II Элизабетын угсаа залгамжилсны баяр эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.03-нд нийтлэгдсэн

II Элизабетын угсаа залгамжилсны баяр эхлэв

Их Британийн хатан хаан II Элизабетын угсаа залгамжилсны 60 жилийн ойн арга хэмжээ өчигдөр Эпсомд морин уралдааны тэмцээнээр албан ёсоор эхэлжээ. Хатан хааныг ялагчид шагнал гардуулахаар барианд ирэхэд уралдаанд оролцогчид хүндэтгэлтэйгээр угтан авч, Меззо сопран Катерин Женкинс төрийн дуулалаа дуулсан байна. Энэ үеэр хаан II Элизабетын хаан ширээ залгамжилсны 60 жилийн ой буюу алмазан баярт зориулсан ёслолын буудлага Лондон, Эдинбург, Кардифф, Бельфаст зэрэг хотуудад нэгэн зэрэг нижигнэжээ. Англи даяар нэгэн зэрэг олон газруудад энэ үйл явдлыг ёслол төгөлдөр тэмдэглэж, олон арга хэмжээ зохиож байгаа юм байна.  Их Британийн хатан хаан Эпсомд нөхөр, Эдинбургийн гүн Филипп, ач, зээ нарынхаа хамт хүрэлцэн очжээ. Цагдаа нарын таамагласнаар хатан хааны угсаа залгамжилсны 60 жилийн ойд зориулсан морин уралдааны тэмцээнийг үзэхээр  Эпсомд 130,000 хүн хүрэлцэн очсон гэнэ. Харин өнөөдөр хатан хааны алмазан ойд зориулсан хөлөг онгоцны уралдаанд оролцохоор 1,000 хөлөг онгоц далбаагаа хатгаж, Темза мөрний зогсоолуудаас хөдөлжээ. Хатан хааны угсаа залгамжилсны 60 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээний үеэр Лондон хотод дэг журам сахиулах 6,000 цагдаагийн ажилтан, Темза мөрний хөлөг онгоцны уралдааны үеэр 7,000 тусгай албаны ажилтнууд хамгаалалтад гарчээ. Темза мөрний эрэгт болж буй баярт оролцохоор явж буй хүмүүсийн машины цуваа л гэхэд найман миль үргэлжилж байгаа гэнэ. Хатан хааны угсаа залгамжилсны 60 жилийн ойн баярын эхний өдөр Лондоны Хайд цэцэрлэгт хүрээлэнд болсон гэр бүлийн фестивальд хэдэн арван мянган хүн оролцсон байна. Цугласан олон Билли Элиотын алдарт мюзикль болон “Дайны хүлэг”, “Араатны хаан” зэрэг шоуг үзэж, нүд хужирлажээ. Харин хөлөг онгоцны уралдааны дараа хатан хааны нэрэмжит концерт Лондон хотноо болох бөгөөд Сэр Пол МакКартни дуугаа өргөх гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж