Сүүлийн үеийн судалгаагаар гэр бүл доторх хэрүүл маргааны улмаас хүнд өвчин тусах, тэр тусмаа амь насанд аюултай өвчнөөр өвдөх магадлалыг 34 хувиар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Өдөр тутмын шалихгүй хэрүүл нь эрэгтэй, эмэгтэй хүнд адилхан муугаар нөлөөлдөг гэнэ. Шалтгаантай ч бай шалтгаангүй ч бай хэрүүл хийх нь сэтгэл хямраагаад зогсохгүй цусны даралт өөрчлөгдөн хямрах, цусны эргэлт удаашрах, мөн дархлаа муудах зэрэгт нөлөөлдөг байна. Цочмог уурлах нь зүрхний асуудалтай хүмүүст хүндээр тусч болзошгүйг Лондоны их сургуулийн эрдэмтдийн судалгаа харуулжээ . Учир нь судалгааны явцад бараг 600 хүн зүрхний шигдээс тусч, эсвэл ангина нь хүндэрсэн байна. Эмэгтэйчүүд хэдийгээр сэтгэлийн хөдлөл ихтэй учир аливаа хямралыг илүү эмзэг хүндээр хүлээн авдаг гэж үздэг ч гэсэн хэрүүл маргаан нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст адилхан сөргөөр нөлөөлдөг гэжээ. Түүнчлэн гэр бүлийн харилцаа муудах нь тухайн хүний тамхи татдаг эсэхээс үл шалтгаалан адилхан архаг өвчнөөр өвчлөхөд хүргэдэг гэдгийг эмч нар тогтоосон байна. Гэхдээ судлаачдын хийсэн дүгнэлтийг үл харгалзан гэр бүлийн харьцаа нь хүнд тун ч эерэгээр нөлөөлдөг бөгөөд тэд ганц бие хүмүүсийг бодвол илүү урт насалдаг гэнэ. Үүний нэгэн адилаар гэр бүл салахад хүн өөрийн дархлааг 50 хувиар бууруулдаг ажээ.