“Гэрэлт ирээдүйн төлөө олон ажил хийнэ”

Хуучирсан мэдээ: 2012.06.02-нд нийтлэгдсэн

“Гэрэлт ирээдүйн төлөө олон ажил хийнэ”

Монголын хүүхдийн ордон өчигдөр бяцхан үрсийн дуу хуураар бялхан байлаа.
Поп дива Ж.Алтанцэцэг Эх үрсийн баярт зориулан “Ногоон орчин бидний
ирээдүй” тоглолтоо ганцхан удаа хийсэн юм. Алаг бөмбөлөг, цоохор
хувцастай алиалагч, хүүхдийн дуу эгшиглэсэн тоглолт нэг цаг гаруй
үргэлжилсэн. Дуучин Алтаа хүүхдэд зориулсан тоглолтоо хоёр дахь жилдээ
хийж  байгаа бөгөөд тоглолтын орлогоо хүүхдийн ирээдүй сайн сайхны төлөө
буяны үйлст зарцуулна гэсэн. Түүний тоглолтод Монголын хүүхдийн ордны
дууны багш С.Ганчимэгийн шавь нар болон “Extacy” хамтлагийн охид ая
дуугаа хүргэж, багачуудын баярт цэнгэл нэмсэн юм.

Поп дива, дуучин Ж.Алтанцэцэгтэй тоглолтынх нь дараа уулзлаа.


-Хүүхдүүдэд зориулсан хандивын тоглолт сайхан боллоо.  Баяр хүргэе.

-Баярлалаа. Сүүлийн үед мод ихээр сүйтгэн ан амьтныг агнаж, газар
дэлхийгээ сэндийчсэнээс болоод байгаль дэлхий ээж маань уурлаж хилэгнэх
болсон. Хүн бүхэн ээжийгээ маш ихээр хайрладаг шүү дээ. Яг түүнтэй
адилаар эх дэлхийгээ хайрлах ёстой юм болов уу гэж бодож байна. Газар,
дэлхий, унасан газраа эх шигээ хайрлаж гэмээнэ эргээд үр өгөөжөө ээжийн
хайр шиг өгнө гэж бодож энэхүү тоглолтоо “Ногоон орчин бидний ирээдүй”
гэж нэрлэсэн. Энэ дуугаа ч эх үрсийн баярт зориулан клипжүүлэн хүргэж
бэлэг барьсан. Тоглолтынхоо өмнө бэлтгэж үзээгүй. Хатуухан бөгөөд
шулуухан хэлэхэд зарим нэг хүүхдийн байгууллага маань ийм сайхан буяны
үйлсийг дэмжихээсээ өөр нүдээр харж, монголчууд маань бие биендээ итгэл
муутай, дэмжихгүй болчихсон цаг үе юм уу даа гэж бодсон. Би хүүхдийн
ордонд бэлтгэл хийж чадалгүй шууд тоглолтын өдрөө тайзнаа гарсан
болохоор ганц хоёр алдаа гарсан. Гэхдээ гайгүй байх аа. Ямар ч байсан
дуулъя гэж бодож байсан уран бүтээлүүдээ хүргэлээ.

-Ногоон ирээдүйн төлөө чуулсан эх үрс бүр энэ тоглолтын турш баяр хөөрөөр бялхаж байгаа нь харагдлаа?

-Хүүхдийн баярт зориулсан тоглолт маань маш сайхан болж өндөрлөлөө.
Миний хувьд хүүхэд багачуудаа баярлуулна гэдэг буянтай, сайн сайхан
үйлсийн эхлэл гэж бодож байна. Би өөрөө Монгол Улсын иргэн, олны танил
дуучин, хоёр хүүхдийнээж, жирийн нэг эмэгтэй. Тэр утгаараа бага насны
хүүхдүүдэд зориулсан уран бүтээл дууг уран бүтээлчийнхээ хувьд дуулна
гэдэг эх хүний хувьд эрхэм тансаг үүрэг бөгөөд жаргал байх болно гэж
дотроо омогшиж байна. Өнөөдрийн миний тоглолтод Монголын хүүхдийн ордоны
авьяаслаг бяцхан сурагчид болон Монголын хүүхдийн ордны нэрийн хуудас
болсон авьяаслаг багш Ганчимэг оролцсонд туйлын баяртай байгаа.
Тоглолтод маань Ганчимэг багшийн болон хөгжмийн зохиолч Б.Галмандах
агсны зохиосон дуунууд орсон. Өнөөдөр үзэгчдийн суудалд аав, ээж, ах
эгч, өвөө эмээ, найзуудтайгаа  хүрэлцэн ирж, бужигнан тоглоод сууж буй
бяцхан үзэгчдийг харах маш сайхан байлаа. Монголын маань ирээдүй, хүн
төрөлхтний үргэлжлэл болсон хүүхдүүдийнхээ баярт зориулан ийм тоглолт
хийсэндээ их баяртай байна. Монголын бүх хүүхдүүдэд гэрэлт ирээдүй шинэ
зууныг бүтээгчид та нар юм шүү гэж хэлэхийг хүсч байна. Уран бүтээлч
хүнийхээ хувьд өөрийнхөө хийх ёстой ажлаа хийгээд олон сайхан хүүхдэд,
ээжүүдийг баярын өдөр нь баярлуулаад тэдэнтэйгээ хамт баяраа хуваалцаад
өөрийнхөө уран бүтээлийн тухай яриад зогсч байна гэдэг бол миний хувьд
маш том аз жаргал. Үнэхээр сэтгэл их хөдөлж, догдолж байна. Миний
тоглолтыг хүрэлцэн ирж, үзэж, халуун дулаан урмын үгс хайрласан бүх
Монголын сайхан эх, үрстээ эрүүл энх, аз жаргал, гэрэл гэгээ энэ
хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Уран бүтээлчид хүүхдийн сэдвийг бага хөндөөд байна уу даа?

-Өнөөдөр бид хүүхдийн тухай ярих ёстой. Томчууд бид хүүхдүүд өөрсдийн
сайхан үлгэрийн ертөнцдөө сайн сайхан амьдрах бүх нөхцөлийг бүтээх ёстой
гэж бодож байна. Тоглолт маань хэдийгээр ганцхан цаг үргэлжлэх
хугацаатай байсан ч би цагаа уртасгасан. Учир нь хүрэлцэн ирсэн эцэг
эхчүүд маань бидэнд зориулсан дууг дуулаач ээ гэсэн учрас тэдэнд
зориулан уран бүтээлээ хүргэсэн.

-Та хүүхдийн уран бүтээлээр дагнасан цомог гаргасан шүү дээ. Цомгоо үргэлжлүүлэн гаргах уу?

-2011 онд “Хүүхэд насны дурсамж” нэртэй хүүхдийн дууны цомог гаргасан
байгаа. Энэ жил “Ногоон орчин бидний ирээдүй” гэж шинэ уран бүтээл маань
нэмэгдээд, нийт 11 хүүхдийн дууг тоглолтдоо дуулсан. Мэдээж уран
бүтээлч хүнийхээ хувьд цаашаа олон сайхан ээжийн болон эх үрийн элбэрэл,
аз жаргалын тухай дуу дуулна гэж бодож байгаа. Хүүхдийн тухай дууны
сэдэв бол маш баялаг. Хүүхэд дандаа аз жаргалтай, ургаж байгаа цэцэг шиг
ариухан, цэвэрхэн цаас шиг байдгаараа онцлогтой. 

-Энэ тоглолтын орлогоо хүүхдийн төлөө үйлс хандив өргөнө гэсэн нь онцлог байлаа?

-Хүүхдүүд зориулсан тоглолтоо өнгөрсөн жил анх удаа хийсэн. Тэрхүү
“Хүүхэд насны дурсамж” тоглолтын орлого, найз нөхдийнхөө цуглуулсан
мөнгийг сайн сайхны үйлст зориулж, ЭХЭМТ-д хэрэгцээтэй байсан гурван
тоног төхөөрөмжийг авч бэлэглэсэн. Энэ жилийн хувьд хүүхдийн сувиллын
ажлын төслийг тоглолтын орлогоороо албан ёсоор нээн эхлүүлж байгаа.
Эцэг, эхчүүд ч энэ ажлыг маань дэмжин, талархлын үг харамгүй хайрлалаа.
Монголчууд бид нар чинь сүү шиг сайхан сэтгэлтэй хүмүүс. Бид нар
бүгдээрээ нийлж, олон сайн сайхан зүйлсийг бүтээх ёстой гэж бодож
байна.  Энэ сайхан үйлсийг минь дэмжээрэй, бид хамтдаа олон зүйлсийг
бүтээж чадна гэж хэлмээр байна.

-Хүүхдийн сувиллаа хаана байгуулах вэ?

-Хүүхдийн сувиллын газрын асуудал дээр манай Налайх дүүргийн Засаг дарга
тусалж, дэмжье гэж амласан байгаа. Миний хүүхэд, өсвөр нас Налайх
дүүрэгт өнгөрсөн учраас хамгийн түрүүнд дүүргийнхээ Засаг даргад төслөө
танилцуулсан. Төслийн ажил маань энэхүү тоглолтоор албан ёсоор нээж,
эхэлж байгаа болохоор цаашид газрын асуудлаа хөөцөлдөнө. Энэхүү ажлыг
маань гэр бүл, найз нөхдөд маань дэмжиж байгаа. Сайн үйлс гэдэг шударга,
сайн сайхны үргэлжлэл, үлгэрт ч гэсэн дандаа сайн талын баатар ялдаг
шүү дээ.

-Таны нөхөр ажлыг тань байнга дэмжиж тусалж байдаг гэж ярьдаг шүү дээ?

-Тийм. Би ер нь их ховор, сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч хүнтэй суусан. Аз
жаргалтай амьдардгаа сайн ханийн буян гэж боддог. Ялангуяа урлагийн
эмэгтэй хүн сайн ханьтай байж, уран бүтээлээ хийдэг гэж болов уу гэж
боддог.

-Хүүхдийн баярын өдөр тохиож байгаа болохоор та хүүхдүүдээ танилцуулахгүй юү?

-Миний хүүг Алтан-Эрдэнэ, охиныг маань Номин-Эрдэнэ гэдэг. Өвөө нь энэ
сайхан нэрийг хайрласан. Найзууд маань есөн эрдэнийн нэртэй, есөн
хүүхэдтэй болохгүй юм уу гэж шоолдог юм. Миний хүү, охин хоёр том болоод
есөн эрдэнийг үргэлжлүүлэх байлгүй.

-Хүүхдийн баяраар хоёр эрдэнээ яаж баярлуулсан бэ?

-Өнөөдөр ээжтэйгээ тоглолтод хамт оролцож л баярлаж байна даа. Миний
охин тайзан дээр гүйж гарч ирж будилуулаад сахилгагүйтчихсэн шүү
/инээв/. Би хараахан бэлгээ авч өгч амжаагүй байна. Харин манай найз
нөхөд бэлэг өгөөд арваад бэлэгтэй болсон. Хүү маань дугуй нэхээд байгаа.
Аав нь ирж байгаад авч өгөх байх. Хүү, охин хоёроо байнга л баярлуулж
байдаг. Хүүхэд тогтсон сайхан гэр бүлд өснө гэдэг бол өөрөө аз жаргал,
баяр байдаг юм болов уу гэж боддог. /Энэ үед хүү нь лего тоглоо, харин
охин нь хөөс авахуулмаар байна гэж хүүхдийн баярын бэлгээ захиалсан шүү/
Эрэгтэй хүүхдэд зориулсан лего тоглоомын сургалтын төв, машинаар
уралддаг чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар зэрэг тэдний оюун ухааныг
хөгжүүлдэг сургалтын төв, чөлөөт цагаа өнгөрүүлдэг төвүүд олон болоосой
гэж боддог. Зөвхөн дуу хөгжмөөр оюуныг нь хязгаарлаж болохгүй шүү дээ.
Хүүхдийн явсан газар бүр сайхан энерги цацарч байдаг. Бид нар алаг
цэцэгс шиг үрсийнхээ ирээдүйг гэрэлтэй болгохын тулд олон ажил хийх
хэрэгтэй. Түүнээс биш дуучин Алтанцэцэг ганцаараа хийнэ гэдэг амаргүй
шүү дээ. Олон сайхан хүмүүсийг уриалж, амьдралаа утга учиртай, гэрэл
гэгээтэй болгоё гэж энэхүү хүүхдэд хандсан ажлуудыг уран бүтээлч
хүнийхээ хувьд хийж байгаа.

-Таныг шинэ тоглолтын ажилдаа ороод байгаа гэж сонссон?

-Өнөөдрийн маань тоглолтод “Extacy” хамтлаг оролцсон байгаа. Би тэднийг
уран бүтээлч болоход нь бэлтгэж, тусалж байгаа юм. Миний хувьд хувийн
уран бүтээл гэх юм бол сүүлийн таван жилд тоглолтоо хийгээгүй
орхигдчихсон байна. Тйимээс маргаашнаас эхлээд ирэх аравдугаар сард хийх
бие даасан тоглолтынхоо бэлтгэл ажилд орно. Би мэргэжлийн дуурийн
дуучин хүн шүү дээ. Удахгүй поп опера цомгоо гаргана гээд энэ зуны турш
миний бие уран бүтээлээр амьсгална. Манай студийн хамт олон, дуучид,
уран бүтээлчид маань хамтран олон сайхан дуунуудыг хийж байгаа. Тун
удахгүй миний аз жаргалтай нэгэн сайхан дууны клип цацагдах гэж байгаа.
Шинэ уран бүтээлээрээ News.mn сайтын уншигчидтайгаа эргэн уулзъя.

Тоглолтын гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж