Зарим намын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2012.06.03-нд нийтлэгдсэн

Зарим намын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзав

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр /VI.02/ хуралдаж, УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлсэн 13 нам, эвслээс тойрогт нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг  хэлэлцжээ. Хуралдаанаар нам, эвслээс  нэр дэвшигчтэй холбоотой ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаж, улмаар бүртгэх эсэх асуудлыг нам, эвсэл бүрээр нэгбүрчлэн хэлэлцэж, зохих шийдвэр гаргасан байна. Ингээд нэр дэвшигчдээ дэвшүүлэх ажиллагааг зөрчилтэй явуулж, хуульд заасан  болзол, шаардлагыг хангаагүй  гэсэн үндэслэлээр  Монголын Уламжлалын нэгдсэн нам, Эх орон нам, Монголын Социал-демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгжлийн Хөтөлбөр  намын тойрогт нэр дэвшигчдээс бусад нийт нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хуралдаанаас  гаргав. Мөн зарим нэр дэвшигчид төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тухай шийдвэр, өр төлбөргүй болох тухай эрх бүхий байгууллагын тодорхойлолт ирүүлээгүй  тул  тэдгээрийг бүртгэхээс татгалзжээ.

Прокурор, шүүхийн байгууллагаас Сонгуулийн ерөнхий хороонд хандаж МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаярын талаар  албан бичиг ирүүлсэнтэй холбогдуулан  эвслээс тодруулга авсны дараа түүнийг бүртгэх асуудлыг шийдвэрлэхээр болов.

Сонгуулийн ерөнхий хороо хуралдаанаараа саналын хуудасны тоо тогтоох, сонгуулийн автоматжуулсан систем, түүний автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг турших, гэрчилгээжүүлэх журам батлах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Түүнчлэн  “Нээлттэй нийгэм форум”, “Сонгогчдын боловсрол” төв, “Хүний эрх- хөгжил” төв, “Глоб интернэшнл” зэрэг 11 төрийн бус байгууллагад хүсэлтийг нь харгалзан  сонгуулийн явцыг ажиглахыг зөвшөөрч, тэдгээрийг холбогдох журмын дагуу бүртгэв гэж СЕХ -ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж