БНСУ-д визийн хөнгөлөлттэй зорчино

Хуучирсан мэдээ: 2012.06.02-нд нийтлэгдсэн

БНСУ-д визийн хөнгөлөлттэй зорчино

Гадаад
харилцааны сайд Г.Занданшатар БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд Ким
Сон Хваны урилгаар тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 1-ны
хугацаанд тус улсад албан ёсны айлчлал хийгээд иржээ. Айлчлалын үеэр
хоёр улсын гадаад харилцаа болоод хоёр орны ард түмний хувьд ихээхэн ач
холбогдолтой асуудлын талаар хэлэлцсэн байна. Энэ талаар өнөөдөр Гадаад
харилцааны яаманд мэдээлэл хийсэн юм. Мэдээлэл хийх үеэр Г.Занданшатар
сайд “Хоёр улсын хооронд зорчих виз олгох, сунгахад хөнгөвчлөх болсон нь
цаашид визгүй зорчих ажлын эхлэл болж байна” гэдгийг онцолж байлаа.

БНСУ
болон Монгол Улсын хооронд иргэдийн зорчих урсгал улам бүр нэмэгдэж
байгаа тул зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээрт гарын
үсэг зурсан байна. Үүнд:

  • Энгийн пасспорттой иргэдэд олон удаагийн визийг нэг, гурав ба таван жилээр олгох
  • Визийн хураамжаас чөлөөлөх, гэхдээ визийн үйлчилгээний хураамж хэвээр байх
  • Бичиг баримтаа гээгдүүлж, үрэгдүүлсэн тохиолдолд дахин виз
    авахгүйгээр хил нэвтрэх эрх олгох, визийн хугацааг үнэ төлбөргүй сунгах
  • Дамжин өнгөрөхөд давтагдашгүй хүчин зүйл /байгалийн гамшиг/ бий
    болсон тохиолдолд 72 цаг хүртэлх хугацаанд нутаг дэвсгэртээ визгүй
    байлгах. БНСУ-ын тал удаан хугацаагаар оршин суугаа иргэдээ гарах, орох
    визнээс харилцан чөлөөлөх
  • Дипломат, албан паспорттой иргэдийн түр оршин суулгах хугацааг 90 хоног болгох
  • Сүүлийн хоёр жилд 4-өөс дээш удаа буюу нийт 10 удаа зорчсон, оршин
    суух зөрчил гаргаагүй, энгийн паспорттой иргэд 30 хүртэлх хоногийн
    хугацаанд оршин суух тухай 2004 онд хийсэн тохиролцоог хоёр тал
    үргэлжлүүлэн мөрдөх
  • Олон удаагийн виз олгохдоо одоо бүрдүүлж байгаа материалын тоог нэмэхгүй байх талаар тус тус тохиролцсон байна.   

Дээрх хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухайд БНСУ-ын тал бэлэн гэдгээ
илэрхийлсэн бол Монгол Улсаас Засгийн газрын хуралдаанаар баталснаар
хэрэгжиж эхлэх гэнэ. Тиймээс Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ
асуудлыг Засгийн газарт шуурхай танилцуулж, ойрын хугацаанд
шийдвэрлүүлэх тухайгаа хэлэв.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж