”Тэвчээртэй ч нөхрөө харахаар эрхлээд байдаг”

Хуучирсан мэдээ: 2012.06.02-нд нийтлэгдсэн

”Тэвчээртэй ч нөхрөө харахаар эрхлээд байдаг”

СТА уран нугараач Ж.Бямбажавыг “Камертон”-ы фенүүд Эбагийн эхнэр гэдгээр нь андахгүй. 12 настай жаахан охин циркийн ажилчин болж ажлын гараагаа эхэлж байсан тэрээр дүүгээ ч энэ урлагт уруу татаад авсан гэдэг. Ямартаа л Чехэд ажиллаж байгаад ирсэн аав нь бяцхан охид нь циркэд данстай хүмүүс болчихсон байхыг хараад “Хоёрхон охинтой байж хоёуланг нь нугараач болгохгүй” хэмээн хэсэгтээ эсэргүүцсэн ч тусыг олоогүй гэнэ. Монголын циркийг төлөөлөн дэлхийн олон орноор явж эх орноо сурталчлах их үйлсэд гар бие оролцож явсандаа эгч дүү хоёр сэтгэл бардам байдаг гэсэн. Нэгэнтээ хоёрхон хэмээн чамлаж байсан Жанчивдорж гавьяат өдгөө  зээ нараараа хүрээлүүлсэн өнөр өтгөн бүлийн өвөө болсон байх ажээ.

-Гоо сайхны салонтой болох миний мөрөөдөл гэж байсан даа. Хэзээ Бямбаагийн салоноор зочлох бол?

-Гоо сайхны салон нээх мөрөөдлөө орхиогүй ээ. Одоохондоо хойш тавьчихаад л явна. Лас вегаст хоёр жил хагас суралцаад ирсэн. Уг нь гоо сайханч болох гэж очоод космитологист мэргэжлээр анхны монгол оюутан болж төгсөж байлаа. Бүх төрлийн гоо сайхны үйлчилгээг хийнэ гэсэн үг л дээ. Маникюр, педикюр, үсчин гоо сайхны үйлчилгээ гээд л. Одоохондоо найз нөхдийнхөө хүсэлтээр зарим төрлийн үйлчилгээ үзүүлдэг л юм.

-Америкт сурахын хажуугаар нугардаг байсан уу?  Энд нас заасан байдаг уу?

-Тийм шүү. Ер нь саяхныг хүртэл нугарч байлаа. Нугарахад заасан нас байхгүй. Ер нь нугарна гэдэг их хэцүү л дээ. Өдөрт 30-40 удаа суниалт хийнэ. Маш олон цагаар нуруугаа халаална, нэг гаран дээрээ тогтоно гэдэг гээд их зүтгэл шаарддаг. Манай дүү бид хоёрын хувьд уран нугаралтын тал дээр их юм хийсэн гэж боддог юм. Нэлээн олон газраар явж нэртэй шоунд ч оролцож байлаа. Монголынхоо нэрийг дуурсгахаар хангалттай юм хийсэн гэж боддог болохоор харамсах зүйлгүйгээр орхиж чадсан. Бид циркийн урлагт долоон настайгаасаа орж, 12 настайдаа албан ёсны жүжигчин болж ажлын гараагаа эхэлж байлаа. Тэр үед их өндөр шалгуураар жүжигчин болдог байсан. Сүүлийн үед их муу болсон санагддаг юм. Бараг л хүн болгон нугардаг болчихсон ч юм шиг. Бидний үед нэг үзүүлбэрийг батлуулж тайзан дээр гарах гэж найруулагч, циркийн дарга, уран  сайхны удирдаач гээд их олон хүнд шалгуулж байж тоглолтонд оролцдог байлаа. Тэр чанга шигшигдсэн үед нугаралтын урлагийг хүмүүст хүргэж байсандаа сэтгэл хангалуун байдаг.

-Нугарахад байнгын бэлтгэл хэрэгтэй гэж жирийн хүмүүс ойлгодог?

-Анх сурч байгаа хүүхдүүд байнгын бэлтгэлтэй байх ёстой. Бидний хувьд их олон жил хийж байгаа болохоор ерөнхийдөө тогтчихсон. Хоёр өнжөөд нэг ч юмуу бэлтгэл хийхэд формоо алддаггүй. Зарим үед хоёр гурван сараар тэр бүү хэл жил завсарлах нь бий. Анх хүүгээ төрүүлчихээд жил завсарлаж байлаа. Дараа нь өөрийгөө дайчилж чадах юм бол хэчнээн хугацаагаар ч завсарлаж болно. Төрөлхийн нугараач хүмүүс эргээд формдоо орох нь амархан байдаг.

-Урлагийн авьяас удам дагадаг гэдэг. Мэдээж гэр бүлийн нөлөө ч их байдаг байх даа?

-Аав маань циркийн жүжигчин МУГЖ Жанчивдорж гэдэг хүн байдаг. Насаараа циркэд ажиллаж байгаа хүн. Аав маань амьдрал хэцүү олон хүүхдэд тусалж ажил амьдралтай нь залгуулсан буянтай хүн. Тийм ч учраас нэлээн олон группыг гадаадад гаргаж Монголоо сурталчилсан гэж хэлж болно. Харин ээж маань циркийн мастер оёдолчин. Би ээж ааваас хоёулаа. Бид хоёр ээж ааваараа маш их бахархдаг. Ер нь бид хоёрыг циркэд төрсөн гэж хэлж болно.

-Удам дагаж эгч дүү хоёр хүүхдүүдээ циркийн хүмүүс болгох бодол байдаг уу?

-Том хүү маань зураач болно гэж ярьдаг. Бас тоонд их дуртай. Харин ойрын үед өвөөгөө дагаад циркийн морьтны үзүүлбэрийг үзээд байнга л цирк явж морь уная гээд сэтгэл нь хөөрсөн хүн л байх болсон. Үнэхээр хүүгийн маань хүсэл дийлээд циркчин болъё гэвэл зөвшөөрнө. Намайг багад ээж аав маань хориглосоор байхад би зүтгэсээр байгаад нугараач болсон. Ер нь хүн хүссэн юмныхаа төлөө хэзээ ч шантралтгүй явдаг юм билээ. Гэхдээ маш их тэсвэр тэвчээрийг давж байж амжилтанд хүрдэг болохоор өөрсдийнхөө хүүхдүүдийг зовоохгүй юмсан гэж боддог. Их хэцүү ажил. Жирийн хүний бие нь таагүй бол “За өнөөдөр эм уугаад хэвтчихье. Эсвэл ажил руугаа утасдаад би очиж чадахгүй нь өвдчихлөө” гээд хэлчихэж болно. Тэгвэл бид нарт тийм эрх байхгүй. Тэр өдөр хэчнээн залхуутай ядарчихсан байсан ч тэр ажлыг хийх ёстой учраас энгийн хүнээс хавьгүй илүү тэвчээр суудаг. Маш их өвдөнө ядарна тэр үед шүд зуугаад л тэвчдэг байлаа.

-Циркийн зарим жүжигчид цалин ахиуг нь бодоод гадаадад ир гарах болсон. Өөрт чинь тийм бодол төрж байсан уу?

-Манай дүү бид хоёр циркийнхээ шугамаар их олон орноор явсан. Заримдаа хувиараа явцгаана. Тэр болгонд гэрээ маш их санана. Тийм болохоор ч тэр үү энэ талаар ерөөсөө ч бодож байгаагүй юм байна. Ээж аавыгаа санана. Арай жаахан том болоод найз залуугаа санана. Дараа нь найз залуутайгаа гэр бүл болоод нөхрөө хүүхдүүдээ гээд санах хүмүүсийн тоо нэмэгдээд л байдаг юм билээ.

-Бямбаа амьдрал дээр хэр их тэвчээртэй вэ?

-Ганцаараа энд тэнд явахад гүрийгээд л тэвчээд өнгөрөх юм олон л байдаг юм. Хол газар гэр орноо санаад хэцүү юм их л гардаг. Тэр болгонд тэвчээд л өнгөрдөг хэрнээ гэртээ ирэхээр нөхөртөө эрхлээд тэсвэр тэвчээрээ гаргаад байх шаардлагагүй болж орхидог.

-Ажил ихтэй үедээ  хүүхдүүдээ хэнд даатгаж орхидог вэ?

-Том хүүгээ бүр бага байхаас нь л орхиод явчихдаг байлаа. Явж явж ирэхэд хүү маань одоо чамайг хэзээ ч явуулахгүй гээд хүзүүдээд л угтдаг юм. Уйлаад л орхиод гардаг ч эргээд ирдэг болохоор сайхан юм даа. Хүү маань харьцангуй их чөлөөтэй хүүхэд л дээ. Аав ээж хоёроо ялгаад байдаггүй. Харин ч ээждээ илүү юм шигээ заримдаа бүр ааваасаа ээжийгээ харамлана.

-Том хүүгээ Эба нэгэн хэсэгт урлагт бэлдээд л байх шиг харагдсан. Аавынхаа клипэнд тоглоод л рекламд ч хүч үзээд л ….?

-Хүүгээ санаандгүй клипэнд тоглуулаад үзье гэж бодсон юм. Тэгсэн чинь их хөөрхөн жүжиглэдэг юм билээ. Аав ээж хоёр нь шинэ авьяасыг нь нээсэндээ их баяртай байдаг юм ш дээ. Найруулагч за одоо унт, одоо ингэ гээд хэлэхээр яг хэлснээр  нь хийгээд. Одоо  тэр клипийг нь үзэхээр хөөрхөн байдаг юмаа.

-Нугараач гэрийн эзэгтэй хоолны цэсийг сонирхмоор санагдаж байх чинь?

-Гэртээ бол янз бүрийн л хоол хийдэг дээ. Заримдаа ч монгол маягаар сайхан бүхэл мах чанаад идчихнэ. Эба бид хоёр оройдоо хөнгөн хооллох дуртай.

-Тэгвэл гэрийн эзэгтэйн тогтоосон дүрэм гэж байдаг болов уу?

-Гэрээ маш их цэвэрхэн байлгах дуртай. Заримдаа хэтэрхий зүлгэчих юм гээд шүүмжлүүлдэг л юм. За тэгээд бүх юм байрандаа байхад маш их дуртай.  Юмыг аваад байрыг нь солиод тавьчихсан байхад их дургүй. Гэртээ муухай болсон хувцсаа замбараагүй хаяхгүй заавал сагсандаа хий л гэдэг юм.

-Тэгвэл Эбагийн гэр бүлийн тэмдэглэх дуртай хамгийн гоё баяр?

-Бид хоёр хурим хийсэн өдрөө их хүндэтгэлтэй тэмдэглэдэг. За бас хүүхдүүдийн маань төрсөн өдөр байна. Харин найз нөхдийн хүрээнд гэвэл шинэ жилийг тэмдэглэх дуртай.

-“Камертон”-ы фенүүд тэр тусмаа Эбагийн фенүүдийн сониуч харцнаас дальдрах үе байдаг уу?

-Ерөөсөө төвөгшөөж байгаагүй юм байна. Тэгээд ч би нөхрийгөө том од, дуучин гэж хэзээ ч бодож байгаагүй миний хань нөхөр л гэж боддог. Ганцаараа явж байхад Эбагийн эхнэр гэж таньдаггүй л байх гэж боддог ш дээ. Яахав Эбатай явж байхад эхнэр нь гээд ярьж л байдаг юм. Би өөрөө урлагийн хүн болохоор тэр бүрд юм боддоггүй. Мэдээж эмэгтэй хүн болохоороо хүний нүдэнд муухай харагдахгүйг хичээдэг. Тэрнээс хүмүүст таалагдах гэж хөөцөлдөггүй. Ер нь ч тэгээд би өөрийгөө байнга өөрчлөх дуртай. Тиймдээ ч гоо сайхны мэргэжлийг сонгосон.

-Дэгжин бүсгүйг хувцас гоо сайхны тухай сонирхохгүй өнгөрч боломгүй санагдлаа?

-Хувцсаа голдуу Америк Солонгосоос авчирдаг. Гоо сайхны бараа гэвэл АНУ-ын цэвэрлэгч, угаагч тосыг хэрэглэдэг. Гэхдээ цаг агаарын байдлаас болоод Солонгос, Францын бүтээгдэхүнийг хэрэглэнэ. Би ер нь туршилт хийх их дуртай. Мэргэжилтэйгээ холбоотойгоор янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнийг өөр дээрээ их туршиж үздэг.

Эх сурвалж: WWW.TOPMEDEE.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж