ОХУ-д Путины эсрэг сөрөг хүчнийхнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.01-нд нийтлэгдсэн

ОХУ-д Путины эсрэг сөрөг хүчнийхнийг баривчилжээ

“Өөр Орос” хөдөлгөөний тэргүүн Э.Лимонов, хүний эрхийн төлөө тэмцэгч Л.Алексеева нарын үүсгэн байгуулсан “Стратеги-31” арга хэмжээний хүрээнд Оросын сөрөг хүчнийхэн өчигдөр орой орон нутгийн цагаар 18.00 цагаас  /Улаанбаатарын цагаар 23.00 цагт/ Москвагийн Ялалтын талбай, Санкт-Петербург хотын төвд цуглаан зохион байгуулсан байна. Үүнээс үүдэн Москва, Санкт-Петербургт цагдаа нар сөрөг хүчний зуу гаруй хүнийг баривчилжээ.

Цагдаа нар эхлээд Москвагийн Ялалтын талбайгаас цуглаан эхлэхээс бүр өмнө нэгэн бүсгүйг баривчилж, түүний араас сөрөг хүчний хэд хэдэн зүтгэлтнийг саатуулжээ. Цагдаа нар хамгаалалтын дуулга өмсч баригдсан хүмүүсийг автобусанд оруулсан байна. “Өөр Орос” хөдөлгөөний тэргүүн Э.Лимонов ч баривчлагджээ.

Хэдийгээр бороо орж байсан ч хүмүүс Ялалтын талбай дээр цугларсаар байжээ. Цагдаагийн хүч асар ихээр цугларсан байснаас сөрөг хүчнийхний нарийвчилсан тоог гаргахад бэрхшээлтэй байсан байна. Цагдаа нар цугларсан хүмүүсийг тарж явахыг шаардаж хууль бус, зөвшөөрөлгүй цуглаан хийж байгааг сануулсаар байсан ч цуглаанд оролцогсод “Путингүй Оросын төлөө” хэмээн хашгиралдаж эхэлжээ. Тэгсний дараа баривчлах ажиллагаа өрнөжээ.

Оройн 22.30 цагийн байдлаар Ялалтын талбайгаас 120 хүнийг баривчилсан байна. Баривчлагдсан хүмүүсийн нэг болох 62 настай эрэгтэйн бие муудаж түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгджээ.

Санкт-Петербург хотын төв хэсэгт болсон цуглааны үеэр цагдаагийнхан хүмүүсийг баривчилсны дотор хотын сөрөг хүчний лидерүүдийн нэг хатагтай О.Курносова орсон байна. Ийнхүү Оросын том хотуудад Ерөнхийлөгч В.Путиныг эсэргүүцсэн цуглаан хийж буй ажээ.

Үйл явдал Улаанбаатарын цагаар урьд шөнө болжээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж