Залуучуудын Азийн аваргаас хоёр медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.06.02-нд нийтлэгдсэн

Залуучуудын Азийн аваргаас хоёр медаль хүртлээ

Казахстаны Алматы хотын Абайн өргөн чөлөөн дэх “Достык” спорт цогцолборт Ази тивийн залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн XV, эмэгтэй чөлөөт бөхийн Х тэмцээнд Арабын Нэгдсэн Эмират Улс, БНСУ, БНХАУ, Вьетнам, Иордан, Ирак, Иран, Казакстан, Киргиз, Монгол, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон зэрэг 17 орны залуу бөхчүүд өрсөлдөж байгаа юм. 

Тус тэмцээнийг ФИЛА-гийн Товчооны гишүүн, Азийн хорооны ерөнхийлөгч Ким Чанг Кью, ФИЛА-гийн Товчооны гишүүн, Казахстаны бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Даулет Турлыханов нар үзэн сонирхож байна. Түүнчлэн тэмцээний үеэр шүүгч нарт зориулсан долоо хоногийн семинар зохион байгуулж, тэдэнд олон улсын зэрэг авах, зэргээ ахиулах боломж олгож буй ажээ.

Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр эмэгтэй 44, 51, 59, 67 кг-ын жингийн барилдаан болж, 51 кг-д Э.Даваачимэг мөнгө, 67 кг-д О.Оюунтуяа хүрэл медаль хүртсэн байна.

Өнгөрсөн жил Индонезийн Жакарта хотод болсон Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд Э.Даваачимэг, О.Оюунтуяа нар мөнгөн медаль хүртэж байсан юм.

Тэмцээний эхний өдрийн дүнг танилцуулъя.

Эмэгтэй:

44 кг
1. Инду Чадхару /Энэтхэг/
2. Вен Линг Ло /Тайвань/
3. Ючи Минори /Япон/

51 кг        
1. Ю.Мияхара /Япон/
2. Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин” спорт хороо/
3. Аймангуль Толеухан /Казахстан/
3. Шин Хуе Лее /БНСУ/

Энэ жинд найман бөх барилдсанаас Эрхэмбаярын Даваачимэг нэгдүгээр тойрогт Вьетнамын бөх Нгуен Ти хангийг цэвэр ялж, хэсгээсээ гарах барилдаанд Өмнөд Солонгосын бөх Шин Хуе Леег 3:1, 1:0 онооны харьцаагаар хожиж алтан медалийн төлөө барилдаанд японы бөх Мияхара Юутай таарч 0:1, 0:6 оноогоор ялагджээ.

59 кг        
1. Ю.Сакано /Япон/
2. Поожа Дандах /Энэтхэг/
3. Аяулым Касымова /Казахстан/
3. Мейгин Пан /БНХАУ/
9. Эрдэнэбаатарын Сумьяасүрэн /Төв аймаг/

Энэ жинд 11 бөх барилдсанаас Эрдэнэбаатарын Сумьяасүрэн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын бөх Хее Жунг Сеотой таарч 0:3, 1:2 онооны харьцаагаар дийлджээ.

67 кг        
1. Ли Жингнинг /БНХАУ/
2. Чихаро Хашимото /Япон/
3. Отгонбатын Оюунтуяа /”Аварга” БТДС/
3. Сеема /Энэтхэг/

Энэ жинд 11 бөх барилдсанаас О.Оюунтуяа нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын бөх Хуен Жин Шинтэй таарч түүнийг 4:1 онооны харьцаагаар ялж хэсгээсээ гарах барилдаанд Хятадын бөх Ли Жиннинд 1:5, 0:4 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд Казахстаны бөх Гулмарал Еркебаеваг 4:4, 6:2 онооны харьцаагаар ялжээ.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 55, 63, 72 кг, эрэгтэй 50, 120 кг-ийн жингийн барилдаан болно гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж