Зэсийн үнэ 400 гаруй ам.доллараар унав

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ 400 гаруй ам.доллараар унав

Европын холбооны өрийн хямрал шийдэгдэх найдвар буурахын
хэрээр эрдсийн болон хөдөө аж ахуйн түүхий эдийн үнэ ойрын хэдэн өдөр багагүй
хэмжээгээр доошилж байна. Зэсийн үнийн хувьд тавдугаар сарын дундуур 7980
ам.доллар/тонн байсан бол өнөөдрийн байдлаар 7500 гаруй ам.доллар/тонн болж
буурснаар энэ оны үнийн хамгийн доод түвшиндээ хүрээд байна. Испанийн зээлжих
зэрэглэл мягмар гаригт буурснаар ганцхан өдрийн дотор зэсийн үнэ 2.7 хувиар доошилжээ. Испанийн Засгийн газрын зээлжих зэрэглэл “
BB-” байсныг “B” болгож бууруулжээ.
Энэ нь тус улсын банкны салбарын тогтворгүй байдалтай холбоотой ажээ.

Зөвхөн зэс төдийгүй алтны үнэ ч нэлээд буураад байна. Алтны үнэ
өнөөдрийн байдлаар 1560 ам.доллар/унц байгаа нь тавдугаар сарын эхний үеийнхээс
100 ам.доллар/унц-аар буурсан үзүүлэлт юм.

Брэнт маркийн газрын тосны үнэ уржигдрын байдлаар сүүлийн
зургаан сарын хугацаан дахь хамгийн доод үзүүлэлтэд хүрч 106.8
ам.доллар/баррель болоод байсан бол өнөөдрийн байдлаар 103.5 ам.доллар/баррель
болжээ. Уг төрлийн газрын тосны үнэ дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 120
ам.доллар/баррель үнэтэй байсан юм.

АНУ-ын “WTI маркийн газрын
тосны үнэ ч мөн адил өнгөрсөн сарын сүүлээр 104 ам.доллар/баррель байсан бол
одоо 88 ам.доллар/баррель болж тухайн үеийнхээс 14 хувиар буурчээ.

Европын өрийн хямралын нөлөөгөөр түүхий эдийн зах зээл болон
АНУ, Азийн хөрөнгийн зах зээл нэлэнхүйдээ доошлох хандлага ажиглагдаж байна. Гэхдээ
Европын индекс өнөөдрөөс эхлэн ялимгүй өсөх хандлагатай болжээ. Өчигдрийн байдлаар Европын гол
гол индексүүд бүгд уналтад ороод байсан бол харин одоо Герман, Ирландын эдийн
засгийн эерэг үзүүлэлтийн мэдээллээр сэргэж эхэлж байна.

 

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж