БНСУ болон Монгол Улсын хооронд иргэдийн зорчих урсгал улам бүр нэмэгдэж байгаа тул зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Үүнд:
- Энгийн пасспорттой иргэдэд олон удаагийн визийг нэг, гурав ба таван жилээр олгох
- Визийн хураамжаас чөлөөлөх, гэхдээ визийн үйлчилгээний хураамж хэвээр байх
- Бичиг баримтаа гээгдүүлж, үрэгдүүлсэн тохиолдолд дахин виз авахгүйгээр хил нэвтрэх эрх олгох, визийн хугацааг үнэ төлбөргүй сунгах
- Дамжин өнгөрөхөд давтагдашгүй хүчин зүйл /байгалийн гамшиг/ бий болсон тохиолдолд 72 цаг хүртэлх хугацаанд нутаг дэвсгэртээ визгүй байлгах. БНСУ-ын тал удаан хугацаагаар оршин суугаа иргэдээ гарах, орох визнээс харилцан чөлөөлөх
- Дипломат, албан паспорттой иргэдийн түр оршин суулгах хугацааг 90 хоног болгох
- Сүүлийн хоёр жилд 4-өөс дээш удаа буюу нийт 10 удаа зорчсон, оршин суух зөрчил гаргаагүй, энгийн паспорттой иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд оршин суух тухай 2004 онд хийсэн тохиролцоог хоёр тал үргэлжлүүлэн мөрдөх
- Олон удаагийн виз олгохдоо одоо бүрдүүлж байгаа материалын тоог нэмэхгүй байх талаар тус тус тохиролцсон байна.
Дээрх хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухайд БНСУ-ын тал бэлэн гэдгээ илэрхийлсэн бол Монгол Улсаас Засгийн газрын хуралдаанаар баталснаар хэрэгжиж эхлэх гэнэ. Тиймээс Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ асуудлыг Засгийн газарт шуурхай танилцуулж, ойрын хугацаанд шийдвэрлүүлэх тухайгаа хэлэв.
Мөн айлчлалын үеэр хоёр улсын хоорондох дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх, ардчиллын асуудлаар хэлэлцэх олон улсын чуулга уулзалтуудад оролцох, Тавантолгойн орд болоод түүнийг дагасан дэд бүтцийг сайжруулах стратегийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах, хүний нөөц харилцан солилцох, “Дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэн”-гийн бүсийн салбарыг Монголд байгуулах, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт АПЕК-д нэгдэн ороход БНСУ-ын дэмжлэгийг хүсэх талаарх асуудлыг хэлэлцэж, хамтран ажиллахаар болжээ.
Өнөөдрийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 28521 иргэн ажиллаж амьдарч байна. Үүнээс 18908 нь хууль ёсоор, 9613 нь визний зөрчилтэйгээр оршин сууж байгаа аж. Монгол иргэдээс БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон 2402 хүн байгаагийн 90-ээд хувь нь эмэгтэйчүүд ажээ. Харин тус улсад Монголын 4979 оюутан суралцаж байгаа юм байна.