Сюзан Бойл Их Британийн авьяаслаг хүн болж байсан цаг саяхан. Шотландын нэгэн хандивын байгууллагын ажилтан Сюзан Бойл 2009 онд “Авьяаслаг Британичууд” шоуны ялагч болсон цагаас хойш Британид төдийгүй дэлхийд нэр алдраа дуурсгасан билээ. Гэвч гэнэтийн их алдар нэр, амжилт хэнд ч анзаарагдамгүй, даруухан амьдарч байсан 51 настай эмэгтэйд дарамт болж эхэлсэн бололтой. Сюзан Бойл саяхан замын зогсоолын кофе шопт кофе хүлээн зогсч байхдаа гэнэт муухай аашилж, эргэн тойрны хүмүүсийг хараан зүхжээ. Британийн хамгийн авьяастай эмэгтэйг ингэж муухай аашилна чинээ бодоогүй эцэг, эхчүүд түүний хараалын үгсийг хүүхдүүдэд сонсгохгүйн тулд чихийг нь дарж байсан гэнэ. Түүнийг сандал дээрээ очиж суусны дараа зөөгч түүнээс “Та зүгээр үү? “хэмээн асуухад Сюзан Бойл “Өнөөдөр миний бүх зүйл муу байна. Хараал ид” хэмээн хашхирчээ. Түүний кофег удаасандаа үйлчлэгч тасралтгүй уучлал гуйж байжээ. Харин Сюзан Бойл “Би гэртээ харимаар байна. Би энэ хараал идсэн газар ирэхийг хүсээгүй” хэмээн амандаа үглэж, дараа нь хүүхэд шиг уйлж эхэлсэн аж. Сюзан Бойл юунаас болж бухимдсаныг хэнч мэдээгүй ч кофеноос болоогүй гэдгийг хүмүүс мэджээ. Дээрх явдлын дараа түүний хэвлэлийн төлөөлөгч нь болсон явдалд уучлал гуйсан гэнэ.
Н.Энх