“ЭЗ-ийн түншлэлийн хэлэлцээр” уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

“ЭЗ-ийн түншлэлийн хэлэлцээр” уулзалт болно

Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд, Япон Улсын Ерөнхий сайд Нода Ёшихико нар 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Токио хотноо хэлэлцээ хийх үеэр тус хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах албан ёсны хэлэлцээг эхлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Энэ дагуу Монгол, Япон улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээний анхдугаар уулзалт 2012 оны 6 дугаар сарын 4-ний даваа гаригаас 7-ны пүрэв гаригт Гадаад харилцааны яаманд болно.

Энэхүү хэлэлцээ нь бараа болон үйлчилгээний худалдаа, гарал үүслийн журам, гаалийн үйл ажиллагааны журам, хөрөнгө оруулалт, оюуны өмч, өрсөлдөөний бодлого, хамтын ажиллагаа, бизнесийн орчинг сайжруулах, худалдаан дахь техникийн хориг саад болон хорио цээр, ургамлын хорио цээр зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хамарна.

Хэлэлцээнд Японы төлөөлөгчдийг Япон улсын Гадаад хэргийн яамны орлогч сайд Шиничи Нишимия, Монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд В. Энхболд нар тус тус ахлах юм.

Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах нь хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа холбоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах төдийгүй Монгол, Японы хооронд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам болно гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж