Винус ирэх жил зодог тайлна

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Винус ирэх жил зодог тайлна

Талбайн теннисний оны хоёрдахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн Парис хотноо үргэлжлэн явагдаж байна. 1891 оноос гараагаа эхэлж өдгөө 111 дэх удаагаа зохион байгуулагдаж тус тэмцээний тэмцээний шагналын сан 17,71 сая евро бөгөөд ганцаарчилсан төрөлд түрүүлсэн теннисчин 1,25 сая евро хүртэх билээ. Тэмцээний зургадахь өдөр өнөөдөр эхэлж байгаа бөгөөд хоёрдугаар тойргийн тоглолтууд өндөрлөх юм. Мөн хосын болон холимог хосын тоглолтууд эхлээд байна.

Эмэгтэйчүүдийн хувьд эгч, дүү Уильямсууд ганцаарчилсан төрлийн тэмцээнээ дуусгаад байна.

Нэгдүгээр тойрогт “Их дуулга”-ын 13 түрүүт АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс чансааны 111-т эрэмбэлэгдэж буй эзэн орны теннисчин Виржини Раззанод 6:4, 6:7, 3:6-аар ялагдсан билээ. Харин өчигдөр болсон хоёрдугаар тойргийн тоглолтод эгч Винус Уильямс Польшийн Агнешка Радванскад (3) 2:6, 3:6-ийн харьцаагаар ялагдал хүлээлээ. Винус тэмцээний дараа хэлэхдээ “Надад энэ бүгдийг дуусгавар болгоно гэхэд үнэхээр хүнд байна. Үргэлж би эмчид хандаж цааш тоглохыг хүссэн ч миний биеийн хүч хүрэхгүй нээ. Надад алхах бүрд хүнд байгаа энэ үед, бурхан минь би ингээд дуусгаж байгаагаа хэлэхэд хэцүү байна. Теннисний спорт бол өөрөө мэргэжлийн хүнд спорт. Үргэлж залуу тоглогчид шинээр гарч ирж улам хүчтэй болж байгаа энэ үед хөгжөөн дэмжигчид надаас их зүйл хүсч байгаа ч цааш тоглоход улам хүнд байна. Ийм зүйл ямар ч спортод тохиолдож байдаг билээ. Надад одоо энэ бүгдийг дуусгах хугацаа болсон мэт санагдана” хэмээсэн байна. Тэрбээр ирэх жилийн “Францын нээлттэй тэмцээн”-ий дараа зодог тайлж магадгүй гэдгээ энэ үеэр илэрхийлсэн байна. Түүний хувьд "Их дуулга"-ын долоон түрүүг хүртэхдээ Автралийн нээлттэй тэмцээн болон Францын нээлттэй тэмцээнд түрүүлж чадаагүй билээ.

“Их дуулга”-ын долоон түрүүт, Сидней болон Бээжингийн олимпийн хосын төрөлд аваргалж байсан цагтаа (2002.02.25) WTA-ын чансааны тэргүүнд бичигдэж байсан, АНУ-ын нэрт теннисчин Венус Уильямс өнгөрсөн жилийн Америкийн нээлттэй тэмцээний дараагаас гэмтлийн улмаас (Sjogren Syndrome) теннисний талбайгаа орхиод байсан билээ. Зургаан сарын турш талбайд гараагүй байсан тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард “Sony Erisson Open” тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд тус тэмцээний хагас шигшээд Польшийн Агнешка Радванскад 4:6, 1:6-аар ялагдаж байжээ. “Family Circle Cup”, “Madrid Open” болон Ромын нээлттэй тэмцээнд амжилттай оролцож чансаагаа 52 хүртэл ахиулсан түүний хувьд энэ жилийн “Францын нээлттэй тэмцээн”-ийг хоёрдугаар тойргоос орхилоо.

Харин Серена Уильямсын хувьд ганцаарчилсан төрлийн тоглолтоо дуусгасан ч холимог хосын төрөлд нутаг нэгт Боб Брайнтай хослон тоглолоо. Тэд эхний тоглолтоо Аргентиний хостой хйисэн боловч 5:7, 6:3, 6:10-аар ялагдсан байна. Харин тэдний хувьд ирэх олимпийн тоглолтод хослон тоглох аж.

Эгч, дүү Уильямсууд “Их дуулга”-ын хосын төрөлд 12 цом хүртэж улмаар 2000, 2008 оны олимпийн наадмын алтан медалийг авч байсан билээ. Тэд ирэх сард болох “Уимльбдон”-ын хосын төрөлд оролцох бөгөөд Винусийн биеийн байдлаас шалтгаалан олимпийн тоглолтод оролцох нь тодорхой бус байгаа билээ.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж