Усаин Болт 2008 онд өмнөд хөршийн нийслэл Бээжин хотноо болсон олимпод 100 метрийн зайд 9,69 секунд хурдалж, дэлхийн дээд амжилтыг эвдэн олимпийн аварга болсон билээ. Харин түүнээс хойш нэг жилийн дараа Берлинд болсон дэлхийн аваргын үеэр 9,58 секундын амжилт үзүүлж, өөрийн тогтоосон дэлхийн рекордыг шинэчилсэн юм. Өдгөө 25 настай тэрбээр 100 метрээс гадна 200 метрийн зайд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг билээ.
Лондонгийн олимпийн наадмын хөтөлбөрийн дагуу хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн тэмцээн наймдугаар сарын 5-нд болно. Харин тэр өдөр Усаин Болт хэн гэдгээ харуулж, энэ чигт анхаарлаа хандуулж буй бүгдийн ярианы сэдэв болсон “9,4 секунд” гэсэн амжилтын төлөө зүтгэнэ гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр “Миний гол өрсөлдөгч хэн байх вэ гэдгийг би хэлж чадахгүй нь. Хамгийн чухал нь гарааны шугамд надтай зэрэгцэж зогсох долоон залуу хэн байх вэ гэдэг байна. Тэр өдөр юу ч болж болно. Тиймээс би бүх анхаарлаа зөвхөн өөртөө хандуулж байна, хэн нэг хүний төлөө бус” хэмээжээ.