Улаанбаатарын цэнхэр тойрог

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Улаанбаатарын цэнхэр тойрог

Өнгөрсөн 2008 оны сонгуулиар Ардчилсан нам ялалт байгуулсан цорын ганц дүүрэг бол Хан-Уул. Тэр ч утгаараа энэ удаагийн сонгуулиар тэдэнд илүү найдлага бий. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар энэ тойрогт нэлээд ширүүхэн өрсөлдөөн болсон. 2008 онд УИХ-ын 24 дүгээр тойрогт буюу Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэгт МАХН-аас УИХ-ын дэд дарга Д.Идэвхтэн, дүүргийн  Засаг дарга Д.Загджав нарыг дэвшүүлж байлаа. Харин Ардчилсан намаас өнөөгийн УИХ-ын гишүүн Л.Болд, Багануурын Засаг дарга асан Д.Эрдэнэбат нарыг дэвшүүлж байв. Сонгуулийн хугацаа дуусгавар болох тэр мөчид зарим намуудын нэр дэвшигчид хоорондоо түнжин хагарснаар өндөрлөсөн юм. Гурван дүүргийн сонгогчид багтсан тухайн тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Болд, МАХН-аас нэр дэвшигч Д.Загджав ялалт байгуулснаар өндөрлөсөн. Сонирхолтой нь тавхан саналын зөрүүгээр Д.Загджав УИХ-ын дэд дарга Д.Идэвхтэнг өвдөг шороодуулсан билээ.

Тойрог бүрт сонгууль будилаантай болсон гэж үймээн болоод байсан тэр үед энэ тойрогт ч олон сонирхолтой зүйл болсон. Санал хураалт дуусахын өмнө Хан-Уул дүүрэгт цахилгаан тасарч, бөөн будилаан болсон тухай санал хураалтын өдрийн 20 цагийн орчимд гомдол гарч байлаа. Тог тасарсан. Ирсэн. Санал авах хугацаа дууссан. Иймэрхүү байдлаар л дүүргийн Засаг дарга асуудлыг “зохицуулсан” гэх хар бий. Хожим сонсохнээ Д.Идэвхитэнгийн саналыг Д.Загджав нь луйвардсан гэх юм билээ. Иймэрхүү байдлаар л өнгөрсөн сонгууль өнгөрсөн.

Харин энэ удаад энэ тойрогт Ардчилсан намаас Л.Болд дахин дэвшихээр болжээ. Түүнтэй хамт Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Оюунгэрэлийг Ардчилсан нам илгээж. Тэгвэл МАХН буюу өнөөгийн МАН-аас УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Б.Лхагважав нарыг, ИЗНН-аас Ч.Энхтуяа, Э.Сугар нарыг дэвшүүлсэн байх юм. Тэд хэн бэ гэдгийг энд цухас дурдая.

Л.Болд.  Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт байсан гурван жилийн хугацаанд Батлан хамгаалахын сайдаар ажилласан. Энэ хугацаанд сайдын хувьд салбарынхаа хөгжлийн шинэ шатанд гаргасан гэж зэвсэгт хүчнийхэн түүнийг дүгнэдэг. Ардчилсан намын сайд нараас С.Ламбаа, Л.Болд хоёрыг хамгийн сайн ажилласан гэвэл маргалдах хүн төдийлөн олдохгүй л болов уу. Тэр ч утгаараа тухайн тойргийнхон нь түүнд ам сайтай байгаа дуулдсан.

Ц.Оюунгэрэл. Түүнийг хүний эрхийн чиглэлийн олон ажлаар нь олон нийт мэднэ. Зарим нь “Ногоон нүдэн лам” зохиолоор нь ч таних л байх. Ямартай ч сүүлийн үед квотоор дулдуйдан УИХ-д нэр дэвшиж буй эмэгтэй улстөрчдөөс өөр нэгэн. УИХ-ын гишүүний мандат өвөртлөж мэдэх цөөхөн  эмэгтэйчүүдийн нэг.

Ц.Батбаяр.
Өнгөрсөн сонгуулиар Баянзүрх, Налайх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн. Багахангайн Засаг даргаас хотын захирагч болтлоо суга дэвшсэн тэрбээр намынхаа томчуудын эсрэг “цор цор” гэж байгаад хотын даргаас зайлуулагдсан. Гэхдээ үүнийг өөртөө ашигтайгаар эргүүлж чадсан зальтай эр. Хотын Засаг даргаас огцрохынхоо өмнө “Алаагүй баавгайн арьсанд шуналаа” гэхчилэн намынхаа эсрэг зоригтой дуугарч, улмаар Сонгуулийн өмнөхөн намынхаа Удирдах зөвлөлийг шүүхэд өгч байгаад сонгуульд нэр дэвших эрхийг гуйж бус гуядаж авсан. Ингэж элдэвлэсэн нь сонгогчдын өрөвч сэтгэлийг хөдөлгөж УИХ-ын гишүүн байх боломжийг ч олгосон. Харамсалтай нь Ц.Батбаяр орон сууцаар иргэдийг хангах мөрөөдлийн төслөө хэрэгжүүлж чадаагүй. Тиймээс тойргоо солиод азаа үзэхээр шийдсэн нэгэн.

Б.Лхагважав. “Урбанек” гэх өөрийн ком­па­ниараа овоглодог түү­нийг МАН-ыг сон­гоно гэж иргэд байтугай иргэний хөдөлгөөнийхөн зүүдлээгүй болов уу. Үндэсний “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн байсан тэрээр өнөөдөр МАН-ын гишүүн, Ерөнхий сайдын зөвлөх болчихсон яваа. Үүнд нь эгдүүцсэн зарим нь “урвааник” гэж дууддаг болсон гэнэ лээ. Ноён урваач, нохой шарваач гэгчээр гудамжинд тэмцэж явсан нөхдөө хаяад “коммунистууд”-ыг дагасан болохоор тэгж дуудах болсон бололтой. МАН-ын үнэнч гишүүд намыг нь байнга муулж асан нөхөртэй хэр эвсэх эсэхээс түүний эрхэм гишүүн болох эсэх нь хамаарна.  

Иймэрхүү байдлаар л 24 дүгээр тойрогт нэр дэвшигчдийн эгнээ бүрдэнэ. Онцлог нь гэвэл нийт сонгогчдынх нь олонх нь амьдардаг Хан-Уул дүүрэгт өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам ялалт байгуулж, эрх барих болсон. Тиймээс тус тойргийнхон цэнхэртэж яваа гэж тооцвол сонгуулийн дүн хаашаа хазайх нь тодорхой болсон болов уу.

Л.НАРАНТӨГС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж