Сураггүй хувьцаа & 933 төгрөг

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Сураггүй хувьцаа & 933 төгрөг

Сонгуулийн марафон эхлэхтэй зэрэгцсэн Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэрлэсэн үнийг зарлав. Өөрөөр хэлбэл, Монголын нүүрсний хамгийн нөөц сайтай гэгдэх Тавантолгойн орд дээр түшиглэн байгуулсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэгж хувьцааны үнэ 933 төгрөг байхаар тогтлоо.

Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг иргэддээ үнэгүйгээр олгохоор шийдвэрлэсэн юм. Тиймээс нэг сая төгрөгөө бэлнээр авч эхэлсэн хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутны сургалтын төлбөр болох 500 мянган төгрөгийг төрөөр хоёр жил төлүүлсэн оюутнуудаас бусад нь 1072 ширхэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны эзэд болцгоосон.  Дээрх шийдвэр гарсны дараахан Татварын ерөнхий газар, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв хамтран аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг хэрхэн зарах талаар бэлтгэл ажлыг базааж эхэлжээ. Өөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг авахгүй сая төгрөгөө авахаа илэрхийлсэн иргэдийн 1072 ширхэг хувьцааг аж ахуйн нэгжүүдэд зарах замаар мөнгийг нь гаргаж өгөх ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Анх УИХ-аар  “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах, 30 хувийг олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалахаар шийдвэр гаргасан боловч нэр бүхий хэдэн гишүүдийн санаачлагаар аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 10 хувийг иргэн бүрт үнэ төлбөргүй олгох нь шударга хуваарилалт хэмээн үзсэн билээ. Үүнийг ч УИХ, Засгийн газар дэмжиж иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа олгохоор болсон юм.

Өнгөрсөн сард Засгийн газар хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийнхөө түүчээ болох 330 мянган төгрөгийг тараах үеэрээ иргэдээс мөнгөө бэлнээр авах уу, эсвэл хувьцаа хэлбэрээр авах уу гэсэн санал асуулга явуулсан. Иргэдийн олонх нь мөнгөө бэлнээр авна гэдгээ хорооныхоо ажилтнуудаар дамжуулан Засгийн газарт  илэрхийлсэн аж. Товчхондоо, нэг сая 490 мянган иргэн 1072 ширхэг хувьцаагаа Засгийн газарт нэг сая төгрөгөөр зарах хүсэлтээ ирүүлжээ. Тиймээс хувьцаа авахгүй гэсэн иргэдийн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд зарж мөнгийг нь иргэдэд өгөх үүднээс  2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан 55 мянга 776 компанийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас Татварын ерөнхий газарт хүргүүлсэн талаараа мэдэгдсэн юм.  Дээрх аж ахуйн нэгжийн 1600 орчим нь татан буугдсан бол 12 мянга нь татварын өртэйгөөсөө болж хувьцаа худалдан авах эрхгүй болоод байгаа аж. Татварын ерөнхий газрын мэргэжилтнүүдийн тайлбарласнаар 41 мянга 390 аж ахуйн нэгж байгууллага л хувьцаа авах эрхтэй болжээ.  Үндэсний компаниуд   өөрсдийн харьяалагдах татварын албандаа хувьцаа худалдан авах хүсэлтээ гаргах бөгөөд хувьцааны худалдааг брокер дилерийн компаниар дамжуулах юм байна.  Хувьцааг худалдан авах хүсэлтэй компаниуд худалдан авах хувьцаанд ногдох үнийн төлбөрийг “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 3603005 тоот дансанд байршуулна гэдгийг  тус төвийнхөн дурдаж байна лээ. Дашрамд дурдахад, үндэсний аж ахуйн нэгжүүдэд төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой компаниуд хамрагдахгүй учраас төрийн оролцоотой аливаа компани “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэдээс худалдаж авах эрхгүй гэсэн үг юм. Тодруулбал, зөвхөн хувийн тэгээд100 хувь  үндэсний хөрөнгө оруулалттай компани л “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдаж авах эрхтэй болж байгаа юм байна. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Засгийн газарт тавих нэг асуулт бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPО-г яг хэзээ гаргах вэ гэдэг асуудал.  Үнэт цаасны зэх зээлийн тухай хуулийг шинэчлэхгүйгээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргах боломжгүй.

Нөгөө талаас баруун Цанхид үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах эсэх ажил тодорхойгүй байгаа цагт олон улсын хөрөнгийн биржүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргаад ч амжилт олохгүй.

Засгийн газрын төлөвлөснөөр бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO удлаа гэхэд өнгөрсөн оны сүүлч, энэ оны эхээр олон улсын хөрөн­гийн биржүүдээр гарах ёстой байлаа. Харамсалтай нь, “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудын дотоодын бус гадаадын хэвлэлүүдэд байнга өгдөг ярилцлага, тодруулгаас нь харахад “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO энэ жилдээ багтаж олон улсын хөрөнгийн биржүүдэд арилжаалагдах нь өнгөрч байгаа бололтой. Учир нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргах түлхүүр болох Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг УИХ хэлэлцэх хугацаа ирэх намраас наашгүй болсон. Хууль гарлаа гэхэд тэр даруйд “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гарна гэж бодолтгүй. Дээр нь стратегийн хөрөнгө оруулагчдын тодруулах уу аль эсвэл “Эрдэнэс Тавантолгой” дангаараа бие дааж үйл ажиллагаа явуулах уу гэдэг нь тодорхойгүй, монголчууд сонгууль, наадам гээд зун, намрыг завгүй өнгөрөөх нь мэдээжийн асуудал хойно  IPO нь хэзээ гаргах нь тодорхойгүй байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөг гэдэг иргэдийг молигодох эрхбаригчдын нэг заль байхыг үгүйсгэмгүй.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж