Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Адармаатай сонгууль

УИХ-ын энэ удаагийн сонгуулийн санал тоолох ажлыг автомат “машин” хийх гэж буй. Тиймээс сонгогчдын саналыг тоолж, сонгуулийн дүн гаргах ажил урьд өмнөхөөс хавьгүй хялбар, бас харьцангуй алдаа мадаггүй гарах боломжтой болжээ.

Харин саналын хуудас авч нэр дугуйлж хайрцганд хийчихээд, хуруун дээрээ бэх түрхүүлж аваад гараад явчихдаг байсан сонгогчдын хувьд нэлээд адармаатай сонгууль болох гэж байна. Үүнийг парламентын сэтгүүлчид СЕХ дээр сургалтад сууж, автомат машинтай танилцахдаа мэдэрлээ.

Юуны өмнө энэ удаа сонгогчдод Сонгогчийн үнэмлэх очихгүй. Өөрсдөө сонгуулиас өмнө сонгуулийн хэсэг дээрээ очиж нэрээ тулгаж шалгаж үзэх ёстой. Эсвэл Бүртгэл.mn сайт руу орж сонгогчдын жагсаалтад өөрийнхөө орсон эсэхийг нягтална.

За тэгээд нэрээ жагсаалтад баттай орсныгоо мэдэж авсан сонгогч зургадугаар сарын 28-нд саналаа өгөхөөр иргэний үнэмлэхээ аваад хэсгийн хороо руугаа зүглэнэ дээ. Энэ чинь ажлын өдөр байна шүү дээ гэж эргэлзэх хэрэггүй. Ажлын өдрийг амралтын болгон өөрчилж УИХ-ын сонгуулийг зохион байгуулах гэж байгаа юм. Ажил төрөл гэлгүй сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэсний цаана санал хураалтыг 07.00-20.00 цагийн хооронд явуулах тул битгий хоцроорой гэсэн давхар санаа.

Өмнөх сонгуулиуд шиг 22.00 цаг хүртэл сонгуульдана гээд оройн сэрүүнээр хэсгийн хороогоо зүглэвэл аль хэдийнэ санал хураалт дуусаад сонгуулийн дүн гарчихсан байх вий. Хорин цагаас хоцорч очоод хэсгийн хорооны үүдэнд хэчнээн бужигнаж үүд хаалгыг нь нүдсэн ч галт тэрэг явчихсан, таны саналыг хүлээлгүйгээр шинэ УИХ бүрдчихсэн байна гэсэн үг.

Сонгогч саналаа өгөхөөр хэсгийн хорооны хаалгаар ормогц хэсгийн ажилтанд хурууны хээгээ шалгуулна. Хэсгийн хороо бүр дээр сонгогчдын хурууны хээний сан очсон байх ба таны хурууны хээ тухайн хэсгийн хороонд очсон хээтэй тохирвол сонгогчийн бүх мэдээлэл компьютер дээр гарч ирэх юм. Мэдээллийг иргэний үнэмлэхтэй нь тулгасны дараа сонгогчийн гарт саналын хуудас атгуулна.

Саналын хуудасны дээд хэсэгт тухайн тойрогт нэр дэвшигчдийн нэрс, доод хэсэгт нам, эвслийн нэр, хуудасны ар талд нийслэлийн ИТХ-д дэвшигчдийн нэрс байх аж. Түрүүчийн сонгуулиудынх шиг нэрсийн өмнөх дугаарыг дугуйлж зурахгүй, тийм дугаар ч байхгүй, харин нэг бөөрөнхий дүрс бий. Тэр дугуй дүрсийг тусгай зориулалтын балаар дүүртэл нь будах юм байна. Цэцэрлэгийн насаа эргэж дурсаад цулгуй бөөрөнхий дүрсийг будаж дүүргэнэ гэсэн үг. Хагас будаад орхих юм уу, илүү гаргаад будчихвал, эсвэл өөр тэмдэглэл хийвэл саналын хуудас хүчингүй. Сонгогч тухайн тойргийн мандатын тоонд тохируулан нэр дэвшигчийн нэрийн өмнөх бөөрөнхийг будаад, бас нам, эвслээс зөвхөн ганцын өмнөх дугуйг будна. Нэг сайн тал нь нэр дэвшигчийг алдаж тэмдэглээд намыг зөв тэмдэглэсэн байлаа гэхэд саналын хуудас бүхэлдээ хүчингүй болохгүй, зөвхөн алдаатай хэсэг нь хүчингүй, зөв нь хүчинтэйд тооцогдоод явах нь.

Ингээд саналын хайрцаг руу шууд алхахгүй ээ. Саналын хуудсаа гялгар хавтсанд хийх ёстой. Хавтасласан хуудсаа хэсгийн хорооны ажилтанд харуулж шалгуулна. Тухайн хавтасны сонгогчийн тэмдэглэл хийх ёстой хэсгийг зориуд харлуулсан байх тул сэтгэл зовох асуудалгүй. Хэрэв саналын хуудас хүчингүй болохоор илүү юм хийсэн байвал дахин нэг удаа хуудас авч бөглөж болох ба хэсгийн хорооны ажилтан өмнөх хуудасны дээд өнцгийг хайчлан хүчингүй болгож бүртгэх ажээ. Саналын хуудсан дээр гарын үсгээ зурах юм уу, “Мандтугай”, “сөнөтүгэй”, “ялтугай” гээд элдвийн юм сараачдаг саваагүй нөхдийн хуудсыг хурааж дахин бөглүүлнэ гэсэн үг.

Хэрэв саналын хуудсанд элдэв “но” илрээгүй бол сонгогч саналын хуудсаа хавтаснаас нь гарган автомат машинд хийх юм. Энэ бүх процессийг дүрсжүүлж хадгалахаас гадна машин хуудасны хоёр талын зургийг авч санах ой болон флашинд давхар хадгална.

Сонгогч хэсгийн хорооноос гарахдаа хуруугаа будуулж бухимдахгүй. , Санал өгсөн тухай тасалбар авна. Энэ тасалбар гурван хувь хийгдэж хоёр нь хэсгийн хороонд үлдэх юм байна. Ингэсний дараа л сонгогч хэсгийн хорооноос гарна. Сонгогчийн хувьд ийм ажиллагаа ихтэй тул эхлээд “дадлага” хийлгэх хэрэгтэй юм шиг. Телевизээр үйлдлийг нэг бүрчлэн харуулдаг ч юм уу. Гайгүй гавшгай сонгогч гурван минутад хийлээ гэхэд будлиу нэг нь арван минут ч эргэлдэж мэдэхээр санагдсан.

Сонгогч саналын хуудсаа бариад кабинд орохдоо дээшээ харах хэрэгтэй юм билээ шүү. Тэнд яах ёстойг бичсэн заавар бий. Сонгууль будилуулах гэсэн оролдлого сонгогчийг эрүүгийн ялд унагаж мэдэх хүнд заалт Сонгуулийн хуульд оржээ. “Саналаа миний төлөө өгөөрэй” гэж захисан хүний даалгаврыг хэрхэн биелүүснээ баталгаажуулах гэж саналын хуудасныхаа зургийг авбал, гаднаас өөр саналын хуудас авч орвол, мөн саналын хуудас авч гарах гэж оролдвол, өгсөн саналаа бусдад харуулбал бүгд шийтгэлтэй. Нэр дэвшигчээс мөнгө нэхэн, дарамтлах зэргээр авирлавал хэрэгт татагдана. “Төрийг мэхэлсэн” хэргээр доод тал нь 14 хоног баривчлагдахаас гадна ноцтой бол эрүүгийн хариуцлага хүлээх юм байна.

АНУ-аас авчирсан санал тоолдог автомат машин тусгай түлхүүр цоожтой.  Түүний түлхүүрийг хэсгийн хорооны даамал хариуцна. Сонгууль эхлэхэд даамал машиныг нээж харуулаад буцаан цоожилж санал хураалт дуусч саналыг тоолж гүйцтэл түлхүүрийг хүзүүндээ тас зүүнэ. Зангиа шиг бөх бат сайхан оосортой эд байна лээ. Автомат машин бүр нууц үгтэй. Түүнийг зөвхөн хэсгийн хорооны дарга мэдэх учиртай. Түлхүүртэй нь нууц үгээ мэдэхгүй, нууц үгтэй нь түлхүүр барих эрхгүй.

Ийм нэг адармаатай сонгуульд сонгогчид эртнээс бэлтгэж байх хэрэгтэй болжээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж