ОХУ-ын нийслэл Москва хотын Третьековын нэрэмжит театрт болсон Энэтхэгийн их мастер Вишванатан Ананд, Израйлийн Борис Гелфанд нарын хооронд шатрын дэлхийн аваргын төлөөх халз тулаан өнгөрөгч лхагва гаригт өндөрлөсөн билээ. Хоёр шатарчин нийт 12 өрөг тоглосноос үндсэн тоглолтдоо хайнцсан тул нэмэлт дөрвөн өрөг тоглосноос энэтхэг шатарчин гуравт нь илүүрхсэнээр тав дахь удаагаа дэлхийн аварга болсон юм. Оюуны спортоор дэлхийд нэрээ тамгалсан хоёр шатарчныг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремлийн ордондоо хүлээн авч, хамт үдийн зоог барьжээ. Уулзалтын үеэр Владимир Путин “Нэн түрүүнд та хоёрт баяр хүргэе. Шатар сонирхогчдыг уулга алдуулсан тун сонирхолтой тоглолт боллоо. Хэдий тэнцүү тоглолт үзүүлсэн ч эцсийн дүнд ялалт байгуулсан Анандад тусгайлан баяр хүргэхийг хүсч байна. Энэтхэг болоод хуучнаар ЗХУ, одоогийн ОХУ бол шатрын үндэс сууриар дэлхийд тэргүүлэх байх. Шатар бол манай ард түмний үргэлж бахархаж ирсэн зүйл” хэмээжээ.
Вишванатан Ананд нь өдгөө 42 настай. 1989 онд 16 настайдаа их мастер цолны цолзол хангаж, Энэтхэгийн анхны их мастер болсон тэрбээр 2007 оноос хойш дэлхийн аваргын титмийг хадгалж байна. Мөн Ананд 2000 онд Испанийн Алексей Широновыг хожиж, Олон улсын шатрын холбоо /FIDE/-ноос зохион байгуулсан дэлхийн аваргад түрүүлсэн анхны ази шатарчин болж байлаа.