Футзалын Азийн аваргад Японы баг түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.03-нд нийтлэгдсэн

Футзалын Азийн аваргад Японы баг түрүүлэв

Арабын нэгдсэн эмират улсын Дубай хотноо тавдугаар сарын 25-аас зургадугаар сарын 1-ны хооронд 2012 оны Азийн аварга шалгаруулах Футзалын XII дахь удаагийн тэмцээн боллоо. Тус тэмцээнд урьдчилсан шатнаас шалгарсан Азийн шилдэг 16 баг оролцсоноос Япон, Тайланд, Иран, Австралийн багууд хагас шигшээд шалгараад байв. Улмаар алтан медалийн төлөө 2006 оны аварга, Японы шигшээ баг Тайландын багийг 6:1-ээр, хүрэл медалийн төлөө Азийн 10 удаагийн аварга, Ираний шигшээ баг Австралийн багийг 4:0-аар буулган авсан байна. 1999 оноос зохион байгуулагдаж буй Азийн аваргын титмийг хоёрхон улс хүртэж байсан нь Иран болон Японы шигшээ багууд аж. Ираны шигшээ баг 10 удаа түрүүлэхдээ 2006, 2012 онд Японы шигшээ багт түрүүгээ алдаж байжээ.  

Сонирхуулахад, Монголын хөлбөмбөгийн холбооны хүсэлтээр, FIFA хүлээн зөвшөөрсний дагуу “Goal -3, 4” төслийг Монгол Улсад хэрэгжүүлж, өнгөрсөн оны 11-р сард “Футзалын ордон” байгуулж, Футзалын үндэсний шигшээ багийг бүрдүүлсэн юм. Манай улсын шигшээ баг азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх тоглолтод БНСУ, Хонконгийн шигшээ багтай тоглосон боловч хараахан хожил авч чадаагүй билээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж