Ерөнхийлөгч “Financial Times”-т ярилцлага өгөв

Хуучирсан мэдээ: 2012.06.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч “Financial Times”-т ярилцлага өгөв

“Их тэнгэр” цогцолборт өнгөрөгч өдрүүдэд болсон “Эдийн засгийн өгөөжтэй өсөлт, эрх зүйн шинэтгэл” эрх зүйн олон улсын чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Financial times” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Юуны өмнө би Монголын тусгаар тогтнож, бие даасан улс болсон талаар асуух гэсэн юм. Хуучин Зөвлөлтийн гүрэн задран унасны дараа Монгол Улс бусад хуучин коммунист орноос ялгаран Ардчиллын замыг сонгож авсан. Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг байсны хувьд Та энэ талаар ярьж өгөхгүй юу?
 
-Монгол Улс хуучин социалист системийн орон байхдаа тусгаар тогтносон улс байсан. Эрх чөлөө бол хүнд ч, улс оронд ч аль алинд нь байх шаардлагатай. Хувь хүний хувьд эрх чөлөөтэй байх ёстой. Хувь хүмүүс нь эрх чөлөөтэй байж чадах юм бол тухайн ард түмэн эрх, эрх чөлөөтэй байна. Тэгэхээр эрх чөлөөний мэдрэмж монголчуудад өөрт нь байдаг. Бие даасан амьдралын мэдрэмж бол монголчуудад өөрт нь уламжилж ирсэн чухал зүйл. Энэ мэдрэмж Монгол улсыг дахин эрх чөлөө, тусгаар тогтнолоо бүрэн утгаар нь олж авахад, ялангуяа 1990 оноос хойш олж авахад их тусалсан болов уу гэж бодож байгаа.

Монголын өөрчлөлтийн хувьд онцлог бий. Нэгдүгээрт ер нь Азийн улс орнуудад улс төрийн шинэчлэл, эдийн засгийн шинэчлэлийг зэрэг хийх боломжгүй гэсэн ойлголт байдаг. Үүнийг монголчууд эвдсэн. Улс төрийнхөө шинэчлэлийг ч 1990 оноос эхэлж хийсэн, эдийн засгийнхаа шинэчлэлийг ч хийсэн. Хүн арддаа эрх, эрх чөлөөг олгох энэ шинэчлэлийг давхар хэрэгжүүлсэн. Үүгээрээ монголчуудын шинэчлэлийн нэг онцлог байгаа. Хоёр дахь онцлог 1990 онд нийгмийн өөрчлөлтийг хийхдээ тайван замаар, яриа хэлэлцээний аргаар шийдэж чадсан. Гурав дахь онцлог бол 1990 оноос хойш бараг 22 жилийн хугацаанд шинэчлэлийг үргэлжлүүлж хийх эрмэлзэл монголчуудад тууштай байсан. Хэзээ ч энэ замаасаа ухарч буцаж байгаагүй.

Монгол Улс энэ бүс нутагт эдийн засаг, улс төр, нийгмийн хувьд хамгийн чөлөөтэй тогтолцоотой орон болж хувирсанд бид бахархаж явдаг.
 
-Хятадын онцлогтой хөгжлийн замын талаар ихэд яригдах болжээ. Тоталитар Засгийн газар нь эдийн засгийн хөгжлийг эхлүүлэх арга зам мөн талаар. Та ч мөн энэ талаар яриандаа дурдсан. Хятад болон Энэтхэг улсыг жишээ болгон эдийн засгийн хөгжлийг нь харьцуулах явдал байдаг. Таны бодлоор Монгол Улс ардчилал, эдийн засгийн шинэчлэлийн замыг сонгосноор ямар нэгэн сул тал, хүндрэлүүдтэй учирч байсан уу. Ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийг сонгосны сул болон давуу талыг хэлэхгүй юу?
 
-Ер нь нийгэм, эдийн засаг, улс төрийн шинжтэй том өөрчлөлтийг хийхэд мэдээж асар их хүндрэлтэй байсан. Эдийн засгийн хувьд Монгол Улс социализмын үед бараг нийт худалдааныхаа 90 хувийг, нийт эдийн засгийн арилжааныхаа 90 хувийг нэг улстай, тодруулбал тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улстай хийдэг байсан. Нөгөө талаараа энэ өөрчлөлтийг хийснээр бид дэлхийн олон улс оронтой үнэлэмжийн хувьд ойролцоо болсон. Нэг үгээр хэлбэл хуулийн дагуу амьдрах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх гэдэг тэр үнэлэмж бол аль нэг үзэл суртлаас хүчтэй байсан. Тийм учраас тэр үнэлэмжийн дагуу маш олон найз нөхөдтэй болж чадсан. Олон улсын банк, санхүүгийн туслан дэмждэг байгууллагууд, ижил үнэлэмжтэй улс орнууд бидэнтэй хамтарч ажиллах боломж нээгдсэн. Үүн дээр үндэслээд бидэнд тухайн үед тулгамдаж байсан хэцүү асуудлуудыг шийдвэрлэх нөхцөл боломж өөрөө гарч ирсэн. Хоёрдугаарт эрх чөлөө өөрөө маш сайхан гайхамшигтай талтай. Эрх чөлөөт хүн бүхэн эрх чөлөөт нийгэмд сайн мэдээг өдөр бүхэн сонсож болно. Нэг шинэ бизнес нэг газар бий болж байхад, өөр шинэ үйлчилгээ өөр нэг газар бий болж байдаг. Өөрсдийн эрх чөлөөгөө, бүтээлч чадвараа мэдэрсэн хүмүүс түүнийг бүтээж байдаг. Тэгэхээр эрх чөлөөтэй хүн илүү хариуцлагатай байдаг. Хариуцлагатай хүн бол бүтээлч байдаг гэдэг. Энэ байдал бидэнд нөлөөлсөн гэдгийг хэлэх нь зөв байх гэж бодож байна.

 
-Монгол орон нь хөрсөн доороо олж тогтоосон болон одоогоор тогтоогоогүй асар их хэмжээний эрдэс баялгийг агуулж буй нь нууц биш. Баруун Африкийн газрын тосны жишээ зэргээс үзэхэд байгалийн нөөцөөр баялаг зарим оронд энэ нь давуу тал бус харин “баялгийн хараал” болон туссан олон тохиолдол бий. Мэдээж Монгол Улс бас нэг Чили юм уу Катар болох боломж, хүсэл дүүрэн бий. Харин Монгол өмнө дурдсан муу жишгийг дагахаас хэрхэн сэргийлэх бол?
 
-Ер нь байгалийн баялаг ихтэй улс орны хувьд Монгол Улсад буруу замаар явах уу, зөв замаар явах уу гэдэг талаас нь асуулаа гэж ойлгож байна. Тэгэхээр буруу замаар явахад жишээлбэл монголчуудыг хамгаалах юу байна вэ гэдэг дээр нэг зүйлийг шууд хэлэх ёстой. Би хувьдаа итгэлтэй байдаг. Байгалийн баялаг ихтэй мөртлөө буруу замаар орсон тийм улс орнууд голдуу хаалттай улс байгаа. Байгалийн баялаг ихтэй мөртлөө зөв замаар явж байгаа орнууд нээлттэй улс байгаа. Норвеги ч юмуу, Австрали, Канад гээд аваад үзэхэд тэр улс орнууд ардчилсан улс орнууд байгаа. Түүнээс биш хөрөнгө оруулагчдынхаа юмуу тухайн орны эрх баригчдын заавраар явдаг биш, ард иргэдийнхээ хүсэл зоригоор явдаг улс орнууд голдуу зөв замаар явсан байгаа. Зөв замаар яваа бол гарч байгаа дутагдал, бэрхшээлүүдээ тухай бүр нь засч чадна. Яагаад гэвэл ард түмэнд тэр мэдрэмж нь байдаг. Байгаль сүйрч байна, аль эсвэл эдийн засгийн өсөлтийн өгөөж бидэнд ирэхгүй байна, нийгэмд ядуу, баяны ялгаа их нэмэгдэж байна гэдэг энэ дуу хоолой, мэдрэмж бол эрх баригчдаас биш ард түмнээс илүүтэй гардаг. Тэгэхээр нэгэнт ард түмний хүсэл зоригоор энэ улс орны хувь заяа шийдэгддэг, түүнийг удирдагч нь дагадаг учраас бид алдаагаа засаад яваад байх боломжтой юм. Монголчуудын баялгаа зөв эзэмшээд ард иргэдийн эрх ашигт нийцсэн хөгжилтэй улс орон болох хамгийн гол баталгаа бол Монгол Улсын нээлттэй байдал. Дээрээс нь бид бусдаас суралцахад байнга бэлэн байдаг. Бид өөрийнхөө шүүмжлэлтэй гэдэг юм уу, сүүдэртэй талаа байнга ярьж чаддаг. Энэ тухай монголын олон нийт бүрэн ойлголттой байх боломж байдаг.  Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь бие даасан, хүмүүсийн мэдээлэл авах боломж нь нээлттэй, үүнийг улам цаашаа нээж өгөх ёстой. Дээр нь бусдаас суралцах боломж байна. Ер нь ардчиллыг нэг үгээр тайлбарла гэвэл алдаанаасаа суралцах, бусдаас суралцах боломж гэж ойлгож байгаа.Нэгэнт суралцаж байгаа бол дэвшинэ гэсэн үг.
 
-Авилгын талаар маш тодорхой асуулт тавья. Мэдээж гэнэтийн их мөнгө хөрөнгөтэй болсон үед авилгын талаар санаа зовних нь зүй ёсны хэрэг. Транспаренси Интернешнл байгууллагаас гаргасан жагсаалтаас харахад Монгол Улс ил тод байдал, авилгын тал дээр тийм ч сайн үзүүлэлттэй биш. Парламентын гишүүн болохын тулд нэр дэвшигч нь 2 сая орчим ам.долларыг ухуулга сурталчилгаа гэх мэт үйл ажиллагаанд зарцуулах шаардлагатай болдог. Гэтэл парламентын гишүүний сарын цалин дөнгөж 800 орчин ам.доллар. Үүнээс үзэхэд хүмүүс парламентад сонгогдох нь олон ашигтай боломжийг бий болгодог гэж үздэг байх нь. Миний бодлоор энэ бол ихээхэн том асуудал юм. Та энд суугаа хүмүүст Монголын төр засагт болон Монголчуудад нийтэд нь үүнтэй шийдвэртэй тэмцэх хүсэл зориг бий гэдгийг батлан хэлж чадах уу?
 
-Энэ асуудалд бид нар санаа зовж байгаа. Ялангуяа авлигатай холбоотой асуудлаас болж монголын нэр төрийг хөндсөн мэдээлэл гарч буйг хараад бид ичиж явдаг. Ер нь авлигал гэгч нь монголыг өөрийг нь их муухай харагдуулж байгаа зүйл. Чөлөөт нийгмийг хамгийн хүнд байдалд оруулдаг, ер нь чөлөөт нийгмийн цаашдын өсөлтийг зогсоодог гол хүчин зүйл бол авлига. Авлига засаглалтай, төрийн бүтэцтэй, явуулж байгаа бодлоготой холбогддог. Ийм учраас миний одоогийн тавьж, уриалж байгаа нэг зорилго байгаа. Ирэх 4 жилийг төрөө засах 4 жил болгоё. Монгол Улс мөнгө байхгүй учраас монголын ард иргэд муу амьдарч байгаа юм биш ээ. Монгол Улсад шударга ёс байхгүй учраас монголын ард иргэдийн амьдрал муу байна. Монгол Улсад байгалийн баялаг байхгүй учраас манай ард иргэд ядуу зүдүү амьдраад байгаа юм биш, Монгол Улсад хууль тэгш хэрэгжихгүй байгаа учраас, нөгөө талд нь ард иргэдэд тэгш олдох тэр боломж хуулийн дагуу бүрэлдэж чадаагүй байгаа учраас ард иргэдийн амьдрал ядуу байна. Өнөөдрийн энэ Их тэнгэрийн чуулган үүнд чиглэж байгаа гэж бодож байгаа.
 
Энэ тухай 20 жилийн өмнө ярих боломжгүй байсан. 20 жилийн өмнө бидэнд тулгамдаж байсан асуудал маш өөр байсан. 10 жилийн өмнө ч ярих боломжгүй байсан. Магадгүй 5 жилийн өмнө ч энэ тухай ярихад манай нийгэм хүлээж авах болоогүй байсан. Өнөөдөр эдийн засгийн өгөөжийг нийтэд хүртээлтэй болгох үндсийг яаж тавих вэ гэж сайн санаат нөхөдтэйгөө, шинжээч судлаачидтайгаа, ард иргэдтэйгээ, төрийн бус байгууллагатайгаа бид нээлттэй ярьж эхэлж байгаа нь маш чухал. Би хувьдаа “Авлигалтай тэмцэх улс төрийн зорилт, зоримог байдал монголын төр засагт байгаа. Бид энэ чиглэлд эрчимтэй ажиллаж чадна. Сая манай парламент завсарлахынхаа өмнө шүүхтэй холбоотой зөвхөн миний санаачилсан 6 хуулийг баталлаа. Нийтдээ шүүх, эрх мэдлийг өөрчлөхийн тулд 18 хуулийг өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Бид цаашдаа шилжилтийн шинжтэй олон алхмыг хийх хэрэгтэй байгаа. Тийм учраас Монгол Улсыг авлигалаас салгах ажил манай нийгэмд ч, улс төрийн түвшинд ч байгаа. Миний үлдээх хувь бол Монгол Улсыг бага ч болов шударга ёстой, авлига багатай улс орон болгох. Үүндээ ямар нэгэн байдлаар хувь нэмэр оруулах ёстой гэж бодож байна.

 
-Та миний хөндөхийг хүсч буй хэд хэдэн асуудлын талаар ярилаа. Гэхдээ юуны өмнө та нэг хүнд ногдох нөөц баялгийн хэмжээгээр, жишээлбэл Катарын хэмжээнд хүрэхэд цаг хугацаа болон нөөц бололцоо бий эсэх талаар тооцоо хийж үзсэн болов уу?
 
-Өнгөрсөн жил Монгол Улс эдийн засгийн хувьд хамгийн өсөлттэй орон болж тооцогдсон. Зарим нэг судалгааг харж байхад 17.5 хувьтай өсөлт гарлаа гэж байгаа. Гэхдээ энэ өсөлтөөс манай нийгмийн сэтгэл зүйг харахад баярлах биш, илүү болгоомжилсон хандлага байгаа. Ер нь манай ард иргэд 20-иод жилийн хооронд энэ хүндрэлүүдийг өөрийн биеэр туулаад илүү хэрсүү болсон байгаа. Тэгэхээр энэ өсөлтөөс болгоомжилж байгаа нь нэг талыг барьсан өсөлт учраас тэр. Зөвхөн уул уурхайн гадагшаа гаргаж байгаа бүтээгдэхүүний өсөлт, дээрээс нь уул уурхайтай холбоотой орж байгаа хөрөнгө оруулалтаас үүдсэн өсөлт болчихоод байгаа юм. Яг боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн хөгжил, бусад салбарын өсөлт байна уу гээд харахаар тэр нь бараг байхгүй. 2 жилд дотоодын бүтээгдэхүүн нь 100 хувь өсөөд байгаа ийм хурдцыг хуучин бий болсон дэд бүтэц, эдийн засгийн чадавхи гүйцэх аргагүй байгаа юм. Тэгэхээр бид уул уурхайгаас олж байгаа орлогоороо, бий болгож байгаа зүйлээрээ өөр салбар руу хөрөнгө оруулалт хийж байж, үнэхээр ухаалаг маш их тооцоотой бодлого явуулж байж энэ байдлаас гарч чадна.

Энэ тухай хэлэлцүүлэг явж байгаа. Бараг энэ талаар санал асуулга явж байна гэж хэлж болно. Улсын Их Хурлын сонгууль бол санал асуулга гэж бодож байгаа. Энэ дээр хамгийн зөв, хамгийн ухаалаг, хамгийн тооцоотой бодлого гаргаж чадаж байгаа тэр улс төрийн намууд, нэр дэвшигчид жишээлбэл ард түмнээс дэмжлэг авах магадлалтай. Тэгэхээр энэ санал асуулгын дүнг харах ёстой. Хэлэлцүүлгийг улс орон даяар хийж байгаа.

-Энгийнээр харахад та бүхэн энэ их баялаг дээр сууж байна. Гол нь энэ их баялгаа Монголчууд болон гадныханд хэрхэн хуваарилах асуудал юм. Гадны хөрөнгө оруулагчид, тэдний туршлага болон хөрөнгө мөнгө зэрэг монголчуудад одоогоор байхгүй нөөцүүд нь та бүхэнд мэдээж хэрэгтэй. Одоо яригдаж буй Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль нь гадаадын хөрөнгө оруулагчидтай баялгаа хэрхэн хуваарилах асуудлын суурь зарчмуудыг тодорхой болгож буй явдал гэж үзэж байна. Юуны өмнө энэ хууль хэрхэн бий болсон талаар тодруулах гэсэн юм. Энэхүү шинэ хууль нь Чалкогоос Саусгобиг худалдаж авах санал гаргасантай холбогдсон, тэрхүү ганц тохиолдлоос үүссэн хариу үйлдэл гэж харагддаг. Энэ шударга бус явдал мөн үү?

 
-Монголчууд бид гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэн өндөр шаардлага нийгмийн өөрчлөлтийн эхэнд байсан. Ер нь охиноо нөхөрт гаргах гэж байгаа, айлд явуулах гэж байгаа тийм айл шиг ажиллаж байсан. Аль болох гоё хувцаслаад, аль болох гоё харагдуулаад, гайгүй сайхан охинтой айл шиг л байсан. Гэхдээ хүргэн болчихоор боломжийн улсуудыг олж хараагүй байсан. Одоо бол манай охиныг олоод харсан гэж ойлгож байгаа. Манай охин бол маш ухаантай, чадвартай, өндөр боловсролтой, үнэхээр сайн айлын сайн эзэгтэй болно. Тийм учраас бид өөрсдийнхөө хэмжүүрээр цаана нь хийх гэж байгаа сонголтод ханддаг байх ёстой. Эхлээд бид нээлттэй байх шаардлагатай байсан. Одоо бол Монгол Улс, ялангуяа уул уурхайн салбар гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орсон байгаа. Тийм анхаарлын төвд орсон орны нэг болчихоод байна. Бид өөрийнхөө үндэсний эрх ашиг, ард нийтийнхээ эрх ашгийг гаргаж тавих ёстой. Иймэрхүү байдлаар л явж байгаа. Миний баримталдаг бодлогод бол ер нь монголын ард иргэдийн нийтлэг эрх ашиг хамгийн түрүүнд тавигдана. Өмнө нь бидэнд мөнгө санхүү, үнэхээр гадаадын хөрөнгө оруулалт их чухал байсан. Энэ хоёрын алтан тэнцвэр дээр бидний цаашдын бодлого явах хэрэгтэй. Саяхан гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой, гадаадын төрийн хөрөнгө оруулалтыг зохицуулах, мөн зөвшөөрөлтэй холбогдсон асуудал парламент дээр яригдсан. Энэ асуудлаар бараг 3 жил ярьж байгаад сая шийдлээ оллоо. Түүнээс биш Чалкогийн асуудал гарч ирэнгүүт бид энэ тухай ярьж эхэлсэн юм биш. 3 жилийн өмнө энэ хуулийн төслийг өргөн барьсан. Хэлэлцүүлэг нь 3 жилийн турш нээлттэй байсан. Энд нэг зүйлийг хэлмээр байна. 1990 оноос өмнө монголын бүх өмч төрийнх байлаа. Бид 1990 оноос хойш хувийн өмчийн оролцоог аль болохоор дэмжихээр оролдож ирсэн. Төрийн өмч дээр хатуу хяналт тавиад, төрийн өмчийг хязгаарлаж, хувийн санаачилгыг дэмжих гэж байнга оролдож ирсэн. Бид улс дотроо өөрийнхөө төрийн өмчид хязгаарлалт тавьдаг атлаа гадаадын төрийн өмч орж ирэхэд хязгаарлалт тавихгүй сууж болохгүй шүү дээ. Тэгэхээр ийм зохицуулалтыг зөвхөн Монгол Улс ч биш. Нээлттэй эдийн засагтай, тэр дотроо маш хүчирхэг эдийн засагтай улс орнууд хийсэн байдаг. Бид бас энэ зүйлүүдийг харж байгаад зохицуулалтаа хийсэн.

Хамгийн сайн зохицуулалт, хамгийн сайн хууль гаргалаа гэж би хувьдаа хэлж чадахгүй. Энд шүүмжлэлтэй хандах зүйлүүд бий. Юу ч гэсэн гаргаад цаашаа яваад үзье. Байнга нээлттэй байх хуулийг сайжруулах боломж бий. Түүний дотор бидэнтэй хамтран ажилладаг Монгол Улсад хөрөнгө оруулахыг сонирхож байгаа тэр талынхаа санаа бодлыг ч гэсэн цаашдаа нээлттэй сонсох болно. Анх удаагаа Монгол Улсад ийм зохицуулалтыг хийлээ.

 
-Та гадны төрийн компаниудаас болгоомжилж байна уу, Хятадын төрийн өмчит компаниудаас болгоомжилж байна уу? Хятадад төрийн өмчит маш олон корпорациуд байдаг шүү дээ.
 
-Гадаадын төрийн өмчтэй компаниудын оролцооноос Монгол ч биш, бүхэл улс орон болгоомжилдог шүү дээ. Бидэнд аль нэг орны төрийн өмчийн компанийн тухай хуульдаа тусгайлан заасан зүйл байхгүй. Энэ хуулийн заалт, зохицуулалт бол нийт аж ахуйн нэгжүүд, нийт төрийн өмчтэй компаниудад хамаарч байгаа зүйл.
 
-Би Монголд ирснийхээ дараахан гадаадын хэд хэдэн хөрөнгө оруулагч компанихантай уулзсан. Тэд 51%-ийн хяналтыг л авахгүй бол эрсдэл хэтэрхий өндөр, хяналт тавих боломж бага гэж үздэг. Миний ойлгосноор шинэ хуульд хэрэв гадны компани хяналтыг авахыг хүсч байгаа бол парламентаар хэлэлцэж батлана гэж заасан. Та үүнийг эцсийн шийд гэж үзэж байна уу? Та гаднын хөрөнгө оруулагчдын энэхүү яриаг хоосон сүрдүүлэг гэж үзэх үү?
 
-Ер нь 51 хувийн хяналт гэдэг бол бүх шалгуурын дээд тал гэж үзэхгүй байгаа. Энэ бол нэг л шалгуур. Хоёрт ийм шалгууртай холбогдсон асуудал гарч ирэх юм бол асуудлыг шийддэг механизмыг тодруулж өгсөн. Энэ бол парламентын түвшинд ярих. Тэгэхээр ямар асуудал Засгийн газрын түвшинд шийдэгдээд явах, ямар нь хөрөнгө оруулалтынхаа хуулийн хүрээнд аж ахуйн нэгжийн түвшинд шийдэгдэх, ямар асуудал парламентын түвшинд яригдах вэ гэдэг байдлаар л зохицуулалт хийж өгсөн. Түүнээс биш огт яригдахгүй, хэлэлцэгдэхгүй, шийдэгдэхгүй асуудал гэж байхгүй. Асуудал шийдэх механизмыг тодруулж л өгсөн гэж би хувьдаа ойлгож байгаа.
 
-Миний бодлоор зарим гадны хөрөнгө оруулагч үүнд удахгүй болох сонгуулийн нөлөө орсон гэж үзэж байгаа. Тэд парламентын сонгууль дууссаны дараа нөхцөл байдал харьцангуй тогтворжино, дэмжлэг авах үүднээс ийм сүртэй үйлдэл хийх шаардлагагүй болов уу хэмээн найдаж байгаа. Тэдний энэ найдвар биелэх үндэстэй болов уу?
 
-Сонгуулийн санал өгсний дараа нар мандана гэдгийг монголчууд бүгдээрээ ойлгож байгаа. Анх удаа бид сонгуульд орж байгаа биш. Энэ бол 6 дахь удаагийн парламентын сонгууль. Ийм учраас энд санаа зовох зүйлгүй гэж бодож байна. Ер нь монгол хүн хол, ойрыг харж сонголтоо хийдэг. Монголчууд очих газраа бодож морио барьж эмээллэдэг. Зөвхөн өнөөдрийг харж юм уу, нэг талыг харж асуудлыг шийддэг ийм хүмүүс биш ээ. Би хувьдаа ард иргэдийнхээ ухаалаг сонголтод үнэхээр итгэж байна. Энэ хүмүүс ч гэсэн тэр сонголтоороо эрх баригчиддаа тодорхой мессеж илгээж чадна гэж бодож байна. Төр засгийн зүгээс ч ямар бодлогыг манай ард иргэд дэмжиж байна, ямар бодлогыг эсэргүүцэж байна гэдэг дээр тулгуурлаж шийдвэрээ гаргаад явах боломж бий.
 
-Дотоод асуудал руу эргэн оръё. Удахгүй Монголд орж ирэх их хэмжээний мөнгийг хэрхэн яаж зарцуулах нь тохиромжтой гэж та үзэж байна вэ? Хамгийн болхи байдлаар бол хүн бүрт тэнцүү хэмжээгээр хуваан тарааж болох ба үүнийг тодорхой хэмжээгээр туршиж үзсэн. Гэтэл төрийн байгууллыг бэхжүүлэх, боловсролыг дэмжих, төрийн тусгай сан байгуулах зэрэг өөр олон арга зам ч бас бий. Таны бодлоор үр өгөөжийг нийтээр хүртэж болохуйц хэлбэрээр нээлттэй чөлөөт зах зээлийн арга механизмд тохируулан тэрхүү мөнгийг хэрхэн хуваарилж болох вэ?
 
-Ер нь иймэрхүү асуултад энд сууж байгаа хүн бүхэн, манай ард иргэд, тэдний төлөөлөл бүгдээрээ ул суурьтай, бодитой хариулт өгч чадна гэж бодож байгаа. Жишээлбэл уул уурхайгаас орж ирж байгаа мөнгийг яаж хуваарилбал зөв хуваарилалт болох вэ гэсэн асуултыг асууж байгаа юм. Бидний хамгийн түрүүнд өгдөг хариулт нь аливаа асуудлын болон улс орны хөгжлийн гарц бол монгол хүн гэж байгаа. Түүнээс уул уурхай биш.
 
Бид өнгөрсөн жилүүдэд монгол хүний боловсролыг дэмжсэн тодорхой хуулиуд гаргасан. Монголчууд боловсролыг асар их үнэлдэг ард түмэн. Өөрсдийнх нь өдөр тутмын хэрэгцээнд мөнгө хүрэхгүй байхад хүүхдийнхээ төлбөрт мөнгөө гаргах гэж зээл авч, түүнийг хамтарч төлж барагдуулдаг. Тэгэхээр боловсролд ард иргэдийн зүгээс өгдөг ач холбогдлыг үнэлэх ёстой. Тийм учраас боловсрол руу оруулж байгаа, боловсролоор дамжуулж, хүүхдээр дамжуулж, сурагчдаар дамжуулж, оюутнуудаар дамжуулж, санхүүжилтээр дамжуулж олгож байгаа хөрөнгө оруулалт бол их зөв хөрөнгө оруулалт гэж үздэг. Мэдээж эрүүл мэндийн салбар их чухал. Ер нь монголын ирээдүй, монгол хүн боловсролтой, сайн ёс суртахуунтай байх юм бол монголд шинэ замууд бий болно, шинэ үйлдвэрүүд бий болно. Энэ үүднээс хүнээ боловсруулах, хүнийхээ боломжийг дээшлүүлэхэд бид хөрөнгө оруулалтаа түлхүү оруулах ёстой. Өөр хөрөнгө оруулалт хийх зүйл  бол эдийн засгийн бусад салбараа бид босгох явдал. Хөдөө аж ахуйн салбар бол монголд асар том боломж. Монголын нийт малын тоо 47 сая хүрч байна, манай нийт хүн ам 2.7 сая. Бидний хоёр талд маш том зах зээл, маш олон хүнтэй хөрш маань байна. Энэ хоёр хөршийнхөө тодорхой хэмжээний хүнсний хэрэгцээг Монголоос өндөр чанартай бүтээгдэхүүнээр хангах боломж байгаа юм. Дээрээс нь монгол Улс хамгийн сийрэг суурьшилтай. Нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр хамгийн их газар нутагтай улс орон. Тэгэхээр дахиад маш их боломж. Энэ их боломжоо ашиглаж бусад шаардлагатай байгаа зах зээлүүдэд тийм бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх боломж бий. Дээрээс нь үнэхээр хөрөнгө оруулалт шаардлагатай салбар бол дэд бүтэц. Монголоор дамжиж өнгөрч байгаа тээврийн чадавхийг нэмэгдүүлэх, төмөр замын томоохон сүлжээнүүдийг шинээр байгуулах, эдийн засгийн эрэлт хэрэгцээтэй эрчим хүчнийг дотроосоо бүрэн хангах ёстой. Монгол бол нүүрсний асар их нөөцтэй, үнэхээр эрчим хүчний хувьд диваажин байх боломжтой гэж би бодож байгаа. Өнөөдөр дутагдалтай байна. Үүнийг хийж чадахгүй байгаа нь бас л бидэнтэй холбоотой байх. Дээр нь бензин шатахуунаар бас хараат байдалтай байгаа. Тэгэхээр бензин шатахуунаа дотоодоо хийх гээд ингээд яривал маш олон боловсруулах үйлдвэрлэлийн асуудал гарч ирж байна. Энэ бүхнийг өнгөрсөн хугацаанд нээлттэй ярьсаар байгаад шийдэх асуудлуудаа, ерөнхий дүр зургаа гаргаад авсан. Аль ч улс төрийн нам, бодлого тодорхойлж буй хүмүүст ерөнхий асуудлын шийдлийн зурагууд байгаа. Одоо энэ асуудлаа тодорхой яаж шийдэх үү гэдгээ эрх зүйн талаас нь, мөнгөний талаас нь анхаарах хэрэгтэй болж байгаа юм.

 
-Соёлын талаар нэг асуулт асууя. Хөгжлийн хурдацтай үе шатад хүрсэн үедээ үндэсний эрхэм зорилгыг бий болгосон Япон, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг Азийн зарим орон, түүнчлэн Филиппин зэрэг үндэстний хэмжээндээ нэгдмэл зорилготой байж чадаагүй орнууд ч бий. Таны бодлоор Монгол энэ дүр зургийн хаана нь багтах бол? Өргөн уудам нутаг дэвсгэртэй нүүдэлчин соёл иргэншлийн хувьд Монголчууд илүү бие даасан, тус тусын сайн сайхныг бодсон байдаг гэсэн яриа бий.

-Ер нь Монгол Улс ноднин жил төр улсынхаа үүслийн 2220 жилийн ойг тэмдэглэсэн. Бид 20 жилийнх нь тухай ярьж байна. Монголчууд тухайн үедээ дэлхийд мэдэгдэж байсан нийт хуурай газрын талыг эзэлсэн эзэнт гүрнийг байгуулж, 200- 300 жил дэлхийн бодлогыг тодорхойлж явсан үндэстэн. Тэгэхээр тэр эзэнт гүрний хамгийн сайн уламжлал монголчуудад өнөөдөр хүртэл байгаа. Би хувьдаа монголчуудынхаа ухаалаг, асуудалд маш зөв байрнаас нь ханддаг, шинэ зүйлд дасан зохицох чадвартай, асуудлыг гаргаж ирээд шийдлийг хамтдаа хийдэг чадварууд олон зуун, магадгүй олон мянган жил дамжин ирсэн уламжлалын үр дүн байх гэж боддог. Дээр нь тэр уудам газар нутгаасаа хамгийн сайхан хэсгийг буюу голомтыг нь өнөөдөр бид эзэмшиж байгаа. Нөгөө талаасаа нүүдэлчин, малчин амьдрал бол миний бодлоор өнөөдрийн ойлгодгоор өндөр түвшний, өндөр стандартын амьдрал юм. Хэрвээ байгальд ээлтэй амьдралыг өндөр түвшний амьдрал гэж нэрлэдэг бол нүүдэлчдийн амьдрал бол хамгийн байгальд ээлтэй амьдрал. Нүүдэлчид хэзээ ч байгальдаа хог тарьдаггүй, нүүдэлчид хэзээ ч байгаль усаа ширгээдэггүй, түүнийгээ бохирдуулдаггүй. Байгальтайгаа зохицож амьдарч ирсэн гайхамшигтай уламжлал монголчуудад байдаг юм. Тийм учраас манай ард иргэдийн зүгээс байгаль орчинтой холбоотой тавигддаг шаардлагууд байдаг. Шударга ёсны ойлголт бол бас монголчуудын генд нь байдаг гэж боддог. Тийм учраас энэ шаардлагууд нэгэнт энэ түвшинд гарч байгаа учраас төр засгийн зүгээс тэдний тавьж буй асуудалд хэрхэн хариулж, хэрхэн шийдэл гаргах вэ гэдэг бол өнөөдрийн бодлого тодорхойлогчдын асуудал. Үнэхээр монголд асуудал байгаа бол бодлого тодорхойлогчдоосоо болж байгаа болохоос биш ард иргэдээсээ болж байгаа зүйл байхгүй гэдэгт би хувьдаа итгэдэг.

-Та өмнө нь уул уурхайгаас гадна бусад салбарыг хөгжүүлэх нь чухал гэж ярьсан. Улс үндэстний хувьд зөвхөн байгалийн баялагтаа түшиглэж амь зуух нь эрүүл бус үзэгдэл. Эдийн засагчид байгалийн баялаг ихтэй орнуудад голчлон тохиолддог “Голланд өвчин”-ий талаар ихээхэн ярьдаг. Австрали шиг баян, хүчирхэг эдийн засаг ч гэсэн энэ өвчинд мөн нэрвэгдсэн байдаг. Жишээлбэл, Дерт хотод очиход тэндээс сайн үйлчилгээ авахад хэцүү, учир нь хүмүүс халагдлаа ч гэсэн уурхайд очоод ажиллаж болно гэж боддог. Мөн Австралийн мөнгөн дэвсгэрт дэндүү чанга учир аж үйлдвэрлэл хөгжих боломж муутай. Энэ их мөнгөний урсгал орж ирэх үед Монголд үүн шиг буюу үүнээс ч дор нөхцөл байдал үүсэхээс хэрхэн сэргийлж болох вэ?
 
-Байнга л яригдаж ирсэн болгоомжлол. Мөнгөний бодлоготой холбоотой, мөнгөний ханш, түүний чангарах сулрахтай холбогдсон, төсвийн өсөлттэй холбоотой гээд олон асуудал байгаа. Бүрэн эрх нь дуусч буй Их Хурлын нэг сайн хийж чадсан зүйл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж чадсан явдал гэж би хувьдаа ойлгож байгаа. Энэ хууль маань 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Тэр хүртэл бид тодорхой шилжилтүүдийг хийх хэрэгтэй. Өөр нэг зүйл нь Австрали юм уу, бусад улс орнуудын жишээг авч үзэж байхад өнөөдрийн дэлхий ертөнцийг 10 жилийн өмнөхтэй юм уу, 5 жилийн өмнөхтэй харьцуулшгүй болсон. Монгол эдийн засгийн хэмжээгээрээ бусад том эдийн засгийн өсөлттэй өрсөлдөхгүй ч манай ард иргэд бусад хөгжилтэй улс орнуудад амьдарч байгаа ард иргэдтэй адилхан байгаа. Өнөөдөр мориндоо мордоод хониндоо явж буй хүн гар утас бариад явж байгаа. Орой нь гэртээ ирээд 60 гаруй телевизийн суваг үзэж байгаа. Сумын төв дээр интернет барьдаг газар интернет рүү орж байна. Өглөө нь босоод Улаанбаатарын зах дээр ноолуурын үнэ хэд байна гэдгийг 1000 км-ийн цаанаас шууд мэдэх, асуух боломжтой. Хэл ус мэддэг хүүхдүүдээрээ дамжуулаад монголчуудын тухай ямар мэдээлэл гарч байна, гадаадын зах зээл дээр монголын хөрөнгө, монголын компаниудын хувьцаа зарагдаж байгаа ханшны байдал ямар байна гэдгийг шууд харах боломжтой. Дэлхийн хүмүүсийн авч байгаа мэдээлэл ижил түвшинд хүрсэн явдал нь бас асуудлаа тухайн цаг үед нь зөвөөр хараад шийдээд явах боломжийг олгож байна. Өнөөгийн дэлхий ертөнц, энэ технологийн дэвшил ийм боломж олгож байгаад би хувьдаа их баяртай байдаг. Энэ боломжийг монголчууд ч гэсэн ашиглаж чадна гэж бодож байгаа.

 
-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, нэн ялангуяа гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хуучин Ерөнхийлөгч баривчлагдсан талаар, баривчлах үйл ажиллагааг тойрон бий болсон сонирхолтой нөхцөл байдлын талаар өргөнөөр мэдээлсэн. Та хэвлэл мэдээлэлд гарсан мэдээллийг үнэн зөв байдлаар мэдээлэгдсэн гэж үзэж байна уу? Гадаад орнуудад энэ баривчилгаа нь сонгууль угтаж хийгдсэн, баривчлах ажиллагаа нь ил тод байж чадаагүй зэрэг ойлголт үүссэн. Яг юу болсон талаар та өөрийн байр суурийг хэлэхгүй юу?

-Хэвлэлийн талаар, улс төрийн амьдралдаа, олон нийтийн тухайд миний барьдаг зарчим бий. Би хэзээ ч хэвлэлийг буруутгадаггүй. Хэвлэл мэдээллээр буруу юм уу, ямар нэгэн мэдээлэл гарсан байгаа бол би хувьдаа өөрийгөө л буруутгадаг. Бид өөрсдийгөө буруутгадаг. Яагаад гэвэл бид тийм шалтаг өгсөн, эсвэл тэр буруу ойлголтыг төрүүлсэн байгаа. Тийм учраас бид алдаагаа засахад байнга нээлттэй байгаа.

Монгол улсад авлигатай тэмцэхэд, хүний эрх, эрх чөлөө, хуулийн шударга хэрэгжилтийг хангахад бидэнтэй бүтээлчээр хамтарч ажиллая гэж байгаа бүх байгууллага, иргэд, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагад монгол улс нээлттэй байгаа. Авлига, мөнгө нь өөрөө том хүч. Зөвхөн тухайн улс орон дотор байгаа үзэгдэл биш. Тэр сүлжээ, тэр мөнгөний хүч бол хаана ч хүрч болдог. Дээрээс нь авлигатай тэмцэнэ гэдэг амар зүйл бишийг манай ард иргэд нийтээрээ харж байгаа байх. Зүгээр яриад орхидог, зүгээр тунхаглаад орхидог асуудал биш. Тодорхой үр дүнг шаарддаг, тодорхой хуулийн тэгш хэрэгжилтийг шаарддаг зүйл. Тийм учраас бид энэ үйл ажиллагаанд, болж байгаа үйл явцуудаас бас л монголын нийгэм суралцаж байгаа. Эндээс зөв сургамж аваад бид цааш явах ёстой.

Миний баримталдаг нэг зарчим нь шүүхээр аливаа хүний асуудал шийдэгдээгүй байхад хэн нэгнийг гэм буруутай, муу сайн гэж хэлэх ёсгүй гэж бодож байгаа. Манайд ч гэсэн тэр зарчим байдаг. Нөгөө талаасаа хууль хяналтын байгууллага, хууль зөрчсөн гэж үзэж байгаа этгээдийг, ямар ч иргэнийг шалгах, хуулийн дагуу асуух, тэр хүнээс тодруулга авах, хуулиар тавигдаж байгаа шаардлага биелэхгүй болбол хуулийн дагуу албадлага хэрэглэх, хуульд заасан арга хэмжээнүүдийг авах эрх нээлттэй байгаа.
 
Ерөнхийлөгчийн хувьд тэр бүхэнд нөлөөлөх ямар ч боломжгүй. Тэгэхээр бид хараат бус, яг хуульд бичсний дагуу хуулийн байгууллагууд ажиллах ёстой гэдэг зарчмыг хатуу барьдаг. Энэ зарчмаа Ерөнхийлөгчөөсөө эхлээд, жирийн иргэн ч баримтлах ёстой. Нөгөө нэг алтан зарчим нь хуулийн өмнө тэгш эрхтэй. Хэн нэгэн хүн илүү эрхтэй гэсэн ойлголт байхгүй. Энэ ойлголт, хуулийн шударга тэгш хэрэгжилт гэж яригдаад байгаа зүйл өнөөдөр монголд амьдрах гэж ядаж байна. Амьдрах гэж ядаж, хэрэгжих гэж ядаж байгаа тэр алтан зарчмыг бүгдээрээ хэрэгжүүлэхийн төлөө явах ёстой.
 
Таны асуусан асуулт олон нийтийн анхаарал татсан байх. Сүүлд нэг анхаарал татсан асуудал байгаа. Тэр нь тернозавор батаар динозаворын монголоос олдсон, монголоос гарсан байж магадгүй, бүхэл бүтэн яс Америкт зарагдах гэж байгаа тухай шуугиан гарсан. Бид 80 сая жилийн өмнө амьдарч байсан тэр тернозавор батаарыг аврах юм шиг байгаа. Монголоос гарсан бол бид эргүүлж авчирч чадна. Өнөө цагт монголчууд дахиад нэг динозавортай нүүр тулж байна. Энэ бол авлигал. Бид авлигал гээч динозавораас үнэхээр монгол улсаа, монголын ард түмнээ, тэдний эрх чөлөө, шинэ сонголтыг аварч чадах уу, үгүй юу? Нэг бол монгол авлигажсан, авлигал гэдэг динозаворын атганд орсон, түүнээс айсан ийм улс орон байх уу? Аль эсвэл динозавораа хуулийн буулган дотор оруулж чадсан улс орон байх уу? Ийм л хувь заяаны сонголт явагдаж байгаа.
 
-Сүүлийн асуулт минь бага зэрэг сонин байж магадгүй. Танай улс эдийн засаг, нийгэм, улс төрийн хувьд удахгүй эрс шинэчлэгдэх болов уу. Миний ажигласнаар монголын эмэгтэйчүүд эрчүүдээ бодвол эдгээр өөрчлөлтүүдэд дасан зохицох чадвар илүү өндөр, илүү бэлтгэгдсэн байх боломжтой. Энэ нь нийгмийн хуваагдал болон зарим асуудал үүсгэх магадлалтай. Та энэ талаар бодож байсан болов уу, үүнийг үнэний хувьтай гэж бодож байна уу?
 
-Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн оруулж ирсэн хувь нэмэр үнэхээр онцлог байдаг. Дээр нь монголчуудын эмэгтэй хүнд хандаж байгаа хандлага, ээждээ хандаж байгаа хандлага, эмээдээ хандаж байгаа хандлага, охид бүсгүйчүүддээ хандаж байгаа хандлага байна. Монгол хүний энэ хандлага гайхамшигтай. Ганц үгээр тайлбарлавал асар их гүн хүндэтгэлтэй ханддаг, эмэгтэй хүний ачийг асар их чандлан ханддаг хандлага. Нөгөө талаасаа тэр хандлагад манай эмэгтэйчүүд үеийн үед хүрч үйлчилж ирж чадсан хүмүүс гэж боддог. Эмэгтэй хүн миний хардгаар зовж зүдэрч хүмүүсийн нийгмийн асуудлыг бүрэн өнгөөр нь харж чаддаг гэж хувьдаа боддог. Гэртээ орж ирээд эмэгтэй хүн өвөө, эмээ нь цайгүй байгааг эмэгтэй хүн шууд мэдэрнэ. Хүүхэд нь уйлж байвал тэр эмэгтэй шууд сүүг нь хийж өгнө. Ядарсан зүдэрсэн хүмүүсээ, нөгөө талд нь чадалтай, эрчтэй нийгмийн хөдөлгүүрүүдээ харж чаддаг нь эмэгтэй хүнд байдаг онцлог чухал мэдрэмж юм уу гэж би хувьдаа бодож явдаг.

Тийм учраас эмэгтэйчүүдийг төрийн байгууллага, олон нийтийн байгууллагын өндөр дээд түвшинд бид дэмжиж ажиллах ёстой. Парламентад манай эмэгтэйчүүдийн эзэлж байгаа хувь маш доогуур байгаа. Орон нутгийн түвшинд гайгүй 30-40%. Боловсрол, эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүд зонхилох ажлыг хийдэг. Гэтэл улс төрийн шийдвэр гаргах дээд түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо их бага байгаа. Тэгээд бид сая сонгуулийнхаа хуульд өөрчлөлт оруулаад улс төрийн сонгуульд орох гэж байгаа намуудын нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэж тавьсан. Сонгуульд оролцож байгаа намуудын 76 нэр дэвшигчийн 15 нь эмэгтэй байгаа. Энэ шатлалаас бид цаашаа ахих байх. Авлигад идэгдсэн, авлигын сүлжээг бий болгосон эмэгтэй, эмэгтэй дарангуйлагч гэж сонсож байгаагүй. Эмэгтэйчүүдийг өндөр албан тушаалд хүргэхэд ямар ч намын өнгөтэй бай, батлахтай бай бодлогоор дэмжих нь зүйтэй. Энэ бол алдаагүй, зөв сонголт болно гэж итгэж явдаг. Би ийм итгэл үнэмшилтэй хүн. Нэг өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч эмэгтэй хүн болоосой гэж би хувьдаа боддог юм.
 
Эрх зүйн салбарын шинэчлэлтэй холбогдсон асуудал. Бид алдаа хийгээд байгаа юм шиг санагддаг. Эдийн засгийг хүний амьдралаас салгаад байгаа. Эдийн засгийн амьдрал, өсөлт хүндээ очихгүй байна гэж монголд ярьж байгаа. Гэтэл бид эдийн засгийг жирийн иргэний амьдралаас тусдаа зүйл гэж хараад байна. Бас эрх зүйн шинэтгэлийг жирийн иргэний амьдрал, эрх, эрх чөлөөнөөс тусдаа зүйл гэж хараад байх шиг байна. Энэ бол хуулийнхний асуудал, эдийн засаг гэхээр хөрөнгө оруулагчдын асуудал ч юм уу, эдийн засагт оролцож байгаа гол тоглогчдын асуудал гэж харж байгаа. Тэгэхээр эдийн засаг гэдэг нь жирийн ард иргэдийн маань амьдрал. Эрх зүйн шинэтгэл нь өнөөдрийн жирийн иргэн хүний амьдралыг хөнддөг. Яг тэдний амьдралын бүрэлдэхүүн хэсэг гэж харвал бидний шийдэл зөв болох байх аа. Өнөөдөр монголын эдийн засаг үнэхээр нэг өнгөтэй, нэг өнгө давамгайлсан, магадгүй уул уурхайн өнгө давамгайлсан, хөрөнгө мөнгө давамгайлсан, бүүр нүүрсний оролцоог нь харвал нилээн хар өнгө давамгайлсан өнгөтэй байгаа. Нэг өнгө давамгайлсан эдийн засгаас бидний хүсч байгаа эдийн засаг бол солонгын өнгө рүү, наад зах нь 7-н өнгөтэй, өнөөдрийн уул уурхай монголын эдийн засагт эзэлж байгаа байр суурийг бусад салбар руу ижил түвшинд болгосон ийм эдийн засаг руу шилжих хүсэл эрмэлзэл бидэнд байна аа.
 
Газрын холыг туулаад бидэнтэй ярилцахаар энэ сэдвүүдийг сонирхоод хүрч ирсэн эрдэмтэд, мэргэжилтнүүд, бидэнтэй санал бодлоо хуваалцах гэж байгаа хүмүүс, чуулганд зорьж ирсэн гадаад улс орны төлөөлөл, ялангуяа Киргиз улсын төлөөлөл, ирсэн бүх хүнд их баярлаж байна. Хоёр өдрийн хугацаанд үнэхээр энэ хэлэлцүүлэг нээлттэй байх болно. Тодорхой хугацааны дараа Монгол улс үнэхээр дэлхий нийтийн анхаарлыг татсан, дэлхий нийтийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж чаддаг, эдийн засаг нь эрчимтэй хөгжсөн, хүмүүс нь эрх чөлөөтэй, боловсролтой, ирээдүйдээ итгэлтэй, итгэлтэй замаа өөр өөрсдийхөө бодлогоор хэрэгжүүлж чадаж байгаа гайхамшигтай улс орон болно гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Энэ бүхэнд гол хөрөнгө оруулалт болох чуулган өнөөдөр Их тэнгэр гэдэг сайхан газар, ус агаар, зөв эрчим хүч бүрдсэн газар эхэлж байгаад баяртай байна.
 
Ингээд чуулганы үйл ажиллагаанд чин сэтгэлээсээ амжилт хүсч байна.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж