Алсыг харагчид суугаад, мангасын амаар гарчихвал уу

Хуучирсан мэдээ: 2012.06.02-нд нийтлэгдсэн

Алсыг харагчид суугаад, мангасын амаар гарчихвал уу

Алсыг харагч, агаарын дугуй, эргэдэг дельфин энэ бүх тоглоомонд сууж, хорхойгоо дарж авах хүсэлд автсан хүүхэд багачууд бороог үл ажран Хүүхдийн соёл амралтын хүрээлэнд саатаж өнжлөө. Паркт зочилсон хүүхэд бүрийн нүднээс олон хоногийн мөрөөдлөө гүйцээхээр ирснийг олж харж болно. Уртаас урт дарааллын ард зогсохдоо тэд үл шантрах бөгөөд зарим нь бүр эхлээд ямар тоглоомон дээр сууж, төгсгөлд нь юун дээр тогловол хамгийн сайхан байхаа төсөөлнө. Зургаа орчим насны хүү “Эхлээд би алсыг харагч дээр сууна, дараа нь сэлүүрт завиар явна. Тэгж байгаад хамгийн сүүлд нь далайн дээрэмчний завинд сууна, за. Аав, хүүе сонсож байна уу, дуугараач” гэж ирээд л зандрах аж. Бонго дээр гардаг далайн дээрэмчний завинд сууна шүү, аав аа. Та яг тэр завинд намайг суулгаж өгдөг юм шүү. Бас мангасын амаар гарчихвал уу, жинхэнэ баатар болно ш дээ” хэмээн тоглох тоглоомоо үлгэртэй хослуулан бяцхан мөрөөдөлд умбаад авах аж. Бас болоогүй байрныхаа Болдоод очиж ямар ямар тоглоомон дээр тоглосноо ярьж гайхуулна аа гэж хэлээд л тас тас хөхөрнө. Гэдэс нь өлсч байна уу гэж хүүгээс аав нь асуухад “Өлсөөгүй ээ, алсыг харагч дээр суучихаар угаасаа өлсөхгүй болчихдог юм” гэж хүртэл ярилаа. Найз нараас нь хэн нэг нь түүнд тийм зүйл ярьсан уу, эсвэл өөрөө тэгж төсөөлөв үү, ямар ч байсан алсыг харагч дээр суух нь түүний хувьд хоол идэхээс илүү чухал бололтой. Тиймдээ ч бяцхан хүүгийн нүд байн байн алсыг харагч руу сунгаастай. Аав нь дугаарлаж, дугаарлаж тасалбар авахад хүү түүнийг шурхийтэл татаж аваад паркийн хаалга руу ухасхийн гүйлээ. Салхинд цамцных нь хормой дэрвэлзсээр, олон хүний дунд руу хага зүсэн оров. Алсыг харагч дээр суухаар тэмжүүлж яваа нь тэр бололтой.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гадаа ч, дотор ч хүмүүс пиг. Эмээ, өвөө нар хүртэл олон дунд шахцалдан алхах нь ач зээгээ баярлуулах даалгаврыг хүүхдүүдээсээ авсан бололтой.  Гараас нь хөтлөх хүүхэд багачууд, “Эмээ, өвөө одоо автомат тоглоомын газар оръё. Автомат тоглоом тоглочихвол боллоо” гэж ирээд л гараас нь хөтлөн явах замыг нь замчилна.

Галзуу хулгана энэ өдөр хамгийн завгүй аж. Бага насны хүүхэд тоглохгүй байхыг анхааруулсан тул гол төлөв 10-аас дээш насныхан суудлыг нь эзэлнэ. Галзуу хулганыг тоглуулагч хүүхэд бүрийн бүсээ зөв бүсэлсэн эсэхийг нэгбүрчлэн шалгаж үзээд, дараа нь команд өгөн тоглоом ажиллаж эхлэхэд хүүхдүүд нэгэн зэрэг дуугаар “Ээж ээ, аав аа” гэж хашгиралдана. Гэвч цаг дуусч, галзуу хулганаас буух болоход зарим нь сэтгэл хоргодож, хоёр дахиа даагаа нэхэхээр үлдэнэ. Ахиад л “Аав аа, ээж ээ” гэдэг дуугаа хадаана. Ингэх нь тэдэнд илүү кайфтай байдаг бололтой.

Хоёр дахь хамгийн завгүй тоглоомонд агаарын дугуй, эргэдэг дельфин орох болов уу. Морин тойруулга ч бас амрах завгүй ажиллах тоглоомуудын нэг. Морь гэж чухам ямар амьтан байдгийг үзэж хараагүй хүүхдүүдэд эцэг, эх нь анхны танин мэдэхүйн хичээлийг морин тойргуулган тоглоом дээр заах аж. Динозаврын тухайд ч ялгаагүй, гэхдээ энэ төрлийн хүүхэлдэйн хийгээд уран сайхны кинонууд олон тул хүүхдүүд бараг аав, ээжээрээ заалгаад байхааргүй тэднээс ч илүү мэдлэгийг олж авсан гэлтэй харагдана билээ. Аав буруу яриад байна, тэр динозавр чинь үүнээс том аймаар том байхгүй юу даа гэж хүртэл аавынхаа ярьсныг үгүйсгэж байгаа юм чинь. Үндэсний соёл амралтын хүрээлэнд зочлох хүүхэд багачуудын баяр хөөрөөс багахан хэсгийг хуваалцахад ийм буюу. Харин одоо борооноос халшран хүүхдийн баяраар паркт очиж амжаагүй байгаа багачууддаа зарим нэг мэдээллийг хүргэе. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн Эх үрсийн баярыг тохиолдуулан тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 6-ныг хүртэл “Гайхамшигт долоо хоног” хөтөлбөрийг толилуулж буй юм байна. Эл хөтөлбөрт тусгаснаар хүүхэд багачууд зөвхөн тоглоом тоглоод зогсохгүй фантамимо, алиалагч нарын сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэх боломжтой. Тэд ирсэн зочиддоо сонирхолтой үзүүлбэрүүдээр бэлэг барьж, баяр дээр баяр нэмж байна.

Багц тасалбарууд

Season Pass карт – /гурван сарын турш бүх тоглоом дээр тоглох эрхтэй/

Monthly Pass карт /нэг сарын турш бүх аттракцион тоглоом дээр тоглох эрхтэй/

Daily Pass
карт -/тухайн худалдаж авсан өдөртөө бүх тоглоом дээр үнэгүй тоглох эрхтэй /

Student’s Pass
карт –/Оюутнуудын карт. Гурван сарын турш бүх тоглоом дээр үнэгүй тоглох эрхтэй/

Happy багц – /Тухайн өдөртөө таван тоглоом дээр тоглох эрхтэй/

Сool багц – /Тухайн өдөртөө найман тоглоом дээр тоглох эрхтэй/

Жич: Happy багц авсан үйлчүүлэгчид 2 тоглоомыг үнэгүй тоглож байна гэсэн. Харин Cool багцыг авсан үйчлүүлэгчид 4 тоглоом дээр үнэгүй тоглож байна гэсэн үг юм.

Хүн бүрийн сууж болох тоглоом

Алсыг харагч – 4000 төгрөг
Агаарын дугуй – 4000 төгрөг
Эргэдэг дельфин – 4000 төгрөг
Сэлүүрт завь – 6000 төгрөг
Далайн дээрэмчний завь – 5000 төгрөг

Хүүхдийн тоглох тоглоом

Динозавр – 4000 төгрөг
Мэлхий үсрэлт – 4000 төгрөг
Морин тойруулга – 4900 төгрөг

Залуучуудын тоглох тоглоом

Саран савлуур – 4000 төгрөг
Галзуу хулгана – 4000 төгрөг
Гинжит – 4000 төгрөг
Сансрын хөлөг – 5000 төгрөг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж