Венад Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.06.02-нд нийтлэгдсэн

Венад Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэв

Энэ жил Австри улсын буддын шашинтнууд Бурхан багшийн мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон болон нирваанд орсон зэрэг гурван их зохиол тохиосон их дүйчин өдрийг тавдугаар сарын 27-нд Вена хотын Буддын шашны “Найрамдал” сүмд тэмдэглэн өнгөрүүлжээ. Австри дахь Буддын шашны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээнд Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц урилгаар оролцож, үг хэлсэн байна. Мөн Монголын ардын урлагийн “Хөх Монгол” хамтлаг ая, дуугаа өргөсөн нь олны сонирхлыг татсан гэнэ.

Тус арга хэмжээнд Монголоос гадна Вьетнам, Түвд, Японы лам хуврагууд хүрэлцэн ирж, Зүрхэн судрыг өөр өөрийн хэл дээр айлджээ.

Австрийн Буддын шашны холбоо жил бүр Азийн буддын шашинт улсуудаас нэг орныг сонгон хамтран ажиллаж, тус орныг сурталчлан таниулах арга хэмжээ хийдэг бөгөөд энэ жил Монгол Улстай хамтран ажиллаж байна.

1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Бурхан багшийн их дүйчин өдрийг олон улсын тэмдэглэлт өдөр болгосон тогтоол гарсан юм. Дашрамд өгүүлэхэд, энэ жил Бурхан багшийн төгс гэгээрсний 2601 жилийн ой тохиож байгаа билээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж