гол гишүүний нэг бөгөөд эдийн засгийн өсөлт нь бусдынхаа адил удааширч байна. Энэ оны эхний улиралд ОХУ-ын ДНБ-ийн өсөлт өмнөх оныхтой харьцуулахад 4.1 хувьтай гарсан нь өнгөрсөн оны дунд үеэс хойшхи хамгийн муу үзүүлэлт байсан аж. Оросын эдийн засгийн өсөлт удаашрах болсон шалтгаан нь хөрөнгө оруулалтын орчин таатай бус байгаа болон төсвийн хямралаас үүдэн Оросын байгалийн хий, нефть болон металлийн гол худалдан авагчид болох Европын орнууд эрэлтээ багасгасан нь нөлөөлсөн байна.   

Мөн дээрхи эдийн засгийн дүн мэдээг харахад БРИКС-ийн хүн ам олонтой орнуудын хувьд хүн амын өсөлт өндөртэй байдаг нь тус улсуудын эдийн засгаас байнгын өсөлтийг шаардаж байгаа бөгөөд  эдийн засгийн сууриа өргөтгөхийг ч мөн шахаж байгаа аж. Хэдийгээр дээрхи орнуудын өсөлт ч мөн уудаширч байгаа боловч Европын орнуудыхтай харьцуулахад атаархлыг нь төрүүлэхээр байгаа гэнэ. Тухайлбал Өмнөд Африкийн эдийн засгийн өсөлт гэхэд л Германыхаас өндөр гарчихаад байна шүү дээ.

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж