Мубаракийг бүх насаар нь хорих ялаар шийтгэв

Хуучирсан мэдээ: 2012.06.02-нд нийтлэгдсэн

Мубаракийг бүх насаар нь хорих ялаар шийтгэв

Египетийн экс-ерөнхийлөгч Хосни Мубаракийг шүүх хурал өнөөдөр болж, тус улсын шүүхээс түүнд насаар нь хорих ял оноов. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Засгийн газраа эсэргүүцсэн боссон 840 гаруй хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан түүнийг шүүх хурал биеийн байдал муу гэсэн шалтгаанаар өнгөрсөн аравдугаар сараас хойш удаа дараа хойшилж байсан юм. Ямартай ч өнөө цагийн айхтар дарангуйлагчдын нэг гэгдэж байсан Хосни Мубаракийг шүүх хурал өнөөдөр болж, төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа энгийн номхон ард иргэдийг хэлмэгдүүлж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгаж, дээрх ял оноожээ. Түүнийг ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Хабиб аль-Адлийг мөн бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна. Мөн Хосни Мубаракийн хоёр хүү болох Гамал, Алаа нарыг авилгын хэрэгт буруутгаж, хэргийг тусад нь шалгахаар болжээ.

Мубаракийн ялын тогтоолыг уншиж байх үед шүүхийн танхимд үймээн дэгдэж, ял сонсч буй талынхан эсэргүүцэн орилолдож байсан бол шүүхийн байшингийн гадна цугларсан олон баяр хөөр болж, шүүхийн шийдвэрийг дэмжин шуугиж байсан тухай гадны хэвлэлүүд мэдээлж байна. Шүүх танхимд Мубаракийн ялын тогтоолыг уншиж танилцуулсны дараа түүнийг Кайр хотын ойролцоох шорон руу шилжүүлжээ. Бараг 30 жилийн турш Египетийг “төмөр гар”-аар удирдан дарангуйлж байсан түүний дэглэм Арабын орнуудыг хамарсан “Арабын хавар” хувьсгалт хөдөлгөөний дүнд нуран унасан юм. “Арабын хавар” буюу 2011 оны хавар Арабын орнуудад хувьсгалын салхи дэгдсэн нь Египетийг ч дайрч, дарангуйлагчдыг түлхэн унагаахад хүргэсэн билээ. Ингээд Мубарак босогчдын гарт орсон ч эрүүл мэнд нь муудаж, хэвтэрт ороод байсан юм. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сараас хойш эмнэлэгт эмчлүүлсэн нь шүүх хуралд сөргөөр нөлөөлж байв. “Арабын хавар”-ын ачаар Египетийн удирдагч Хосни Мубаракаас гадна Ливийн дарангуйлагч Муаммар Каддафи, Йемэнийн дарангуйлагч Али Абдула Салех нарын 20-иод жилийн турш ноёлсон дэглэм нуран унасан билээ.

Шүүгч Ахмед Рефаат хэлэхдээ “Арав гаруй сарын турш үргэлжилсэн шүүхийн ажиллагаа ийнхүү дуусгавар болж, бид шударга шийдвэр гаргасандаа сэтгэл хангалуун байна. Египетийн ард түмнийг 30-аад жилийн турш дарангуйлж, улс орноо түнэр харанхуйд автуулсан энэ гэмт этгээдийн бусармаг үйлдлийг бид эцэс сүүлдээ шүүн тасалж чадлаа” гэжээ.

Хосни Мубарак нь 1981 оноос 2011 оныг хүртэл Египетийг удирдах хугацаандаа олон зуун хүнийг хэлмэгдүүлж, хорих ангиудыг улс төрийн хоригдлуудаар дүүргэсэн юм. Энэ хугацаанд улс төрийн хөдөлгөөн, ардчилсан бослого зохион байгуулах олон удаагийн оролдлого гарч байсан ч Мубарак тухай бүрт нь цэрэг зэвсгийн хүчээр таслан зогсоож байсан. Бослого хөдөлгөөнийг дарах үед болон хэлмэгдүүлэлтэд нийт 850 гаруй энгийн номхон иргэд амь насаа алдсан гэж тогтоосон юм.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж