Хоёр дахь өдөр медальгүй хоцорлоо

Хуучирсан мэдээ: 2012.06.03-нд нийтлэгдсэн

Хоёр дахь өдөр медальгүй хоцорлоо

Казахстаны Алматы хотноо үргэлжилж буй Ази тивийн залуучуудын чөлөөт
бөхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр Монголын
гурван бөх тивийн аваргын дэвжээнд гарсан ч медалийн тавцанд гарч
чадсангүй. Хуваарийн дагуу өчигдөр эмэгтэйчүүдийн 49, 55, 63, 72 кг,
эрэгтэйчүүдийн 50 ба 120 кг-ын жинд аваргууд тодорсон юм. Монголын
тамирчдын тухайд 50 кг-ын жинд Б.Майдар, эмэгтэйчүүдийн 55 кг-д
А.Батцэцэг, 63 кг-ын жинд Ц.Шинэхүүхэн нар барилджээ. Харин тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 51 кг-д Э.Даваачимэг мөнгө, 67 кг-д О.Оюунтуяа хүрэл медаль хүртсэн билээ.

Б.Майдар эхний тойрогт Энэтхэгийн бөх Деви Сингхтэй барилдаж, 2:0, 0:1,
0:1 харьцаатай ялагдсан бол эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Шинэхүүхэн мөн
эхний тойрогт Вьетнамын бөх Пам Ти Лоанд 0:1, 0:3 харьцаатай дийлдсэнээр
тэмцээнээ дуусгасан байна. Харин эмэгтэйчүүдийн 55 кг-д А.Батцэцэг
нэгдүгээр тойрогт Узбекистаны бөх Шокиста Тошбулатоваг 6:3, 3:0 онооны
харьцаагаар, дараа нь Хятадын Нин Тунсьюэг 1:0, 3:0-ээр ялж, хэсгийн
аваргын төлөөх барилдаанд Вьетнамын бөхөд ялагджээ. Ингээд хүрэл
медалийн төлөө Энэтхэгийн бөх Риту Ритуд 1:1, 1:4 харьцаагаар ялагдсан
байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 55, 60, 66, 74, 84, 96 кг-ын жингийн барилдаан болсноор тэмцээн өндөрлөх юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж