Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Эмчилгээний эрх буюу тусгай зөвшөөрөл зарна гэвэл, хүмүүс намайг галзуурсан байх гэнэ. Мэдээж хүн эмчлэхийн тулд өчнөөн жил сурч, дадлагажиж байж тусгайлсан шалгалт шигшүүрийг давж л байж тусгай зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллагаас авдаг байж таараа. Гэтэл түүнийг эмнэлгийн болоод хүний биеийн эрүүл мэндийн талаар ямар ч ойлголтгүй хүнд зарчихаж болох уу даа. Тэгдэгсэн бол хуулийн зөвшөөрөгдсөн алуурчид л олон болох байх. Гэтэл үүнтэй адилхан зүйл амьдрал дээр тохиолдоод манай ихэс дээдэс зөвшөөрөөд байгаагийн учир юу вэ? Үүнийг бид  мэддэг ч мэддэггүй юм шиг, ойлгодог ч ойлгодоггүй юм шиг явцгаах нь юу вэ?

1997 онд батлагдсан “Ашигт малтмалын тухай” хууль эдийн засгийн байдал сул дорой байсан тухайн үедээ маш ололттой сайн хууль байжээ. Бараг орчуулгын гэж хүмүүс нэрлэдэг ч гэсэн гадаадын хөрөнгө оруулалтыг татахад үр дүнтэй хууль байсан нь харагддаг. Хэдий тийм боловч дэлхий нийтэд байдаггүй зарчмын нэг том зүйлийг санаандгүй эсвэл санаатай оруулсан нь мордохын хазгай болох эхлэлийг тавьжээ. Энэ юу вэ гэвэл тусгай зөвшөөрлийг өмчийн шинж чанартай бол­госон явдал юм. Тусгай зөв­шөөр­­лийг хариуцсан төрийн байгуул­лагаас авч, сунгуулж, эсвэл үйл ажиллагаагаа явуулж чадахгүй бол буцаан хураалгадаг. Харин өмчийн эрхэд захиран зар­цуулж, худалдаж, худалдан авч, шилжүүлэх багтдаг. Тусгай зөв­шөөр­­лийг шилжүүлэх гэдэг нь Монголын “бахархмаар” онцлог юм.

Лицензи буюу тусгай зөвшөөрөл бол хэдийгээр олон төрөлтэй байх боловч үндсэн ойлголт нь нийтээр хоригдогдсон ямар нэгэн үйл ажиллагааг тодорхой нөхцөлд явуулах тусгайчилсан зөвшөөрөл юм. Өөрөөр хэлбэл, дурын хүн хүн эмчлээд явж болохгүй учир хүн эмчлэх лицензийг мэргэжлийн сургуулийг тодорхой түвшинд амжилттай төгссөн, төгсөөд тодорхой хугацааны туршид эмчилгээний үйл ажиллагаанд дагалдан оролцсон хүнд тодорхой нөхцөл шалгууртайгаар олгоно. Гэтэл “Ашигт малтмалын тухай” хуулийн 21 дүгээр буюу “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх”, 27 дугаар буюу “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг” зүйлүүдэд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөө шилжүүлэх эрхтэй болсон нь хайгуулын ба ашиглалтын тусгай зөвшөөрөл өмч хэлбэртэй болж, лицензи шилжүүлэх нэрийн дор хууль бусаар худалдах нь нөхцөл болжээ. Үүнээс үүдэн гарсан нөхцөл байдлыг бид сайн мэднэ.

Хэдийгээр Үндсэн хуулиар газрын хэвлий дэх ашигт малтмал төрийн өмч мөн боловч эзэн гэгдэх Монголчууд бид мэдээгүй, чадаагүй байхад гадныхан биржүүдээс хөрөнгө босгож байна. Хятад 232, Англи 443, Бермуд 156 гэх мэтчлэн нийт 2230 уул уурхайн лицензийг гадаадынхан эзэмшдэг гэх мэдээлэл олон нийтэд зарлагджээ. Эдгээр нь гадны ноёдыг баяжуулж байгаагаас монголчуудад наал­дац­гүй байгаа тул иргэний хөдөл­гөөнийхөн газар нутгийн 60 хувь нь лицензи нэрийн дор гаднаханд алдчихлаа гэж хэлдэг. Мэдээж манай газар нутгийг үүрээд явчихгүй ч гэсэн газар нутагтаа төрийн хяналтаа алдаж өөрийн бус болгочихсон байгаа нь сүүлийн 20 жилд төр барьсан намуудын алдаатай бодлогын үр дүн юм. Үүний тодорхой жишээ бол “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” гэх урт нэртэй гээд хэрэгжүүлэхээсээ байтугай хэлэхээсээ залхуурсан нэг хууль байна. Гол мөрний сав, ойн бүс газар уул уурхай эрхлэх нь одоогоор бидэнд ашиггүй, шаардлагагүй. Гэтэл үүнийг хэрэгжүүлэхийн тулд төрөөс тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд алданги төлөх ёстой болж байна гэнэ. Энэ бол бодлогын алдаа биш, үүнийг хамгийн зөөлнөөр хэлэхэд, Монголчуудын эсрэг явуулж байгаа хорлонтой бодлого гэвэл зохистой.

Мөн социализмын үед төрийн болон тус­­ламжийн хөрөн­­­гөөр хийгдсэн геологийн судал­­­­гаагаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцтэй газ­руу­­дыг тусгай зөвшөөрөл гэж дархлан төрийн эрх баригчид болон тойрон хүрээлэгч нөх­дүүд аваад ченжилдэг нь нууц биш. Насаараа идэх хөрөн­гөө олчихлоо гээд өндгөө дарсан шувуу шиг хав дараад сууж байгаа. Хэрэв тусгай зөвшөөрлийг өмч хэлбэртэй бол­гоогүй байсан бол тэд ингэж дарж сууж чадахгүй байсан. Тэр байтугай сонгогчдын саналыг худалдан авахын тулд сонгуулийн өмнө тусгай зөв­шөөр­лөө зарж сонгуулийн мөнгө хийдэг гэж УИХ-ын нэг эрхэм гишүүн мэдэгдэж байсан. Эцсийн эцэст, улс төрийн тэмцэл жинхэнэ улс төрийнх биш уул уурхайн лицензийн төлөө тэмцэл болж хувирсан харагдаад байна. Энэ их баялагийг дотроо агуулан Жиний шидэт дэнлүү болсон тусгай зөвшөөрлүүдийн төлөө л төр рүү үхэлдэн тэмцэлдэж байна. Гадныхан ч үүнийг улам дэвэргээд байгаа байж болзошгүй.

Энэ байдлыг сайн ойл­гож, мэдэрсэн Элбэгдорж ерөн­хий­лөгч сонгогдсноосоо хойш үүнийг засахын төлөө шургуу ажиллаж байна. Гэхдээ зөвхөн тусгай зөвшөөрөл шинээр олгохыг зогсоосноор асуудлыг шийдэхгүй. Тусгай зөвшөөрлийг олгох болон сунгахдаа эзэм­шиг­­чийн хайгуул, ашиглалт явуу­лах техник, эдийн засгийн нөхцөл, шаардлагуудыг нарийн тодорхойлж хүлээх үүргийг маш тодорхой заасан гэрээ байгуулах шаардлагатай. Мөн байгаль орчны талаар хүлээх үүргийг чангатгаж, байгаль орчны стандартыг Монгол улс шинэчлэн өөрчилж байх эрхийг өөртөө авах хэрэгтэй.  Үүнийг яаралтай хийхгүй бол тусгай зөвшөөрөл хүлээсэн уул уурхайн бизнес 68 хувийн татварын үе шиг дампуурах тийшээгээ явж эхэлсэн шүү. Лицензийг техник, эдийн засгийн шал­гуурыг давсан компаниудын дунд дуудлага худалдаа явуу­­лах журмаар олгодог бол­гоё. Хайгуул, ашиглалтын шаард­лага, горимыг зөрчсөн бол шууд хураая. Үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, төлбөр төлөөд суудаг компани, хувь хүмүүсийн зөвшөөрлийг цуцлая. Цэвэр өрсөлдөөний бизнес болгоё.

Одоо та телевизороо асаа­гаад хар даа. Хотын ойролцоо, зуслан болон байгаль сайхантай газар зарна гэсэн зар их байгаа биз. Үүний зэрэгцээ газрын албанаас хууль бусаар газар худалдаж авахгүй байхыг сануулсан зар нь цуг явж байгаа. Хэлбэр хэмжээ нь өөр болохоос биш энэ бас л хуулийн хуудуу, цоорхойгоор зарагдаад байгаа нь адилхан шүү.

Блогч: Ц.ГАНБАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж