Оюутны холбоо шинэчлэгдэх үү

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Оюутны холбоо шинэчлэгдэх үү

Сонгуулийг дагаад оюутнууд хөдөлгөөнд орж эхэллээ. Тэд холбооныхоо үйл ажиллагааг эрс эсэргүүцэж байна. “МОХ бол ердөө шар карт тараадаг, уралдаан зохиосон болдог байгууллага болчихсон. Хүрч ажиллах ёстой оюутнууд, тэдний эрх ашиг, сурах орчныг хамгаалах талаар юу ч хийхгүй байна. Зүгээр л аль нэг намын дэргэдэх залуучуудын байгууллага шиг л болчихоод байна шүү дээ. 70 гаруй жилийн түүхтэй энэ байгууллагыг ийм болгож болохгүй” гэж МОХ-г шинэчлэх хөдөлгөөний зохицуулагч Б.Энхтуяа ярьж байна. Хэдийгээр жирийн оюутан бүр ингэж хүсч, ийм зүйлсийг шивнэдэг ч амьдрал дээр биелэгдсэн нь үгүй. Бүтэн арван жилийн турш ингэж хүсээд бүтээгүй. Гэхдээ хүслийг тээсэн хөдөлгөөнүүд жил тутам байгуулагддаг нь тодорхой.

Тэд…

МОХ-г шинэчлэх хүсэлтэй хэсэг бүлэг оюутнууд нэгдэж хөдөлгөөн байгуулжээ. Одоогийн байдлаар 70 гаруй мянган оюутан нэгдсэн гэх мэдээллийг хөдөлгөөнийхний зүгээс өгч байлаа. МОХ-г чуулганаар батлагдсан дүрмээ баримталдаг, нийт оюутны эрх ашгийг хамгаалан, улс төрийн бус, дотоод болон гадаадын бүхий л үйл ажиллагааг нь нээлттэй, нийт оюутанд хүрч ажилладаг, үндэсний хэмжээний төрийн бус байгууллага болгох, зорилготой, оюутан залуусын дуу хоолойг тусгадаг байх зорилготой аж. Энэхүү хөдөлгөөнийг дэмжэн МУИС-ийн оюутны холбоо, их, дээд сургууль, МСҮТ, коллежуудын оюутнууд гарын үсгээ зуржээ. Мөн оюутнуудын саналыг тусгасан шаардах бичиг хүргүүлсэн тухайгаа хэлж байсан юм. Өмнө нь нэг удаа шаардах бичиг хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй учраас дахин шаардах бичгийг өнгөрсөн долоо хоногт барьсан байна. Оюутнуудын шаардаад байгаа зүйл нь хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг их хурлыг зарлан хуралдуулах бөгөөд 110 мянган ширхэг хөнгөлөлтийн наалтын дутуу үлдсэн 14 мянган ширхэгийг хэнд, хэдийг тараасан гэдгийг нээлттэй мэдээлэх зэргийг тусгажээ.
“Бид байнга л санал хүсэлтээ тавьж ирсэн. Тэр болгонд ямар ч хариу өгдөггүй байсан. Сүүлдээ бүр ил цагаан болсон шүү дээ. Монголын бүх оюутнуудыг төлөөлж байж ийм харалган байж болохгүй. Оюутнуудын эрх ашгийг хөндөж байгаа зүйлсийг тэд ил гаргаж хэлдэггүй. Тийм учраас шинэчлэх цаг нь болсон” гэж МОХ-г шинэчлэх хөдөлгөөний гишүүн Д.Нямбаяр ярьсан юм.

МОХ….

Тэднийг иймэрхүү шаардлага хүргүүлж байх хооронд МОХ-ны ерөнхийлөгч Ч.Ганхуяг УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй учраас албан тушаалаа хүлээлгэж өгсөн юм. МОХ-г шинэчлэх хөдөлгөөнийхөн харин өөрсдийн тэмцлээ үр дүнд хүрсэн гэдгийг үүнтэй холбогдуулан тайлбарлаж байлаа. Эх сурвалжийн хэлж байгаагаар оюутнуудын шаардлагатай огт холбоогүй гэдгийг сануулж байсан юм. МОХ-ны ерөнхийлөгчийн үүргийг түр хугацаагаар дэд ерөнхийлөгч Д.Батбаяр гүйцэтгэж байгаа аж. Харин оюутнуудын хэлээд байгаа өнгөрсөн нэгдүгээр сард болох ёстой байсан XII чуулганы талаар УИХ-ын сонгуулийн жил таарч байгаа учраас ирэх аравдугаар сард хийхээр болж, дүрмээрээ баталсан гэж МОХ-ны удирдлагууд нь тайлбарласан юм. Мөн оюутнуудыг даатгалд хамруулах нэрээр “Тэнгэр даатгал”-ынхантай хуйвалдан Ч.Ганхуяг бизнес хийсэн гэдгийг ч эрс үгүйсгэлээ. “Хоёр жилийн өмнө бүх даатгалын компаниудад санал хүргүүлсэн юм. Тэдгээрээс хамгийн боломжтой хувилбарыг ирүүлсэн нь 1000 төгрөгний даатгалын хариуд 100 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлөх саналыг “Тэнгэр даатгал” л ирүүлсэн. Даатгалд хамрагдсан 96 мянган оюутнаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 300 гаруй оюутан нөхөн төлбөр аваад байгаа. Мөн зуурдаар нас барсан нэг оюутан нэг сая төгрөгийн нөхөн төлбөр авдаг. Тиймээс энэ бол хэн нэгний бизнесийг дэмжсэн үйлдэл огтоосоо биш гэдгийг сануулъя” гэж МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батбаяр ярив.

МОХ-ны удирдлагуудын хэлж байгаагаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 218 төрлийн ажил санаачлан хийж, 98 мянга гаруй оюутан хамрагджээ. Мөн сар тутам үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулдаг бөгөөд жил тутам “Оюутан” нэртэй товхимол гаргадаг болохоо илэрхийлж байсан юм.

Эндээс бас л асуулт гараад ирэв. Оюутнууд юутай тэмцээд, Оюутны холбоо юу хийгээд байгаа юм бэ гэж.

Оюутнууд…

Оюутнууд энэ талаар юу ч хэлэхийг хүссэнгүй. Чухам юу хийгээд яваад байгааг нь ч зарим оюутнууд ойлгохгүй байгаа талаар хэлж байсан юм. “МУИС-ын амбиц хөөсөн хэдэн нөхдүүд л ингээд яваад байгаа шүү дээ. Жирийн оюутнуудын санал, санаачилгыг тусгасан уу гэдэг нь эргэлзээтэй. МОХ ч тэр бидний төлөө үйл ажиллагаагаа явуулдаггүй. Угтаа үүнийг нь жирийн оюутны төлөөлөл болсон, ямар нэгэн улс төрийн хүчний нөлөөлөл ороогүй хүмүүс л хийх ёстой” гэж МУИС-ын оюутан Х.Батбилэг ярьсан юм.

Одоогоос хэдэн жилийн өмнөөс МОХ жирийн оюутнуудад хаалттай болсон. Жирийн оюутан Бат МОХ-ны бүх санхүүгийн тайланг мэдье гээд очвол түүнд хариулт өгдөг хүн байхгүй. Эсвэл түүний хэлсэнийг булзайруулаад өнгөрнө. Их, дээд сургуулиудын төлөөлөл тэдэнд асуулга тавиад бодитой мэдээллийг шаардахад тэдэнд үнэн мэдээллийг өгөхгүй. Ийм л байдалтай байна. Харин үүнийг сөрж олон ч удаа хөдөлгөөн байгуулж, сөрөг дүр мэт аашилдаг ч нам дагаад алга болдог нь тодорхой болсон. Гэхдээ ингэж сөрөг дүр болдог тогтсон цаг, улиралтай аж. 2008 онд мөн л оюутны холбоог шинэчлэх хүсэлтэй залуус хэвлэлийн хурал зарлаж, шуугиан дэгдээж байсан ч одоо бүгд НАМЗХ-ын гишүүн болоод тушаал дэвшсэн. Мөн хоёр жилийн дараа 2010 оны намар бас л хөдөлгөөн байгуулсан ч ихэнх н ямар нэгэн сонгууль ажил эрхлээд таг болдог ажээ. Хэдийгээр энэ удаагийн тэмцэл жирийн оюутнуудын саналыг тусгаж, үр дүнд заавал хүргэнэ гэж байгаа ч чухам ямар үр дүнд хүрэх нь одоогоор эргэлзээтэй л байна. МОХ нь ч энэ тал дээр няцаасан хариултыг илгээж, өөрсдийгөө цэвэрхэн мултлах гэж хичээж эхлэв.

Ямар ч байсан “тэдэнд” амжилт хүрээсээ гэсэн хүслийг шивнэх л үлдсэн, оюутнуудад.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж