НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсон Бан Ги Мүн өөрийн шинэ багийг бүрдүүлж буй талаар BBC мэдээлэв. Түүний эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн туслахаар БНХАУ-аас ХБНГУ-д суугаа Элчин сайд У Хонбо томилогдсон байна. Тэрбээр өдгөө 60 настай бөгөөд олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны салбарт арвин туршлагатай нэгэн гэгддэг аж. Харин Бан Ги Мүний нэгдүгээр орлогчоор Шведийн дипломатч Ян Элиассон, Тамгын газрын даргаар Аргентины иргэн Макорруг сонгосон байна. Макорру хэмээх эмэгтэй нь НҮБ-ын гадаад харилцаа хариуцсан департаментыг удирдаж байсан туршлагатай аж. Харин одоогийн байдлаар улс төр хариуцсан эрхлэгчийн орон тоо сул байгаа гэнэ. Бан Ги Мүн ийнхүү шинэ багаа бүрдүүлж, таван жилийн хугацаатай улиран ажиллах юм байна.
У.БОЛОР