Эх үрсийн баярыг тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.01-нд нийтлэгдсэн

Эх үрсийн баярыг тэмдэглэж байна

Өнөөдөр Эх үрсийн баярын өдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэхүү баярын өдрийн нээлтийн үйл ажиллагаа орон даяар 11.00 цагт эхэллээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн төлөө газраас Нийслэлийн хүүхэд багачуудад зориулан Сүхбаатарын талбайд Эх үрсийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.

“Хүүхдийн баяр”-ын нэгдсэн ёслолын нээлтэд МУ-ын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн С.Батболд, МУ-ын Шадар сайд М.Энхболд, ЗГХА, Хүүхдийн төлөө газрын дарга Д.Алтай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр,  Нийслэлийн Заёсаг даргын орлогч, Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Цогзолмаа болон хүүхдийн байгуулагын удирдлагууд хүрэлцэн ирж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нээж үг хэллээ. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон юм. Тиймээс энэ жил гэр бүл рүү чиглэсэн ажлуудыг өрнүүлж байна. Тус агентлагаас энэ жил хүүхдийн баярт зориулан олон арга хэмжээг нийслэл, дүүрэг бүрт зохион байгуулж байна. Мөн хүүхэд багачуудад зориулан шинэ дуу, клипийн хамт бүтээсэн юм. Өнөөдөр нээлтэд Д.Чулууны ая, Я.Батзоригтын үг “Хүүхэд бүхэн жаргалтай” шинэ дуу хүүхдийн баярт  зориулан дуучин Ц.Амарболд, Д.Сүхбат, “Universe best songs” наадмын шилдэг оролцогч П.Өнөржаргал, Б.Өнөржаргал болон “Яруу эгшиглэн” хамтлаг”, “Цэнхэр бүч” чуулгын хүүхдүүд энэхүү дуугаараа мэндчилгээ дэвшүүллээ. Энэ өдөр Сүхбаатарын талбайд Үлээвэр найрал хөгжмийн үзүүлбэр, Монголын хүүхдийн ордоны 40 хүүхэд тайзнаа бүжин, “Мотив” хамтлаг, Гавьяат жүжигчин, дуучин Ч.Насантогтох, поп дива Наран нар ая дуугаа мэндчилэн хүхэд багачуудтай хамтдаа баярлалаа. Түүнчлэн Эх үрсийн баярын өдрийн нээлтэд Ардын жүжигчин Н.Сувд  Ногоон дарь эхэд хувилан хүүхэд багачуудад сургаалаа хайрласан юм. Энэ л өдөр хүүхэд бүхэн аз жаргалд умбан инээд, хөөрөөр бялхаж байдаг. Тиймээс тэдний хүслийг тээсэн бөмбөлөгүүдийн төр захиргааны удирдлагууд хамтдаа тэнгэрт хөөргөсөн юм.

МУ-ын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн С.Батболд хүслийн бөмбөлөг хөөргөхдөө “Бороо ороосой, зун цаг хурдан ирж, хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл биелэн жаргалтай байгаасай” хэмээн хүссэнээ хүхэд багачуудтай хуваалцсан юм.

Энэ л өдөр бяцхан үрсээ баярлуулахын хамт Нийслэлийн 2012 оны “Ачлалт ээж”-д шагнал гардууллаа. Эх үрсийн баяр хэдий ч монгролын сайхан аавуудыг ч магтан дуулж Сүхбаатарын талбайд хуран чуулсан аавуудаас нэг аавыг тайзнаа урин өнөр өтгөн аз жаргалтай амьдрахын бэлэгдэл болсон “матрушка”-гаар шагнасан юм.

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн монголын бүх сайхан эх үрстээ зориулан тайзнаа
“...Хүүхдийн хайрла
Ээжийг бас хайрла
Нарыг хайрла
Андыг бас хайрла
Хүслийг хайрла
Мөрөөдлийг бас хайрла
Хүнийг хайрла
Хүй орчлонг хайрла..
.” хэмээн эгшилэх “Нарыг хайрла” дуугаараа мэндчилгээ дэвшүүллээ. Мөн “Хар сарнай” хамтлагийн дуучин Амараа “Аз жаргал хүсье” хэмээн ая дуугаа өргөлөө. Хүүхдийн баярын үйл ажиллагаа одоо төв талбайд үргэлжилж байна.

Сүхбаатарын талбайд өнөөдөр 17.00 цаг хүртэл “Цэцэг” хамтлагийнхан үзэгч, фэнүүддээ тоглолтоо өргөн барих юм. Өнөөдөр тохиож буй “Эх үрсийн баяр”-аар  Монгол улсад маань 13 хүү, найман охин шинээр мэндэлсэн баяртай мэдээ байна.

Эх, үрс аз жаргалтай байг.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж