Супер Фрэнки “Евро-2012”-ыг өнжинө

Хуучирсан мэдээ: 2012.06.03-нд нийтлэгдсэн

Супер Фрэнки “Евро-2012”-ыг өнжинө

“Челси” клубтэй хамт Аваргуудын лигт түрүүлсэн Английн шигшээ багийн хагас хамгаалагч Фрэнк Лампард Европын аварга шалгаруулах тэмцээнийг өнжихөөр болжээ. Өдгөө 33 настай хагас хамгаалагч Лондонд хийсэн бэлтгэлийн үеэр гуяндаа гэмтэл авсан бөгөөд үзлэг, шинжилгээний дараа эмч, мэргэжилтнүүд түүнийг “гэртээ үлдэх” нь зүйтэй хэмээн зөвлөсөн байна. Ингэснээр “Супер Фрэнки” хочит Лампардын олон улсын замнал өндөрлөж байна гэж болох юм. Тэрбээр шигшээ багтаа 90 тоглолт хийгээд байжээ.

Английн шигшээ багийн хувьд ч долоо хүрэхгүй хоногийн дараа эхлэх томоохон тэмцээний өмнө том гарз тохиож байна. Рой Хожсоны удирдаж буй багт төвийн хагас хамгаалагчид гэмтлийн асуудалтай байгаа. “Манчестер Сити”-гийн Гарет Барри ердөө долоо хоногийн өмнө гэмтэл авч, шигшээг орхисон бол араас нь Лампард гэртээ харьж байна. Стивен Жеррард, Скотт Паркер нар гэмтлээс эргэн ирсэн ч бүрэн илааршаагүй байгаа юм. Тиймээс Рой Хожсон Барригийн оронд Фил Ягьелкаг, Лампардын оронд Жордан Хендерсонг шигшээдээ дууджээ.

Т.МАША  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж